Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Н.ГУМИЛЕВ: Хүннүчүүдийн дотоод бодлого

МОНСУДАР
2015 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

«Улс гүрнийг морин дэл дээр байгуулж болно, гүрнийг морин дэл дээрээс удирдаж болохгүй» гэж Чингис хааны үеийн улс төрийн энэрэнгүй зүтгэлтэн Елюй Чуцай хэлсэн гэдэг. Үүнийг Хүн гүрнийг үндэслэгч Модун шанью ойлгож байжээ.

Захиран жолоодох амьдралынхаа сүүл рүү тэрээр хятадын дүрвэгсдийг өргөн ашиглаж хятадын хаан ордонтой харьцах дипломат ажиллагаандаа хэрэглэдэг байв.

Лаошань-шанью эцгийнхээ замаар явсан бөгөөд Хятадын элч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хүчээр орж ирсэн тайган Юе-г өөрийнх нь талд оръё гэхэд нь дуртайяа хүлээн авч асрамжилжээ.

«Юе хүн ам, мал сүрэг, эд хогшил тоолох, данс хөтлөхөд шанью-гийн ойр дотныхныг сургасан байна». Энэ арга хэмжээ хүн гүрний дотоод хэрэгт асар том эргэлт болжээ. Шанью болон түүний ойр дотныхонд (тэд бүгдээрээ түүний төрөл төрөгсөд байв) орж ирж буй татварыг шанью-гийн ургийнханд хуваана, энэ нь Модун өөрөө ч мөрөөдөж чадахааргүй тийм их бололцоог шанью-гийн гарт өгчээ.

Түүний шууд үр дагавар болж шанью-гийн «Тэнгэр, газраас төрж, нар сарнаас тавигдсан хүн нарын аугаа их шанью» гэсэн хэргэм буй болжээ. Засаглах эрх ингэж «бурхны ивээлээр» тодорхойлогдов, бусад нь эсэргүүцэх бус, захирагдах үүрэгтэй. Шанью-гийн шинэ онцгой эрх хуучны дэг ёсонд үнэхээр харшилж байв, ард түмэн эсэргүүцэж, бослого хөдөлгөөн гарч болмоор ч харшилж байв, гэтэл ийм юм болсонгүй. Харин ч шанью-гийн эрх мэдэл хөдөлшгүй нэр хүндтэй байв.

 

Хүн-чүүд хуучин цагийн эрх чөлөөгөө тавьж өгсөн нь дэмий хэрэг биш байж л дээ. Үүний төлөө тэд хүслээ хангасан хариу авсан байна. Олзноос орох орлого, эзлэгдсэн аймгуудаас авах татвар бүгдээрээ л шаньюгийн санд орчихдоггүй байв. Тэдгээрийн үлэмж хэсэг нь цэргүүдэд үлдэх бөгөөд хүнчүүдийн үй олон бүсгүйчүүд арьсан дээлээ торгон тэрлэгээр сольжээ. Хүн-чүүдийн хоол унданд айраг, бяслагны зэрэгцээ дарс, талх, хятад амттан нэмэгдэв. Хүн гүрэнд эд баялаг, тансаглал, бас түүнтэй хамт ёс суртахууны уналтын үе эхэлсэн гэж сурвалж бичигт дурджээ.

Шинэ эзэндээ чин зүрхнээсээ үнэнч, алсын хараатай Юе энэ өөрчлөлтөөс гарах аюулын тухай сануулан хэлж байжээ. Тэрээр Лаошань шаньюд: «Хүн-чүүд тоо толгойгоороо хятадын нэг мужийн хүн амтай ч дүйцэж чадахгүй  гэвч тэд онцгой сайн хувцас, хоолтой учир энэ хувьд Хятадаас хамаардаггүй.

Одоо шанью чи зан заншлыг өөрчилж, хятад юманд дурлах болов. Хэрэв Хятад улс эд юмсынхаа аравны нэгхэнийг л хэрэглэх (худалдаж авахад) юм бол хүн-чүүд толгой дараалан Хань угсааныхны Ордны талд орох болно. Хятадаас торгон болон цаасан эдлэл авч өвстэй ургамал дундуур гүйж хувцсаа цоол, ингэснээрээ хятад хувцас чанараараа ноосон болон арьсан хувцсыг гүйцэхгүй гэдгийг харуул.

Хятадаас идэх юм аваад түүнийг нь бүү хэрэглэ, ингэснээрээ та нар сүү, бяслагаа илүүд үзэж байна гэдгээ харуул» гэж захижээ.

Юе-гийн хөтөлбөр бүтэшгүй байв. Ёс суртахуун унасан шалтгаан нь ганц шанью биш байлаа, хүн-чүүд өөртөө харь бөгөөд асар том суперэтносын тогтолцоотой хүн ёсны шууд холбоонд орсонд их учир явдал оршин байв.

Угсаа гарвалийн зангаргын шатанд гарсан, асар их материаллаг нөөц бүхий Хан захиргаат Хятад орон бага залуу, өсөж яваа хүнчүүдийн этност нэн их нөлөөтэй байлаа. «Эд юмсын хүч» хүн-чүүдийн хэрэгцээг нэмэгдүүлэх зам руу чангааж, ингэхлээр, аж байдлаа өөрчлөхөд түлхэж байв. Тэгэхдээ ийм үйл явцын үр дагавар багагүй хугацаа, хоёр, гурван ч үе өнгөрөх хугацаа (50-70 жил) шаардах байв, харин одоохондоо бүх юм таатай мэт бөлгөө.

Хүн-чүүдийн тэгтлээ их таашаадаг бүтээгдэхүүний ихэнх нь Хятадаас ирж байсан болохоор түүнийг улам их нэмэгдүүлэх эрмэлзэл төрөх нь зүй ёсны байлаа. Модун болон Лаошанийн үед хятад бүтээгдэхүүн хүн-чүүдэд шанью-д өргөсөн «бэлэг» маягаар бага хэмжээгээр ирж, түүнийг харьяатуудтайгаа хуваадаг байжээ. Ингэж хуваахыг болихын тулд шанью Хятадтай худалдаа арилжаа хийхээр шийдсэн боловч хятадын засгийн газрын эрс эсэргүүцэлтэй тулгарчээ.

Эх сурвалж: Л.Н.ГУМИЛЕВ “Хүн гүрэн”

 

Энэ номонд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ. Модун нутаг дэвсгэр бол төр улсын үндэс гэсэн үзэл баримтлал тогтоон мөрдөж, хүн бүр цэргийн алба хаах, даргадаа үг дуугүй захирагдах хийгээд албан тушаалын тогтолцоо буй болгосон нь цоо шинэ этносыг бүрдүүлсэн юм. Тиймдээ ч мөхөж сөнөх гэж байсан эртний хүнчүүд Модуны шинэчлэлтийн үр дүнд хүчирхэг цэргийн гүрэн болж бэхжсэн аж.

Энэ мэтчилэн нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүн гүрэн /Хүннү/-ийг байгуулагчдын өвөг дээдэс, газар нутаг, хүчирхэгжиж байсан үе, зөрчил тэмцэл, мөхөл зэргийг маш тодорхой, сонирхолтой байдлаар бичсэн энэхүү ном нь Монголчууд өөрсдийн үүх түүхээ ойлгон, судлахад ихээхэн тус болох юм.

Та энэхүү номыг “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.