Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнхбат: 487 мянган хүн тусгаар тогтнолынхоо төлөө нэгдэж чадсан

С.Уянга, Зууны мэдээ
2015 оны 8 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойтой холбогдуулан МҮИС-ийн дэд профессор, Монгол судлалын төвийн захирал Д.Мөнхбаттай ярилцлаа.

-Монголчуудын чөлөөлөх дайнд орох болсон түүхэн нөхцөл шалтгаан юу байв. Энэ дайнд оролцсоноор Монгол Улс юу хожсон бэ?

-Дэлхийн II дайны төгсгөл Ази тивд дууссан байдаг. Энэ дайны үндсэн фронт нь Европод Орос, Германы дөрвөн жил үргэлжилсэн том дайн боловч төгсгөлийн хэсэгт нь БНМАУ-ын Засгийн газар ЗХУ-тай холбоотон болж 1945 оны наймдугаар сарын 10-нд Японы эсрэг дайнд орсон.

Чөлөөлөх дайн нь Зүүн хойд Хятадад ноёрхож байсан Японы импералистуудын цэргийн хүчийг гаргаж, үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулсан явдал. Энэ дайнд ЗХУ орсон явдал нь шалтгаантай. 1945 оны тавдугаар сарын 9-нд Германы Берлин хотноо ялалтын туг мандуулаад Гитлерийн Герман үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зурсан байдаг.

Тэгээд Зөвлөлтийн улаан арми тэргүүн эгнээнийхээ фронтыг эх нутагтаа татаад энэ дайныг Европод унтраагаад орхих байсан. Гэтэл дайны үргэлжлэл Ази тивд ассан. Тэр нь Зүүн хойд Хятад. Газар зүйн байрлалын хувьд Оросын Алс дорнодод аюултай нөхцөл байдал үүсгэж байгаа юм. Эндээс БНМАУ-д ямар ачаа ирсэн бэ гэхээр 1921 онд Ардын хувьсгал ялсан.

1924 онд анхдугаар үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо зарлахад тухайн үеийн Зөвлөлт Оросоос өөр БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ганц ч улс байгаагүй.

Тэгээд 1945 онд Ялтад болсон бага хурлын үсэр Чан Кай Ши-гийн Засгийн газраас Зүүнхойд хятадаас Японуудыг хөөж өгөөч гэсэн хүсэлтийг И.Сталинд тавьсан байдаг. Хариуд нь И.Сталин энэ дэлхий дээр дайныг нэг мөсөн дуусгаж болно. Гэхдээ БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр гэсэн ганцхан болзлыг тавьсан байна. Энэ бол Хятад улс төрийн хүнд нөхцөл байдалд орж байна гэсэн үг.

Тэгээд гурван сарын дараа буюу 1945 оны наймдугаар сард Чан Кай Ши-гийн хүүхэд, Хятадын Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч дахиад И.Сталинтай уулзахад өмнөх болзол дээр хатуу тогтож байсан. Тэгээд зүүн хойд Хятадыг японуудаас чөлөөлүүлэхийн тулд Зөвлөлтийн тусламж хэрэгтэй байсан учраас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд орж байгаа юм.

-Хятадын Засгийн газраас монголчуудын дунд санал асуулга явуулахад нэг өдрийн дотор 487,000 хүн цугласан баримтыг уншиж байсан. Тэр үеийн тархай бутархай нөхцөлд тусгаар тогтнолынхоо төлөө ингэж цуглана гэдэг гайхалтай  явдал шүү?

-Хятадын Засгийн газар дотроо бол БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд орсон ч гаднаа монголчуудаас бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон. Зарим судлаачид үүнийг хятад хүний нэрэлхүү зан гэж бичсэн байдаг юм. Тэгээд 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр монголчууд XX зууны түүхэнд анх удаа төрийнхөө тусгаар тогтнолыг баталгаажуулсан байдаг. Энэ өдөр бол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, мал аж ахуй голлосон монгол орны хувьд өвлийн уур амьсгал орсон, цаг эргэсэн үе байсан ч тархай бутархай, хоршоо нэгдэлд ороогүй байсан малчид аймгийн төв рүүгээ хэдэн бээрийн газраас ирж саналаа өгсөн байдаг.

Тэгэхээр хагас өдөрт 487,409 хүн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө нэгдэж чадсан. Тухайн үед нэг өдрийн дотор сонгуулийн насны бүх хүнийг хамруулахын тулд морин өртөөг эрчимтэй сэргээж, сэлбэж ажиллуулжээ. 

