Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Бадамханд: Хүүхдээ гуйлгачлуулбал эцэг, эх байх эрхийг нь хязгаарладаг

Ц.Баттуяа
2015 оны 6 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг

Манай улс Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг урьдын адил өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Бид энэ өдрийг эрх хамгаалах гэхээсээ илүүтэйгээр баяр ёслолын байдлаар тэмдэглэсээр уламжлал болжээ. 

Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой асуудалд хамгийн идэвхтэй оролцдог улсын тоонд ч манай улс багтаж магадгүй. Юутай ч манайх шиг жилийн дотор хэд хэдэн хүнийг Хүүхдийн элчээр өргөмжилдөг улс цөөхөн л болов уу. Тэд ч бас энэхүү цолоо зөвхөн хэн нэгэнд бэлэг сэлт өгөх төдийхнөөр л хэрэгжүүлж байна. Гэтэл хүүхдийн эрх өдөр тутам хөндөгдсөөр байна. Тиймээс энэ талаар Хууль сахиулахын их сургууль Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, цагдаагийн хурандаа Ю.Бадамхандтай цөөн хором ярилцсан юм. 

-Та хүүхдийн байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дагнан ажиллах болсон нь таны ажлын гараатай холбоотой юу?

-Би 20 гаруй жил цагдаагийн байгууллагад, тэртэр дундаа хүүхдийн байцаагчаар ажилласан. Миний докторын ажлын судалгааны сэдэв ч хүүхэдтэй холбоотой. Хүүхэдтэй тулж ажиллах, хүүхдийн эрхийн төлөө тэмцэхэд маань нөлөөлсөн хүн бол миний аав. 

Цагдаагийн Хүүхдийн албаны түүхийг судалж үзвэл, Ардын хувьсгал ялснаас хойш дайны дараах үе хүртэл манай улсад хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тусгайлсан алба байгаагүй.

Ингээд 1946 онд Дотоод яамны сайдын тушаалаарУЦСЕГ-ын Гүйцэтгэх нэгдүгээр хэлтэст гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр Хүүхдийн тасаг байгуулан даргаар нь миний аав хурандаа Лэгшиджамцын Юндэндоржийг томилж, гэмт хэрэгт холбогдсон тэнэмэл хүүхдүүд, тэдний хүмүүжлийн асуудлыг хариуцуулж байсан юм билээ.

-Манай улс хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон улсын конвенциудад ч идэвхтэй нэгддэг. Энэ талаар ч идэвхтэй ярьдаг. Гэсэн хэдий ч монгол хүүхдүүд эрхээ эдэлж чадахгүй л байх шиг санагдах юм?

-Манай улс чөлөөт, ардчилсан нийгэмтэй, Үндсэн хууль болон хууль эрхийн актуудаараа хүүхдийн эрхийг баталгаажуулж өгсөн. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 56 хуульд хүүхдийн эрхийн талаар шууд болон шууд бус байдлаар зохицуулсан заалт бий.

Мөн эдгээрээс гадна арав гаруй хуульд хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх агуулга бүхий хэм хэмжээ тусгагдсан байдаг.

Манай улс чөлөөт, ардчилсан нийгэмтэй, Үндсэн хууль болон хууль эрхийн актуудаараа хүүхдийн эрхийг баталгаажуулж өгсөн.

1989 онд батлагдсан НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “Хүүхдийн талаарх аливаа үйл ажиллагаанд заавал баримтлах зарчим бол хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах явдал мөн” гэсэн заалт нь төрийн болон төрийн бус бүх байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны үндсэн шалгуур үзүүлэлт юм.

Хүүхэд хамгаалал гэсэн ойлголт нь хүний эрхийн болон хууль зүйн утгаараа нилээд өргөн хүрээг хамардаг. Хүүхдийг бүхий л хэлбэрийн дарамт, доромжлол, хүчирхийлэл, нийгмийн аль ч орчинд хамгаалах, төрөөс авч хэрэгжүүлж байгаа хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон боловсролын бүхий л шаардлагатай цогц арга хэмжээг хэлдэг.

Энд хууль зөрчсөн, гэмт хэргийн улмаас хохирсон, хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгт өртсөн, хараа хяналтгүй орхигдсон, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур, гадаадад ажиллаж, амьдардаг монгол иргэдийн хүүхдийн эрхийг хамгаалах асуудал ч багтдаг. 

