Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

GOOGLE STREET VIEW: Их ажлын эхний ҮР ДҮНГ танилцууллаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 23
IKON.MN
 

Google компани Улаанбаатар хотын захирагч болон Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны сайдын дэмжлэгтэйгээр Монголын соёлын баялгийн дээжээс Гүүглийн Соёлын Хүрээлэн, Монгол улсын зарим хотууд болон тэдгээрийн ойролцоох нутгийн 360 градусын зураглалыг Google Street View-ийн санд оруулснаа танилцууллаа.Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Үндэсний Музейд зохион байгуулагдсан юм.

Одоогоор дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий Google Street View-д Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр, Сайншандын хотуудын хоорондын үзэсгэлэнт байгаль зам харгуй, хөдөө нутгийн зураглалыг оруулаад байна.

Мөн Монголын соёлын өвийг тээгч Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Монголын үндэсний музейг гадаад, дотоодын тэрбум тэрбум хэрэглэгчид онлайнаар үзэх боломжтой болж байгаа юм.

Нээлтийн ёслолд  Google компанийн Ази номхон далай, Ойрхи Дорнод, Африк, ОХУ-ын Засгийн газартай хамтран ажиллах асуудал эрхэлсэн захирал хатагтай Сузен Пойнтер, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БСШУ-ны Дэд сайд Б.Тулга тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

 

Үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Найман сарын өмнө бид Чингисийн талбай дээр зогсож Google Street View төслийг эхлүүлэх гээд жишээ болгож талбайн зургийг аваад зогсож байсан. Одоо энэ ажлын эхний үр дүнг бид харах гээд сууж байна.

Энэ жил Европын жуулчид 30 хувиар нэмэгдсэн байна лээ. Google maps руу ороод нэмэгдээд ирсэн юм болов уу гэж би бодож байсан юм. Энэ бол үнэхээр манай Улаанбаатарын олон хөтөлбөрт дэмжлэг болж байгаа. Гүүгл компанийн хамт олонд дахин дахин талархлаа илэрхийлье” гэв.

 

Гүүгл компанийн Ази номхон далай, Ойрхи Дорнод, Африк, ОХУ-ын Засгийн газартай хамтран ажиллах асуудал эрхэлсэн захирал хатагтай Сузен Пойнтер “Гүүглийн технологи өв соёлыг хадгалахад хувь нэмрээ оруулж байдаг.

Өнөөдөр соёлын өвийг дижитал хэлбэрт оруулснаар боловсролын болон бусад салбартай харилцан уялдаатай ажиллаж, интерактив хэлбэрээр ашиглах шинэ арга замыг бий болгож байна.

Дижитал хэлбэрт оруулсны ачаар өдрөөс өдөрт энэ соёлын агууламж нэмэгдсээр байна. Технологийн ачаар Энэтхэгийн хөнгөн үйлдвэрийн нэхмэл бүтээгдэхүүн Калифорнид зарагдаж байна. Гэрээсээ хүмүүс Ван Гогийг судалж байна.

Ялангуяа залуус технологийн хувьд соёл урлагийг дэлгэрүүлэхэд илүү хувь нэмрээ оруулдаг” хэмээв. 

Хэрэв та Улаанбаатар хотын зураглалыг үзэхийг хүсвэл maps.google.com хаягаар нэвтрээд Улаанбаатар хотыг search хэсэг дээр бичиж хайснаар харах боломжтой. Мөн дээр дурдсан газруудаар ч зочлох боломжтой юм. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn