Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

К.Уинслет: Амьдрал тэртэй тэргүй богинохон байхад жин хасах гэж зовох хэрэг юун

Х.Сайхан
2015 оны 8 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

Эмэгтэй хүн бүр л насан туршдаа гоолиг сайхан харагдахыг хүсдэг. Хөгшрөлт, таргалалт нь тэдний хувьд хамгийн аймшигтай зүйл байдаг юм. Тийм ч учраас ямар ч аргаар хамаагүй сайхан харагдахыг хичээж, биедээ мэс хүргүүлэх нь ч бий. Гэр бүл салалт, өөр эцгийн олон хүүхэд төрүүлэх нь ч эмэгтэйчүүдийн хамгийн хүсмээргүй тавилангийн нэг. 

Тэгвэл Холливудын сайн эмэгтэй жүжигчдийн нэг болох Кэйт Уинслет харин энэ талаар тун ч эерэг бодолтой явдаг аж. Түүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.  

-Кейт, таныг нүүр, биедээ гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж сонслоо...?

-Яалаа гэж дээ. Би танд гэдсээ яг одоо харуулсан ч болж байна. Хүүхэд гаргасан бүх л ээжүүдийнхтай адилхан л харагдаж байгаа. Би гурав дахь хүүхдээ гаргачихлаа шүү дээ. Бие минь дахиж хэзээ ч урьдынх шигээ гоолиг сайхан харагдахгүй. Би үүнийг мэдэж байна. Амьдрал богинохон.

Тэртэй тэргүй богинохон байхад өгзөгнийхөө хэмжээнд санаа зовж цаг үрэх ямар хэрэгтэй юм бэ. Надад үрчлээс байгаа. Ядаргаа, нойргүйдлээс биш, хөгшрөлтөөс болж гарч байгаа гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Хичнээн ч сайхан амраад, баярлаж хөгжилдөөд алга болохгүй байна. Гэхдээ ямар ч ботокс байхгүй.

-Тэгэхээр та эмэгтэй хүний хувьд ч, жүжигчний хувьд ч хөгшрөлтөөс айхгүй байгаа юм шив дээ?

-Яг тийм. Миний насанд хамгийн сайхан нь юу болохыг мэдэх үү. Целлюлит үүсчих вий, жин нэмэгдчих вий гэж санаа зовох шаардлагагүйд л байгаа юм шүү дээ. Гурав төрчихөөд хоолны дэглэм баримтлаад сууж байна гэж бодсон уу. Үгүй шүү дээ. “Хөөх, тэр төрөөд дөнгөж гурван сарын дараа формондоо орчихож” гэх мэтийн ярианд би огт итгэдэггүй.

 Хүүхдээ байнга хөхөөрөө хооллож, өлсөхөөс зайлсхийдэг байлаа. 

Тийм юм гэж байхгүй. Хүүхэд маань бараг ой хүрэх гэж байхад биеийн галбир жин маань төрсний дараахаас төдийлөн өөрчлөгдөөгүй байсан. Хүүхдээ байнга хөхөөрөө хооллож, өлсөхөөс зайлсхийдэг байлаа. Тэгэхээр яаж дэглэм барих юм бэ. Хүүхдээ асраад хумсаа будах ч завгүй явж байна. 

-Та хүүдээ жирийн бус нэр өгсөн /Кейтийн хүүг Bear буюу баавгай гэдэг/. Танд үнэхээр таалагдаж байна уу?

-Хүүд маань Блэйз /оч, цог гэсэн утгатай/ гээд бас нэг нэр байгаа. Мэдээж үүнд утга учир байгаа. Эцэг Недтэй нь маш ер бусын орчинд танилцаж байсан юм. Авга ах Ричард Брэнсоных /АНУ-ын тэрбумтан/ нь эзэмшлийн арал дээр амарч байлаа л даа. Ричардтай урьдны танил юм. Тэр найз нөхөдтэйгөө папараццийн дурангаас хол уулзахын тулд аралдаа урьдаг зуршилтай. Миний хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байсан байранд Нед, Ричардын ээж бас байрлаж байв.

Гэтэл санаанд оромгүй явдал болж, нэг шөнө түймэр гарсан. Шатаж байгаа байшингаас Нед хүүхдүүдийг минь гаргасан. Харин би Ричардын ээжийг гал, оч дундаас гаргасан юм. Байшин бүрэн шатсан ч бид бүгд амьд гарсан /Жүжигчин бүсгүй гэр бүлийнхээ хамт бизнесмэнийн Карибын тэнгисийн Неккер аралд орших “Том байшин” нэртэй харшид байрлаж байсан бөгөөд Айрин хэмээх хүчтэй шуурга, аадар борооны үеэр байшинг аянга ниргэснээс болж шатсан юм/. Тиймээс Нед хүүдээ оч галтай холбоотой нэр өгье гэж шийдсэн. 

-Та гурван өөр эцгийн хүүхдийг төрүүлсэн. Насны хувьд ч хоорондоо хол зөрүүтэй. Тэднийг хүмүүжүүлэх хэцүү байна уу?

