Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цоожтой хүүхдүүд

Б.Солонго, Зууны мэдээ
2015 оны 5 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

Саяхан даа, таван давхар байрны хамгийн дээд талын айлын цонхны гадна нарийхан төмөр тавцан дээр дөрөвхөн настай жаал суучихсан, хоёр настай дүү нь цонхоороо ахыгаа харчихсан зогсож байгаа зураг цахим ертөнцөд тарсан юм.

Аав нь түр орхиод гарахдаа хоёр хүүхдээ цоожилж үлдээсэн, тэр хойгуур хүү нь онгорхой цонхоороо тийнхүү гараад суучихсан байж.
Азаар доод давхрынх нь айлд зочилж очсон залуу тагтаар нь дамжиж ороод хүүг татаж оруулсан юм. Энэ явдлын дараа хүмүүс “Хөөрхий минь яаж уначихаагүй юм бэ, яасан азтай хүү вэ, ямар зоригтой залуу вэ” гэж хэсэг шуугиад л өнгөрлөө.

Харин тэр хүү юунаас айсан, эсвэл юу хийхийг хүссэндээ цонхоор гарсныг, аав, ээж нь яагаад хоёр бяцхан хүүхдээ цоожлоод орхичихсоныг, онгорхой салхивчаас эхлээд ямар аюултай нөхцөлд хүүхдүүдээ орхисныг хэн ч ярьсангүй.

Учир нь өдөр бүр хэдэн мянган хүүхэд гэртээ цоожлогдож, харж хамгаалуулах эрхээ хасуулж, гэртэйгээ шатаж, цонхоороо унаж гэмтэж, бэртэн, амь насаа алдаж байгаагийн шалтгааныг бид өнөөх “Амьдрал хэцүү байна” гэсэн ганцхан үгээр л тодорхойлдог.

Харин цоожтой хаалганы цаана хүний бяцхан үр дахин бүү эндээсэй. 

Мэдээж цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу, гэр бүлийн ганц гишүүний цалингаар амьдрах боломжгүй эдийн засгийн нөхцөл, хулгайч, дээрэмчин  гээд шалтаг, шалтгаан олон боловч хэдий болтол нэргүй буруутан нийгэм рүү хамаг муугаа чихэж суух вэ. Энэ хорвоод амьдрах гэж, хайрлагдах гэж ирсэн бяцхан үрсээ хайхрамжгүй, хариуцлагагүй, сэтгэлгүй байдлаасаа болж цаг бусаар буцаасаар байх уу.

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд өсөн торних эрхийг хамгаалахын төлөө эцэг, эхийн хүлээх хариуцлагыг одоо ярих цаг болсон бус уу.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын Виржиниа мужийн Саффолк хотод ийм явдал болжээ. Найман настай хүүгээ ганцааранг нь гэрт орхиод, гаднаас нь цоожлоод явсан 27 настай ээжийг цагдаа нар баривчилжээ. Тэр айлын хөрш нь хүүхэд гэртээ ганцаараа байгааг мэдээд цагдаа дуудсан аж.

Хэдийгээр бүсгүйг сулласан ч хүүг нь Улсын хүүхэд хамгаалах газарт аваачсан бөгөөд өнөөдрийг хүртэл хүүг ээжид нь өгөөгүй байгаа гэж ABC news мэдээлсэн байна. Мөн тус улсын Өмнөд Каролина мужид ганц бие ээж есөн настай охиноо ажлынхаа ойрхон тоглуулж байсан гэнэ.

Өөрөө Макдональдсд ажилладаг бөгөөд охиноо ганцааранг нь гадаа тоглуулсныхаа төлөө 17 хоног баривчлагджээ. Хэрэв энэ тохиолдолд хүүхэд ямар нэг байдлаар гэмтэж бэртэн, гэмт хэргийн золиос болсон бол энэ ээж 10 жил ч хоригдож мэдэх чанга хууль тэнд үйлчилдэг.

Эрх чөлөөний орон хэмээн дэлхий даяар өргөмжлөгдсөн Америкт хүүхдийн аюулгүй, эрүүл орчинд өсч торних эрхийг зөрчсөн аав, ээжид ийм л чанга хууль үйлчилдэг. Ерөнхийдөө тус улсад 12-оос доош насны хүүхдийг хараа хяналтгүйгээр гэртээ, тоглоомын талбайд, гудамжинд, машинд орхиж хэрхэвч болохгүй.

