Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

16 дугаар байрны хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ

Г.Равжаа
2015 оны 7 сарын 22
ӨНӨӨДӨР
Зураг зураг

-Баянгол дүүргийн удирдлага, Нийслэлийн Онцгой комиссын эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг зориулалт бусаар завшсан байж болзошгүй гэсэн гомдол АТГ-т иржээ-

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт оршдог 16 дугаар байр нурах аюултай, хазайсан хэмээн өнгөрсөн хаваржин л бөөн дуулиан шуугиан болж байгаад намжсан. 16 дугаар байрны хажууд 10 метр гүн нүх ухсан нь хөрс гулгаж, байрыг нурж болзошгүй эрсдэлд хүргэсэн юм.

Бараг л нурах гэж байна хэмээн Баянгол дүүргийн төдийгүй нийслэлийн удирдлагууд сүр дуулиан болгож ард түмнийг айдас хүйдэст автуулж байв. Улмаар оршин суугчдын нүүлгэн шилжүүлж, зочид буудлуудад байрлуулж, 16 дугаар байранд хүчитгэл хийлгэх, шинжээчийн дүгнэлт гаргуулах гээд бөөн зардал чирэгдэл болж байсан билээ. 

Тухайн үед 16 дугаар байрны 49 өрхийн 244 оршин суугчийн 178-ыг нь зургаан зочид буудалд тараан байрлуулсан. Буудлын зардал, хоол хүнснээс авахуулаад 16 дугаар байрыг сэргээн засахад гаргасан бүх зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ гэж хотын дарга хэлж байсан.

Бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруутай этгээдийг 16 дугаар байрны хажууд барилгын нүх ухсан “Би Жи Би Жи” хэмээх компани гэж зарлаж байв. Гэвч эцсийн дүгнэлт гарахад барилга хазайлт, нуралт, эвдрэл үүсээгүй болж таарсан. Дөрвөн см-ийн хазайлттай байгаа нь тус компанийнхны ухсан нүхтэй холбоогүй гэсэн дүгнэлтэд хүрсэн аж.

“Би Жи Би Жи” компанийнхан “Хэрэв бидний буруутай үйл ажиллагаанаас болсон гэж тогтоогдвол хариуцлагаа хүлээнэ” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч тэдний буруугаас болж барилга, хазайгаагүй болж таарсан нь хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэчихлээ.

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс мөнгө гарган, 16 дугаар байрны барилгад хүчитгэл хийж, буруутай этгээдээр мөнгийг нь буцаан төлүүлэх гэтэл нөгөө “Би Жи Би Жи” компани манай буруу биш хэмээн гүрийгээд уг мөнгийг төлөхгүй гэсэн сураг дуулдав.

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд захирамж гаргасан Засаг даргыг эрүүгийн хариуцлага татна гэдэг байж болшгүй зүйл мэт. 

Тиймдээ ч гэм буруутныг олж хохирлыг төлүүлэх тухай гомдол АТГ-т гаргахын сацуу өөрсдөд ч учирсан хохирлоо нэхэмжилж буй юм байх. Уг нь АТГ-ын уг гомдлыг анх хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож байсан ч прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргасны дагуу шалгаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Ингэхээр хэн буруутан болох вэ гэсэн асуудал гарч ирэх нь тодорхой. 

16 дугаар байрны 49 өрхийн 244 хүний эрх ашиг, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хамгаалахын тулд яаралтай нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан дүүргийн Засаг дарга, Онцгой байдлын хэлтсийн дарга уу, эсвэл хажууд нь нүх ухаж, сандаргасан компани уу, үгүй бол ямар ч төлөвлөлтгүйгээр газар олгосон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Газрын албаныхан уу.

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд захирамж гаргасан Засаг даргыг эрүүгийн хариуцлага татна гэдэг байж болшгүй зүйл мэт. МХЕГ-ын улсын байцаагчдын гаргасан дүгнэлтээр, 16 дугаар байр нь газар хөдлөлтийн долоон баллын эрчимтэй бүсэд байрладаг.

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг, мөн газар гэсэж байсан цаг болохоор эрсдэлээс урьдчилан сэргийлж нүүлгэн шилжүүлэх захирамж гаргасан нь дөрвөн см-ийн хазайлттай барьсныг тогтоосон. Тэгэхээр “Би Жи Би Жи”-гийнхэн бол манай буруутай үйл ажиллагаа байхгүй хэмээн гүрийх нь арга ч үгүй юм.

Тэгэхээр тус барилгын хажууханд анх 1998 онд үйлчилгээний зориулалттай газар олгох зөвшөөрөл өгсөн, 2008 онд өөр компанид шилжүүлсэн, 2014 оны хоёрдугаар сард үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болгож өөрчилсөн эрх бүхий албан тушаалтнуудаас нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжилж болмоор санагдана. 

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэж үг байдаг даа. Барилгын зориулалт болон газар олгосон эрх өөрчлөгдөх явцад Нийслэлийн Барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан нүдэн балай чихэн дүлий суусны уршиг нь энэ. Эзэмшил газрын хэмжээ, зориулалтыг өөрчилсөн, барилга хоорондын зай хэмжээ зөрчигдсөн газарт газар эзэмшүүлэх захирамж нийслэлийн Засаг дарга, Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан, зөрчилтэй архитектур төлөвлөлтийн даалгавруудыг баталсан нь зөрчил гарах үндсэн шалтгаан болсон юм.

БАЙР НУРАХ НЬ ГЭСЭН ДУУЛИАНААР МӨНГӨ ЗАВШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭВ ҮҮ

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зардал мөнгийг нь гарган, 16 дугаар байранд хүчитгэл хийхдээ үндэслэлгүйгээр онц байдал зарласан. Үүний улмаас төсвийн хөрөнгийг Баянгол дүүргийн удирдлага, нийслэлийн Онцгой комиссын эрх бүхий албан тушаалтнууд зориулалт бусаар зарцуулж, завшсан байж болзошгүй гэсэн гомдол АТГ-т ирсэн талаар прокурорын байгууллагын эх сурвалж хэлэв. Чухам хэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тодорхойгүй талаар тэд ярьж байна. 

“Би Жи Би Жи” компанийнхан иргэдийг зочид буудалд байрлуулж, хооллож ундалсан мөнгийг нэхэмжилснээс гадна бас өөр хохирол ч нэхэмжлэхээр болсон тухай мэдээлэл бидэнд олдсон юм. Өнгөрсөн хавар 16 дугаар байр нурах эрсдэлтэй болсон, “Би Жи Би Жи”-гийн буруутай үйл ажиллагаатай холбоотой хэмээн эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэнээс болж тус компанид хөрөнгө оруулж байсан гадаадын түншүүд нь мөнгөө татаж, барилгын ажлаа эхлүүлэхэд хүндрэлтэй болсон гэнэ.

Харин зарим хүн Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо болон “Би Жи Би Жи” компанийн удирдлагын хувийн таарамжгүй харилцаа, эрх барьж байгаа сүр хүчээрээ далайлган бизнес эрхлэгчдийг дарамтлах гэсэн оролдлого ийм нөхцөл байдалд хүргэсэн гэж ярьж байна. Юутай ч хууль хяналтын байгууллага үнэн мөнийг нь тогтоох, улсын төсөвт учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхийн тулд шалгаж эхэлжээ.

Зураг