Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдээ гэртээ цоожлохгүй байя

Н.Пунцагболд
2015 оны 5 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

-Эсрэг тэсрэг байр суурь-

Гурван настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдлаа 

Сургуульд ч ороогүй нялх үрсээ гэртээ цоожилчихоод явчихдаг бөх зүрхтэй эцэг, эхчүүд манайд олон байна. Түүнээс нь болоод хэчнээн ч нялх үрс бурханы оронд одов доо.

Сүүлийн хэдэн сард гэхэд хүүхдээ гэртээ түгжиж орхисноос үүдэлтэй хэргүүд цөөнгүй гарлаа.

Сүүлийн хэдэн сард гэхэд хүүхдээ гэртээ түгжиж орхисноос үүдэлтэй хэргүүд цөөнгүй гарлаа. 

Гэртэйгээ шатаад гурвын гурван хүүхэд амиа алдсан хэрэг гарч, нийгмийг цочролд оруулсан.

Тэр тоолонд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль хяналтын байгууллагынхан хүүхдээ гэртээ цоожилж орхихгүй байхыг сануулж байгаа. Харамсалтай нь хэнэггүй, нөгөө талаар аргаа барсан эцэг, эхчүүд хүүхдээ гэртээ цоожилсоор л....


Гурван настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдлаа 

2013.07.15 

Ердөө гуравхан настай нялх үрээ гэртээ цоожилж явснаас болоод амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үедээ хэвлэлээр “Гуравхан настай хүүхэд гэртэйгээ  шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаант гэх газар айлын гэр шатаж байна гэх дуудлага ирсэний дагуу аймгийн Онцгой байдлын аврагчид очиход тус сумын иргэн А-ийн гэр шатсан байжээ.

Харамсалтай нь гэртээ ганцаараа байсан гурван настай Ө шатаж амиа алдсан байна. Энэ хэргийг олон хүнд сануулга болгох үүднээс мэдээлж байна. Учир нь бид гэртээ хүүхдээ ганцааранг нь орхих, хараа хяналтгүй цоожлоод явах тохиолдол бишгүй олон гаргадаг.

Тиймээс энэ хэрэг бусдад сэрэмжлүүлэг болно гэж найднам. Харж хандах хүнгүй бяцхан үрсээ орхих нь танд хагацал, уй гашуу авчрахгүй гэх баталгаа байхгүй билээ. Эцэг эхчүүд минь нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай” хэмээн мэ­дээлж байжээ.  

Найман настай хүү гэртэйгээ шатаж нас барлаа 

2014.11.01 

2014 оны арваннэгдүгээр сард нэгэн харамсалтай хэрэг гарч, бас нэг бяцхан хүү амиа алдав. Тэр үед хэвлэлээр “Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой хэд хэдэн ноцтой хэрэг гарлаа. Хоёрын хоёр нялх хүүхэд гудамжинд орхисноос хөлдөж нас барсан, 12 настай хүү тодорхойгүй шалтгаанаар өөрийгөө боосон байдалтай нас барсан гээд үргэлжилнэ. Тэгвэл дахин нэг хүүхэд амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарлаа.

БЗД-19-р хороо, “Цайзын 53-6 тоотод гэр шатаж байна дотор нь хүүхэд байгаа” гэсэн мэдээлэл Гал унтраах 63-р ангид иржээ. Мэдээллийн дагуу тус ангийн гал унтраагчид яаралтай очиж, галыг унтраан шалгахад уг тоотод суух найман настай эрэгтэй М гэх хүүхэд таван ханатай гэртээ шатаж нас барсан байжээ.

Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хараа хяналтгүй орхихгүй байх, цоожлохгүй байх, хаана юу хийж яваа талаар мэдээлэлтэй байх зэргээр хүүхдүүддээ анхаарал халамж тавихыг нийт эцэг эхчүүдэд онцгойлон анхааруулж байна” хэмээн мэдээлж байв. 