Тэгэхээр Монгол Улс энэ дайнаас юу хожив гэхээр тухайн үеийн БНМАУ-ын тусгаар тогтнол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үндсэн суурь нөхцөл нь болсон. Ер нь бол 1921 оны Ардын хувьсгалын дараах хамгийн том нийгэм улстөрийн үйл явц бол энэ дайны ялалт юм гэж судлаачид үзэж байгаа.

-Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө нэгдэж чадсан. Мөн хэдэн мянган дайчин баатарлагаар амь эрсэдсэн энэ дайны үнэ цэнийг хойч үедээ мартуулахгүйн тулд яах ёстой вэ?

-1990-ээд оны өмнөх үед дунд сургуульд үздэг байсан Д. Пүрэвдоржийн “Хар цас”, Ш.Сүрэнжавын “Хөх даалимбан тэрлэг”, Д.Сэнгээгийн “Өвгөн партизаны яриа” гээд авьяаслаг зохиолчид сод бүтээлүүддээ эх орны үнэ цэнийг нүдэнд харагдтал бичсэн байдаг.

Тэр үед дунд сургуульд уран зохиолын хичээлийг долоо хоногт хоёр удаа үздэг байв. Харин өнөөдөр уран зохиолын хичээлийн цаг багасч, ялалтын үнэ цэнэ, тусгаар тогтнолыг гавьяаг мартах гээд байна уу гэж бодогдох юм. Нэг жишээ хэлэхэд, өнгөрсөн тавдугаар сард би Халх голын дайны ялалтын баяраар ОХУ-ын Новосибирск хотод байлаа. 

Тэндээс нэг зүйлийг ажигласан. Хоёр сая хүн амтай тэр хотын гурван настай жаал хүү дэлхийн II дайнд миний эх орон яаж зүдэрсний, манай хотоос энэ дайнд хэдэн хүн яваад хэд нь эргэж ирээгүй, ЗХУ-ын ийм ийм баатрууд төрсөн гээд дуржигнатал ярьж байна. Би монгол хүүхдийг ийм хэмжээнд хүргэх юмсан гэж бодоод бахархаж суусан. Ер нь Оросын аль ч хот тосгонд очиход дайнд явсан хүмүүсийн нэртэй дурсгалын багана байдаг. Фронтод амь үрэгдсэн баатруудаас эхлээд энгийн дайчдын нэрс бүгд бий.

-Манай улсын хувьд Дорноговь аймагт зургаан баатрын хөшөө бий. Дайнд оролцсон хүмүүсийг бүх аймаг сумаар нь хувааж, дурсгалын самбар босгох судалгаа хангалттай хийгдсэн үү?

-Дорноговь аймгийнх бол зөвхөн баатруудын хөшөө. Эх орныхоо дуудлагаар буу үүрээд гарсан эгэл хүмүүсийн нэр байх ёстой. Тэгээд би Монгол Улсын 21 аймгийн бүх суманд хүндэтгэлийн багана босгоод Халх голын, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон хүмүүсийн нэрийг бичих юмсан гээд хүмүүстэй уулзаж, хайж үзсэн. 

Эх орныхоо дуудлагаар буу үүрээд гарсан эгэл хүмүүсийн нэр байх ёстой. 

Гэтэл миний дотны анд Батлан хамгаалах яамны архиваас дайнд оролцсон хүмүүсийн мэдээллийг шүүж гаргасан байгаа юм. Бүр аймаг, сум бүрээр нь мэдээллийг нь цуглуулсан гэсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд их мөнгө орохгүй, сэтгэл л хэрэгтэй. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр  ярьж байгаа.

-Чөлөөлөх дайнд оролцсон ардын армийн цэргүүдээс эсэн мэнд буцаж ирсэн, амь үрэгдсэн, сураггүй болсон гэсэн нарийн тоо судалгаа хэр байдаг юм бол?

-Хамгийн сүүлийн мэдээллээр чөлөөлөх дайнд БНМАУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс. 21,000 цэрэг оролцсон гэсэн тоо бий. Харин 1990-ээд оноос өмнө үзэл сурталжсан нийгмийн үед 80,000 цэрэг оролцож Японы нэг сая гаруй хүнтэй армийн эсрэг байлдсан гэж үздэг байсан. Сураггүй болсон цэргүүдийн талаар янз бүрийн тоо байдаг боловч нэгдсэн баримт одоогоор алга.

-Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эвдэж, Японы томоохон бүлэглэлийг устгасан тулаан ялалтын шийдвэрлэх үе байсан. Энэ талаар тодруулаач?

-Хамгийн шийдвэрлэх тулгаралт бол 1945 оны наймдугаар сарын 20-нд Жанчхүүгийн даваанд болсон. Жанчхүүгийн даваа бол 1942-1943 оны үеэс Японы цэргийн гарнизонууд байрлаж байхдаа маш том саадуудыг хийсэн газар. Япончууд ч энэ бэхлэлтэд их найдаж байсан. Л.Аюуш, Жанчив гээд Монгол Улсын баатруудын баатарлаг үйлс тэнд бүгээгдсэн байдаг юм.

Түүхэнд бичихдээ 24 цаг тулалдаж байж байлдааныг хяналтандаа авсан энэ тулаанд БНМАУ-ын журамт цэргийн бие бүрэлдэхүүнээс 13 цэрэг түрүүч офицер амь үрэгдсэн гэсэн мэдээлэл бий.

-ОХУ-ын түүхч А.А.Жуков “Чөлөөлөх дайны түүх хангалттай судлагдаагүй” гэж хэлж байсан. Манай улсад судалгаа ямар төвшинд байна вэ?

-Энэ их зөрчилтэй 1990-ээд оноос өмнө бид Оросын түүхчдийн судалгааны бүтээлийг орчуулж тавьж байсан. Түүнээс хойш арай бодитой болж байна. Оросын түүхчид манай түүхчдийг японуудын санааг няцааж, нотолж чадахгүй байна гэж шүүмжлэлтэй ханддаг. Японууд Халх голын дайн бол хилийн будлиан, мөргөлдөөн байсан мэтээр ярьдаг. Гэтэл 1939 оны дайн л нэг өдөр 1,000 гаруй онгоц агаарт мөргөлдсөн гэх баримт бий.

Мөн манай улсын иргэн, цэргийн түүхчдийн дунд нэгдмэл болоогүй зүйлүүд бий. Халх голын дайныг АНУ-ын түүхчид маш их судалсан “Вашингтон пост” сонинд Халх голын дайны үйл явцыг мэдээлээд яваад байсан байгаа юм. Хожим 1951 онд Солонгосын Хойгт АНУ, Солонгосын дайн эхлэхэд АНУ-ын Батлан хамгаалах яамны дээд командлал ЗХУ Монголчуудад яаж ямар шугамаар тусалсан гэдгийг судлуулсан байгаа юм. Ер нь АНУ-ын судлаачид Японд очиж архивт нь суугаад, сурдаг сургуулийг нь төгсөөд эрдмийн ажил хамгаалсан байдаг. Т эгэхээр баримт эх сурвалжийн хувьд нэлээд бодитой гэсэн үг.

Харин манай улсын хувьд Халх гол , Чөлөөлөх дайныг судлах гол ажлыг БХЯ-ны дэргэдэх Цэргийн  түүхийн төв хийж байна. Мөн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал талийгаач Ч Дашдаваа гуай. Японд очоод бүх мэдээллийг цуглуулж судалсан байдаг юм. Сүүлийн үед албаны шугамаар гадаад дотоодоос судалж байгаа хүмүүс бий.

-Ялалтын баярыг нийслэлд өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас гадна Сүхбаатар Дорноговь аймагт тэмдэглэн өнгөрүүлсэн. Дорноговь аймагт хуягт бригад, их бууны хороо байрласан гээд оролцоо ихтэй, онцлог байсан. Энэ талаар товчхон мэдээлэл өгвөл?

-Дорноговь аймагт анги нэгтгэлүүд байрлаж хүч хуралдуулж байсан гээд онцлог чухал ач холбогдолтой зүйл их бий. Хамгийн гол нь Чөлөөлөх дайн хэдийгээр газар нутаг дээр нь болоогүй ч энэ дайны хамгийн хүнд хэцүүг харьцангуйгаар Дорноговь, Сүхбаатар аймгийн иргэд үүрсэн байдаг. Учир нь цэрэг татлага зохион байгуулахдаа армийн бие бүрэлдэхүүн дээр цэргийн насны хүмүүсийг Дорноговь, Сүхбаатараас татсан тэгэхээр хилийн цаана болж байгаа байлдааны хүнд бэрхийг илүү мэдэрсэн хэрэг.

Зураг