Гэтэл өнөөдөр хүүхэд бусдад уруу татагдан гэмт хэрэгт холбогдох, хүчирхийллийн золиос болох, сургууль завсардах, сургууль, цэцэрлэгийн тоо хүрэлцэхгүйгээс сурагчид нэг ангид олноороо сурах зэрэг асуудал нийгэмд байна. Мөн есдүгээр ангиасаа гудамжинд гарах, бага насныхан гэртээ хоригдох, төлбөр мөнгө хүрэлцээгүйн улмаас хүүхэд өөрийн хүслээр дугуйлан секцэнд хамрагдаж чадахгүй байгаа нь хүүхдийн эрх зөрчигдөж буйн нэг хэлбэр.

Ар гэрийн амьдралаас шалтгаалан бохь, сонин сэтгүүл худалдах, тэрэг түрсэн мөнгөөрөө гэрийнхнийгээ тэжээх, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, эмнэлгийн туслалцаа авч чаддаггүй гээд манайд хүүхдийн эрх ашиг зөрчигдөх явдал байсаар л байна. Томчууд бидний үйлдэл хүүхдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэдэг. 

-Бага насны хүүхэд хөдөлмөр эрхлэх, гуйлга гуйх зэргээр өөрийгөө болон эцэг, эхийгээ тэжээж байна. Бүр нэг ой ч хүрээгүй хүүхдээ тэврээд гуйлга гуйдаг эцэг, эхчүүд ч байна. Уг нь хүүхэд өөрийгөө бус эцэг, эх нь хүүхдээ тэжээх ёстой биз дээ?

-Хүүхдийн хүмүүжил, тэдний эрх ашиг сонирхлыг зөрчихгүй байхад эцэг, эх, асран хамгаалалагчдын үүрэг оролцоо чухал. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулан гадуурхвал шүүхээс эцэг, эх байх эрхийг нь зургаан сар хүртэл хугацаагаар хязгаарлаж болно” гэсэн хуулийн заалт бий.

Мөн 30 дугаар зүйлийн 1-д “Эцэг, эх хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах зэргээр эрх зүйн зөрчилд татан оруулах, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасч болно” гэж заасан байдаг. 

-Тэгвэл яагаад тэдний эцэг, эх байх эрхийг нь хасахгүй байгаа юм бэ?

-Хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн, эрх ашгийг нь хохироосон эцэг эх, асран хамгаалагчдын хувьд дээрх заалтын хэрэгжилт хэр байгааг судлахад 2007-2012 оны байдлаар шүүхийн тогтоол дээр нэг ч эрүүгийн хэрэг дурьдагдаагүй байна лээ.

Тэгвэл таван жилийн хугацаанд ердөө 44 удаагийн иргэний хэрэг бүртгэгдсэн байгаа юм. Энэ нь эцэг, эх, асран хамгаалагч, төрөл садан, хүүхдийн байгууллагынхны хэн нь ч дээрх асуудалд анхаарал тавьдаггүй, үүргээ хангалттай биелүүлдэггүйн илрэл юм. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Энэ хуульд та болон танай сургуулийн эрдэмтэн багш нар саналаа нэмэрлэсэн болов уу?

-2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг шуурхай авах, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх тусгайлсан тодорхой харилцааг зохицуулж ирсэн. Гэвч хүчирхийлэл буураагүй. Нийгмийг цочроосон гэмт үйлдлүүд гарч, олон нийтийг бухимдуулсаар байна.

Дээрх хуулийн төсөлд манай их сургуулийн эрдэмтэн судлаачдаас олон санал хүргүүлсэн. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн эрхийг хамгаалахад прокурор, төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг оролцоо, хяналтыг дээшлүүлэх зорилгоор “хүүхэд хохирогч, хүчирхийллийн золиос болсон онцгой (бага насны хүүхэд; гэмт хэргийн хохирогч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өөрийнх нь эсхүл эхнэр, нөхөр, хамтран амьдарч буй этгээдийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд байх зэрэг) тохиолдлуудад итгэмжлэгдсэн төлөөлөгч заавал томилох” саналыг хүргүүлсэн.

