Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байна

Б.Даваахүү
2015 оны 9 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

Өнөөдөр Бүгд Найрамдах Хятад ард улсын  Бээжин хотноо Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн баяр буюу дэлхийн хоёрдугаар дайн дууссаны түүхт 70 жилийн ойн баярын томоохон цэргийн парад зохион байгуулагдана. Энэхүү парадад 12 мянган цэрэг, 500 гаруй цэргийн техник хэрэгсэл, 200 гаруй байлдааны болон цэргийн нисэх онгоц оролцох гэнэ. 

Нийт 12 мянган цэргийн 1,000 нь гадаадын 17 орноос ирсэн цэргийн алба хаагчид байгаа аж. Эдүгээгээс 70 жилийн тэртээ 1945 оны долдугаар сард АНУ, Англи, Хятад /дараа нь ЗХУ л оролцсон/ улсууд Японыг бууж өгөхийг шаардсан “Потсдамын мэдэгдэл”-ийг гаргаж байсан гэдэг.

“Потсдамын мэдэгдэл” нь АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч Харри Трумэн, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль, Хятадын дарга Чан Кайпши нарын хамтран гаргасан 13 зүйл заалт бүхий мэдэгдэл бөгөөд Японы Засгийн газрыг ямар нэг болзолгүйгээр бууж өгөхийг анхааруулсан байдаг аж. 

Бусад орнууд бууж өгсний дараа ч үргэлжлүүлэн дайтсаар байсан Япон энэ мэдэгдлийг хүлээн авснаар Дэлхийн хоёрдугаар дайн дуусч байсан түүхтэй. Тодруулбал, 1945 оны наймдугаар сард Японы Засгийн газар мэдэгдлийн хүлээн авч буйгаа зарлаж, харин есдүгээр сарын 2-ны өдөр ямар ч нөхцөлгүйгээр бууж өгөх бичигт гарын үсэг зурж байжээ. 

Харин үүний маргааш буюу есдүгээр сарын 3-ны өдрийг Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын баярын өдөр буюу дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр болгон тэмдэглэдэг билээ. Мөн баярыг орон даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс эл гурван өдрийг албан ёсоор амралтын өдөр болгон зарлаж буйгаа Си дарга өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан юм.

 

Өмнөд хөршийн хувьд сүүлийн үед эдийн засгийн байдал нь савлагаатай байгаа ч, баярын парадын бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулсаар байсан юм. Гэхдээ Коммунист намын зүгээс хөрөнгийн зах зээлийн хямралыг даван туулахыг хичээж буйн зэрэгцээ үүний улмаас нийгмийн байдалд үүсч болзошгүй эрсдэлд санаа зовниж буй тухай “Вашингтон пост” сонин уламжилсан байна.

Баярын парадад уригдан оролцох хүндтэй эрхмүүдийн жагсаалтаас сонирхвол, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Бүгд найрамдах Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нарын хүмүүс оролцох бөгөөд  АНУ, Австрали, Индонез зэрэг зарим орны удирдагчид оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн оролцох нь тодорхой болоод байна. Ийн онцолсоны шалтгаан гэвэл Японы Засгийн газар  НҮБ нь “дундын” байр суурийг баримтлагч байгууллага тул есдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулагдах Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох эсэх нь эргэлзээтэй гэх байр суурийг илэрхийлсэн нь олны дунд таамгийг үүсгээд байсан юм.

 

Харин НҮБ-ын төлөөлөгч  Стефан Дужаррик энэ онд Польш, Украин болон ОХУ-д зохиогдсон ялалтын парадад Бан Ги Мүн оролцсон тул энэ удаагийн Хятадад зохиогдох Японы түрэмгийллийн дайны ялалтын парадад ч оролцох нь тодорхой зүйл хэмээн мэдэгдсэнээр таамгийг үгүйсгэсэн. 

Түүнчлэн, Япон болон тухайн үед Японыг дэмжиж байсан орнуудын удирдагчид  урилгаас татгалзсан аж. Өнөөдөр Тяньанмэний талбайд болох парадын сүр хүчийг илтгэх цэрэг, дайны зэр зэвсэг, техник хэрэгсэл ч дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж байна. Цэргийн шинжээчдийн үзэж буйгаар  баярын жагсаалын үеэр БНХАУ зэвсэгт техникийнхээ 80 хувийг үзүүлнэ гэж таамаглаж байна.

Тэр дундаа өмнө нь хэзээ ч нийтэд дэлгэж байгаагүй бөмбөгдөгч  долоон төрлийн онгоцоо харуулна гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Тэгвэл Хятадын ардын армийн бөмбөгдөгч, байлдааны, тээвэрлэгч онгоцууд парадад оролцох гэнэ. Тухайлбал, сөнөөгч  KJ200 онгоцны хэд хэдэн төрөл, мөн шинэ загварын  Kj500 онгоц байна.  KJ онгоцууд нь  агаарын ямар ч байг, түүний дотор доогуур нисдэг, бараг анзаарагдамгүй байг ч онож чаддаг байна.  

 

Харин H6K зэрэг стратегийн бөмбөгдөгч онгоцнууд нь энэ удаа л хамгийн анх Тяньанмэний талбай дээгүүр нисч олонд танилцуулагдах  аж. Мөн J-15 тээвэрлэгч онгоц ч парадад оролцох бөгөөд иргэд олон нийтийн дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байна. Зэвсэг хэрэгслийн тухай товчхон мэдээллийг хүргэхэд Ардын армийн 27 ширхэг T-99 танк анх удаа мөн Тяньанмэний талбайд сүр хүчээ үзүүлэн эгнэх бололтой. 

Эдгээр танкнуудын нэг бүрийн жин нь 60 тонн. 1,500 морины хүчтэй, дизель хөдөлгүүртэй, 125 мм-ын их буутай, цагт 80 км/ц хүртэл хурдлах чадвартай аж. Мөн танк эсэргүүцэх зэвсгээс бүрэн хамгаалагдсан байна. Үүнээс гадна сүүлийн үеийн дижитал дүрслэлийн системээр тоноглогджээ. Энэ мэт Хятадын армийн сүр хүчийг харуулсан зэр зэвсэг, техник хэрэгслүүд  өнөөдөр Бээжингийн Тяньанмэний талбай дахь цэргийн парадад оролцох юм байна. 

Зураг