Энэ тохиолдолд олон мянган ам.долларын торгуулиас эхлээд баривчлагдах шийтгэлтэй. Хэрэв хүүхдэд ямар нэг аюул учирвал асран хамгаалагч нь хамгийн доод тал нь 10 жилийн ял авна. АНУ-ын 51 мужид тус бүртээ өөрсдийн хууль, дүрэмтэй, хүүхдийг хараа хяналтгүй орхихоос гадна аюулгүй орчинд амьдруулах гээд олон журам үйлчилдэг байна.

Тухайлбал, Мэрилинд мужид гэхэд зөвхөн наймаас дээш насны хүүхдийг гурван цагаас илүүгүй хугацаанд л гэрт нь орхиж явж болно. Иллинойс мужид насны доод хязгаарыг 14, Викториа мужид 16 нас хэмээн хатуу зааж, торгууль шийтгэлийн хэмжээг хоёр дахин нэмжээ.

Хуулиндаа ингэж тусгахаас гадна АНУ даяар үйлчилдэг Үндэсний хүүхэд хамгаалах хөтөлбөрт 12-оос доош насны хүүхдийг ганцааранг нь орхихгүй байхыг давхар зөвлөдөг гэнэ.

Тус улсад маш хатуу дүрэмтэй нэг зүйл бол хүүхдийг машинд ганцааранг нь орхих. Ийм тохиолдлоос болж машиндаа амиа алдсан хүүхдийн тоо олон тул шийтгэл, торгуулийг нь ч нэлээд чанга болгожээ.

Тухайлбал, Техаст долоогоос доош насны хүүхдээ машиндаа таван минутаас дээш хугацаагаар орхивол хоёр жил шоронд сууж, 10 мянган ам.долларын торгууль төлнө. Мөн Мичиган мужид ийм тохиолдолд 93 хоног баривчилдаг. Хэрэв хүүхэд гэмтсэн, нас барсан бол эцэг, эхийг нь 10-15 жил хорих ялтай байдаг ажээ.

Цоожлогдож үлдсэн хүүхэд нь гэртээ амиа алдсан тохиолдлын ихэнх нь гал түймэр байгаа юм.

Манай улсад хүүхдээ хараа хяналтгүй орхисон аав, ээжүүдэд хариуцлага тооцдог ийм хуулийн тогтолцоо яалт ч үгүй хэрэгтэй байгааг харамсмаар олон тоо баримт, эмгэнэлт явдлууд харуулсаар байна. Хамгийн сүүлийн жишээг хүн бүр сонссон байх.

12 настай ахтай нь хамт үлдээж байгаа хэрнээ зургаатай, хоёртой хүүхдүүдээ гаднаас нь түгжээд явчихсан хойгуур гэрт нь гал гарч гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт гарсан. Хамаг цонхоо хулгайчаас сэргийлж байгаа нь тэр гээд төмрөөр торлочихсон.

Хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хамгаалдаггүй юм гэхэд тэдэнд өөрсдийгөө аврах боломж нэгийг ч үлдээсэнгүй. Амьд гарахын тулд бүх цонхыг хагалж, шилэнд зүсэгдсэн хүүгийн цогцос, бяцхан дүүгээ тэврээд олон хөнжлийн дор амиа тавьсан зургаахан настай эгч, юу болоод байгааг ч ойлгохгүй эгчийнхээ хүзүүнээс тас зуурсан хоёрхон настай үр. Эвий минь, энэ зураглал олон хүний сэтгэлийг шимшрүүлж, өр зүрхийг нь урав даа.

Цоожлогдож үлдсэн хүүхэд нь гэртээ амиа алдсан тохиолдлын ихэнх нь гал түймэр байгаа юм. Сард 15 хүүхэд цаг бусаар хорвоог орхиж байгаа гэсэн аймшигтай тоог УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлж байсан удаатай. Мянгантаа гэмшиж, харуусавч үрс нь ирэхээргүй нэгэнт явчихсантай эвлэрч чадахгүй суугаа тэр аав, ээжүүдийг яалтай.

Энэ явдлаас олон хүн сургамж аваасай, ийм хэцүү хагацал бүү тохиолдоосой л гэж залбирахаас өөр аргагүй. Хүүхдийн баяр болох гээд хүн бүр ангир үрсээ баярлуулахаар төлөвлөж байна. Харин цоожтой хаалганы цаана хүний бяцхан үр дахин бүү эндээсэй. Тэдний амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамтдаа хамгаалах юмсан.

 

Зураг