Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн Хойд Азийн 50 гаруй эрдэмтэд Улаанбаатарт хуралдаж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II бага хурал өнөөдөр ГХЯ-нд эхэлж байна.

Бүс нутгийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдал, эрчим хүчний асуудлыг Монгол, ОХУ, БНХАУ, Хойд Солонгос, БНСУ, Япон болон Европ, Америк тивийн 50 гаруй эрдэмтэн судлаачид, олон улсад нэр хүнд бүхий шинжээчид энэ чуулганд хэлэлцэх юм байна.


ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны захирал Г.Ганболд чуулганыг нээж хэлсэн үгэндээ  “Дэлхий дахины олон улсын харилцаанд сүүлийн саруудад багагүй өөрчлөлт гарч байна.

Ялангуяа Зүүн Хойд Азийн бүс нутагт аливаа үйл явдал тохиолдоход Монгол Улсад зайлшгүй нөлөөлдөг. Нөгөө талаар саяхан НҮБ-ын Ази, Номхон далайн судалгаанаас үзэхэд хөгжлийн эрмүүн чиг хандлага энэ бүс нутагт хурдацтай ажиллаж эхэлж байна.

Энэ бүс нутагт томоохон зах зээлүүд байна. Энэ бүс нутагт олон улсыг хамарсан томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Далайд гарцгүй ч гэсэн Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагаанд нэгдэж орох эрмэлзэлтэй байдаг. Энэ утгаараа бүс нутаг бидний гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байдгийг хэлэхийг хүсэж байна.

Энэхүү чиг хандлага нь та бидний уулзаж ярилцах энэхүү хэлэлцүүлгийг улам утга төгөлдөр болгож байна гэж үзэж байна. Монгол Улс эдийн засгаа нээлттэй болгох, олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох зорилго чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг” гэдгийг онцолж байв.

Түүний дараа УИХ-ын гишүүн М.Батчимэг “Өнгөрсөн жилийн хурлаас хойш нэг жилийн хугацаанд Монгол Улсын гадаад харилцаанд болж өнгөрсөн чухал үйл явдлуудын талаар сая ярьсан.

Түүн дотор манай хоёр хөрш орны төрийн тэргүүнүүд МУ-д ойрхон айлчлал хийсэн байгаа. Мөн анхны гурван талын уулзалт хийгдсэн. Үүний зэрэгцээ манай гуравдагч хөрш, оюун санааны түнш БНЭУ-ын Ерөнхий сайд саяхан манай улсад айлчлал хийснийг бид бас чухал үйл явдал гэж үзэж байгаа.

Үүний дараа Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсан нь чухал үйл явдал болсон. Мөн Монгол Улс ирэх онд болох АСЕМ-ыг Улаанбаатарт зохион байгуулах эрхийг авсан байгаа.

Энэ нь манай улсын олон улсын харилцаанд идэвхтэй оролцох, өөрийн хүчин чармайлтыг гаргах  бодлогын илэрхийлэл юм. Мөн Монгол Улс хоёр жилийн өмнө ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн орноор сонгогдсон.

Энэ байгууллагын Парламентын Ассамблейн хурал энэ оны есдүгээр сард Улаанбаатар болох гэж байгаа. Энэ боломжийг бүс нутгийн бусад байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж болгож ашиглая гэсэн санаачлага гишүүн орнуудын зүгээс гарсан. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хуралд ШХАБ-аас бас оролцох урилгыг илгээсэн. Тэдний зүгээс оролцоно гэсэн нааштай мэдээг дуулгасан” гэдгийг хуралд оролцогчдод онцлон хэлэв.

Нээлтийн дараа Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Ганбат бүс нутгийн уламжлалт аюулгүй байдлын асуудлаар илтгэл тавьж, оролцогчид санал бодлоо солилцлоо.

Энэ жилийн хурал зургаадугаар сарын 25, 26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд жил бүрийн энэ үеэр уламжлал болон зохион байгуулагдаж байх юм.