 

 

-Үгүй ээ. Үнэхээр ховорхон сайн хүүхдүүд шүү. Тэднээрээ аймшигтай ихээр бахархдаг. Гэхдээ таны хэлдэг нэг талаар үнэн. Тэд насны хол зөрүүтэй бүгд өөр, өөр сонирхолтой. Жо, Миу хоёр гэхэд л хичээл нь өөр өөр цагт эхэлнэ, тийм болохоор өөр, өөр цагт очиж авах хэрэг гарна. Найз нөхдийндөө зочлолоо гэхэд л хотын хоёр өөр захад очих шахна. Тэднийг нь бас хяналтаасаа гаргаж болохгүй гээд асуудал бий, бий. Нэг нь анхаарал халамж илүү шаардаж байхад нөгөө нь арай бага гээд ялгаатай.

Заримдаа би өөрийгөө жонглер хийж байгаа циркчинтэй зүйрлэж боддог юм. Хэцүү гээд алдчихаж болохгүй, бүх л зүйлийн тэнцвэрийг олох хэрэг гардаг болохоор. Энэ бүхэнд сайн тусалдаг учраас нөхөртөө талархал илэрхийлэх нь зүйтэй байх. Гурав дахь хүү Беарыг төрүүлснээс хойш би хүүхдүүддээ их тайван ханддаг болсон шүү. Өмнө нь ч яачих бол, ийчих бол гээд байнгын айдас түгшүүртэй байдаг байж. Ялангуяа том хүүгээ төрүүлчихээд их сандардаг байсан. Харин одоо бүх зүйлийг зөв хийсэн л бол хүлээх хэрэгтэй гэдгийг ойлгохтойгоо болж байна. Магадгүй, нас ахиж байгаагийн шинж ч байж мэдэх юм. Одоо бол цагийг хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөж, түүнээсээ таашаал авч байна даа.  

-Нед хоёр хүүхэдтэй чинь хэрхэн харилцаж байна даа? 

-Тэр аав нь болж чадсан. Хоёр том маань энэ тухай бүр ангийнхандаа гайхуулж ярьж байна гэж багш нь хэлсэн. Нед хүүхдүүдийнхээ сургуулиас зохиосон арга хэмжээнд байнга очдог. Гэтэл төрсөн хүүхэддээ ч хангалттай цаг зарцуулдаггүй аавууд бий шүү дээ. Нед үнэхээр хүүхдүүдийн маань амьдралын чухал хэсэг нь болж чадсан, би ч үүнд их баяртай байгаа.

Нөхөр маань өнөр өтгөн гэр бүлд өссөн болохоор аав байх нь таалагдсан байх. Дараа нь бага хүү төрөөд гэр бүл маань жинхэнэ диваажин болж хувирсан даа. Недийн талаар хүмүүс ихэвчлэн муугаар ярьдаг. “Овгоо Рокнролл болгож өөрчилсөн, ямар эмэгтэй ийм овогтой хүнтэй гэрлэдэг байна аа” гээд л. Гэхдээ тэд Недийг мэдэхгүй. Хэн ч түүнийг над шиг сайн мэдэхгүй шүү дээ. Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг.      
  
-Таны тухай “Леонардо Ди Каприог олон жилийн турш хайрлаж байгаа, тиймдээ ч нөхөр тогтоодоггүй юм” гэсэн утгатай яриа их гардаг. Энэ яриа гаргагчдад хариулт өгөхгүй юу. Та хоёр хайр сэтгэлт хосуудын дүрд тоглож байсан, 2012 оны алтан бөмбөрцгийн үеэр та тайзан дээрээс бараг л түүнд хайр сэтгэлээ илчилсэн шүү дээ?

-Хариуд нь тэр хий үнсэлт явуулсан... гэж үү. Тийм ээ. “Өөрчлөлтийн замд” кинонд тоглох үед бид халуухан зураг авахуулах хэрэг олон удаа гарсан нь үнэн. Тэр үед найруулагчаар нь миний хуучин нөхөр Сэм Мэндес ажиллаж байсан шүү дээ. Тийм ч болохоор салсны дараа ийм яриа гарсан хэрэг.

Нөхөр нь эхнэрээ хайртай залуутайгаа халуухан байхыг нь хажуунаас нь хараад сууж байсан гээд бод доо. Үнэндээ бол би энэ кинонд тоглох ёстой юу гэдэг дээр эргэлзэж байсан. Сэмтэй ярилцсан. Тэгээд эцэст нь тэр найруулагч би жүжигчин, бид хоёулаа мэргэжлийн хүмүүс гээд шийдвэрээ гаргасан юм. Леогийн хувьд гэвэл бид зүгээр л сайн найзууд. Та санаж байгаа бол гурав дахь нөхөртэйгөө гэрлэхэд тэр намайг сүмд хөтөлж оруулсан шүү дээ. Бид тийм л сайн найзууд.   

Зураг