Гэртээ цоожлуулсан гурван хүүхэд шатаж, амиа алдлаа

2015.05.12

Энэ онд Хөвсгөл аймагт гурвын гурван хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарсан. Энэ талаар хэвлэлээр “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 8-ны өдөр иргэн А-гийн 8х12 харьцаа­тай палкан байшин шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан харамсал­тай хэрэг гарсан байна. Тодруулбал галын улмаас хоёр настай эрэгтэй Б, ар­ван настай эрэгтэй  А, зургаан настай эмэгтэй Э нар амиа алджээ. Онцгой байдлын 15 алба хаагч галыг унтраахаар ажилласан ч хүүхдүүд гэртээ угаартсан байдалтай аль хэдийнэ амьсгал хураасан байсан гэнэ.

Тухайн өдөр гэрийн эзэн  А эхнэрийнхээ хамт түр гарахдаа зургаан настай охин, хоёр настай хүүгээ эгчийнхээ арван настай хүүгийн хамт гэртээ цоожилсон гэнэ. Тиймээс хаалга нь цоожтой, байшингийн бүх цонх хулгайчаас сэрэмжилж гаднаас нь төмрөөр торлочихсон байсан учир хүүхдүүд гарч чадаагүй байна. Галын шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгааны утаснаас болсон гэж таа­маг­лаж буй бөгөөд хэргийг нь тус аймгийн цагдаагийн га­зарт шалгаж бай­на” хэмээн мэдээлсэн юм.

Бага насны хүүхэд цонхоор унах гэж байхад нь аварчээ

2014.04.09

Орон сууцны цонхоор хүүхэд унаж, амиа алдсан хэрэг цөөнгүй гарч байгаа. Тэгвэл аврагдсан нэг тохиолол өнгөрсөн онд гарсан. Энэ талаар “Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Баянзүрх хотхоны 106 дугаар байрны хоёрдугаар давхрын цонх­ноос бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дууд­ла­гаар НОБГ-ын Аврах ангийн Аврах шуурхай сал­ба­рын бүл­гийг гар­га­жээ.

Ав­рагч дээд давх­рын айлын цон­хоор дам­жин хоёр нас­тай хүү­гийн амийг аварч гэрийн­хэнд нь хү­лээл­гэн өг­сөн бай­на. Энэ мэт эцэг, эхийн бол­гоомж­гүй үйлд­лээс болж хүү­хэд өнд­рөөс унаж осол­дох, бэр­тэж гэм­тэх то­хиол­дол ихээр гардгийг НОБГ-аас онцолж байна” хэмээн  мэдээлжээ.

Э.Мөнхжаргал: Хоёр минут л хоцорсон бол тэр хүү амиа алдах байсан 

2014.07.16 

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт өнгөрсөн оны долдугаар сарын 5-ны өдөр цонхноос унах гэж байсан хүүхдийг цагдаагийн хоёр алба хаагч аварсан тухай хэвлэлийнхэн мэдээлж байсан. Тэгвэл үүргээ амжилттай биелүүлж, хүүхдийн амийг аварсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын алба хаагч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхжаргал ийн ярьжээ.

Тэрбээр “Ахлах ахлагч Ө.Батбаатартай хамт Баянзүрх дүүргийн IV, V хороонд машинтай эргүүл хийж байсан юм. Жижүүрийн албанаас 18.30 цагийн орчимд “Ромео Жульетта” хотхонд хүүхэд боомилогдсон байдалтай байна” гэсэн мэдээллийг өгсөн. Мэдээллийн дагуу “Ромео Жульетта” хотхонд очтол хүүхэд цонхноосоо боомилогдсон байдалтай дүүжлэгдсэн байсан.

Тэр хүүхэд дээд давхрын айлын цонхоор доош унаж зургаа, долдугаар давхрын дунд дүүжлэгдсэн байсан юм. Тиймээс Ахлах ахлагч Ө.Батбаатар зургадугаар давхрын айлд үлдээд би хүүхдийн гэрийн хаалгыг эвдэж орсон. Ө.Батбаатар хүүхдийн хөлнөөс өргөж өгөөд би дээд давхраас татах гэтэл гар хүрдэггүй.

Тэгж байтал хөршийнх нь хүмүүс ороод ирсэн. Хөршүүдээр нь хөлнөөсөө бариулж байгаад цонхоор нь доош зүтгэсэн. Бараг өөрөө унах шахаж байж хүүхдийн гараас нь барьж дээш татлаа. Тэр үед Ө.Батбаатар зургадугаар давхарт хүүгийн хөлөөс өргөж байгаад дээшээ гарч ирэхээс аргагүй болсон.