Энэ нь тухайн хүүхдийн төрсөн /хойд/ эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон эсэхээс үл шалтгаалан төрийн ба төрийн бус холбогдох байгууллагаас давхар томилуулах тухай асуудал юм.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга хэр өгөөжтэй болох бол?

-Хуулийн төслөөс харахад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, байгууллагуудын эрх хэмжээ оролцоо хэт ерөнхий, салангид байдлаас ангижирна.

Мөн хууль хэрэгжих санхүүгийн эх үүсвэр баталгаажиж олон нийтийн хяналт сайжирна гэж харж байна. 

Түүнчлэн байгууллага, иргэний үүрэг, оролцоо идэвхжих, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэн ч эрхээ хамгаалуулах, хүчирхийлэгчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сайжирна. Мөн хууль хэрэгжих санхүүгийн эх үүсвэр баталгаажиж олон нийтийн хяналт сайжирна гэж харж байна. 

-Хурдан морь унаач хүүхдүүд олноороо гэмтэж бэртэн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Үүнд ч бас эрх зүйн тодорхой зохицуулалт хэрэгтэй юм шиг ээ?

-Морь уралдуулах нь манай үндэсний уламжлал, заншлын нэг. Хамгийн гол нь, өвлийн цагт морин уралдааныг зохион байгуулж хэт туйлшрах нь буруу гэж үзэж байна.

Хэтэрхий балчир насны хүүхдээр морь унуулахгүй, хичээл сургуулиас нь холдуулахгүй, урамшууллыг нь зохих ёсоор олгох, хамгаалалтын хэрэгсэл чанартай, даатгалын асуудал шаардлагын хэмжээнд байх ёстой.

-Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?

-Манай улсад насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг судлан, тэднийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд илүү анхаарал хандуулж ирсэн. Гэвч хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирох талаас огт судлагдаагүй. Бидний явуулсан судалгаагаар сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц өссөн. Хүүхэд томчуудын адил 38 төрлийн гэмт хэрэгт өртөж хохирч, жилд 120 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас нас барсан.

Мөн 620 гаруй хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр бэртсэн байна. Харин хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн ялтны 31 хувь нь хорих ялыг биечлэн эдэлсэн, 21 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Тэдгээрийн дотор эцэг, эх, төрөл садангийн хүмүүс цөөнгүй хувийг эзэлдэг.

Насанд хүрээгүй хохирогчдын 41 хувь нь тухайн үед зарцуулагдсан эмчилгээний болон оршуулгын зардлаа нөхөн төлүүлсэн, төрсөн болон хойд эцэг болох этгээдийн үйлдсэн хүчингийн хэргийн хохирогчдын зарим нь хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байх юм.

Хамгийн эмгэнэлтэй нь насанд хүрээгүй хохирогчдын 20 хувь нь гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундаа хэрэглэсэн, 42 хувь нь байнгын орлогогүй, өөрийн гэсэн орон байргүй, эцэг эх нь салсан эсвэл аль нэг нь архины хамааралтай гэр бүлд амьдардаг болох нь судалгаагаар тогтоогдсон. Насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн нийтлэг шалтгаан нь ажилгүйдэл, архидалт, мансуурал, эцэг эхийн хараа хяналт сул, гэр бүл салалттай холбоотой.

Түүнчлэн хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал, хууль хяналтын болон захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны доголдол, нийгмийн хяналтын болон гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцооны сул тал, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх байгууллагын дутагдал зэрэг нь нөлөөлдөг. Иймд хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг үйлдэх, өртөж хохирохоос сэргийлэхийн тулд боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд идэвхитэй хамтран ажиллах шаардлагатай.

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудад ахлах ангийн сурагч, бага, дунд ангийн сурагчаас дуртай юмаа булаагаад аваад явдаг байдал арилаагүй л байна. Дээр нь сургуулийн болон өрхийн эмч, нийгмийн ажилтнуудын үүрэг, зорилго ойлгомжгүй. Тиймээс хаа хаанаа цаасан дээр ажил явуулдаггүй, хариуцлагаа дээшлүүлж, бодит амьдрал дээр хүүхэдтэйгээ ажилламаар байгаа юм. 

Зураг