Тэгээд хөршүүдийг нь дуудаж хөлийг нь өргүүлээд өөрөө дээшээ гарч ирж надад тусалсан.  Унаж, татдаг өвчтэй хүүхэд бололтой юм билээ. Аав, ээж нь гэрээсээ гарахдаа уяж үлдээдэг юм байх. Тэр өдөр бас паарнаасаа уяад гарсан юм билээ. Гэтэл хүү онгорхой цонхоороо гарч, уяандаа тогтож байсан юм байна лээ.  Арав орчим настай хүүхэд. Бага насны болон өвчтэй хүүх­дээ гэр­тээ ган­цаа­ранг нь ор­хих­гүй бай­хыг эцэг эх­чүү­дэд са­нуул­маар бай­на. Түр ор­­хи­­хоос өөр ар­га­гүй бол цонх, таг­­таа сайн цоо­жилж бай­гаа­рай гэж зөв­лөе” хэмээн ярьжээ .

Б.Лхагвадорж: Цонхны ирмэг дээр сууж байгаа хүүхэд хүүтэй минь адилхан харагдаад аврах ёстой гэж бодогдсон

2015.05.19 

Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутагт байдаг 25 дугаар байрны тавдугаар давхрын цонхон дээр энэ сарын 15-нд бага насны хүүхэд гараад суучихсан нь тэр хавийнхныг сандаргасан. 25 дугаар байрныхан болон тэр хавьд явж байсан хүмүүс цуглаж хүүг аврахаар зарим нь онцгой байдлын газрын болон цагдаад дуудлага өгч, нөгөө хэсэг нь дор нь хөнжил барьж байсан тухай хүмүүс ярьсан. Нэг залуу доод давхрын тагтаар дамжиж байрных нь цонхыг хагалж, хүүг аварчээ. Хүүгийн амийг аварсан залууг Б.Лхагвадорж гэдэг аж. Тэрбээр “Манай ахынх дөрөвдүгээр давхарт нь амьдардаг юм.

Эхнэр хүүхэдтэйгээ ахындаа иртэл дээд давхрын айлд хүүхдүүд уйлалдаад байсан. Гэр бүлийн маргаан гарсан юм болов уу, хүүхдээ яагаад уйлуулаад байгаа юм бол гэж бодоод ахындаа яваад орсон. Гэтэл байрны гадаа хүмүүс шуугилдаад эхлэв. Цонхоороо хартал яг манай цонхны доор олон хүн цуглачихсан, дээшээ хараад орилолдоод байсан. Дээшээ хартал жаахан хүү цонхны ирмэг дээр хөлөө унжуулчихаж. “Намайг авраарай” гэж орилоод байсан нь л санагдаж байна. Би гэдэг хүн нэг мэдэхэд хүүгээ дагуулаад байрны гадаа гарчихсан байсан.

Гаднаас нэг харчихаад ахынх руугаа гүйлээ. Тэгэхэд миний хүү “Ааваа хаачих гээд байгаа юм бэ” гэж орилоод үлдсэн. Хүүгээ орхиод гүйчихэж байгаа нь тэр. Ахынд ороод шууд тагтаар дамжиж дээшээ гарсан. Тэгтэл нөгөө айлын тагт нь бас цоожтой. Ядаж байхад хаалт цонх нь жижиг зайтай. Нэг нүхнийх нь цонхыг хагалаад орсон санагдаж байна.

Тухайн үед юу хийгээд байгаагаа мэдэхээ больчихдог юм билээ. Ямар ч байсан тэр айлд хурдан орох ёстой гэдгээ мэдэрч байсан. Гэрт нь ороод салхивчаар хүүг татаж оруулахад хүмүүс алга ташаад байсныг сайн санадаг юм. Кинонд тоглоод байгаа ч юм шиг мэдрэмж төрсөн. Хүүг тэврээд тайвшруулахад яг миний хүүгийн үнэр үнэртсэн. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ” хэмээн ярьсан байна. 


СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ

-Хэнэггүй эцэг, эхчүүд, бодлогогүй шийдвэр гаргагчдаас болж хэчнээн хүүхэд хохиров-

Эрхэм уншигч авхай дээр дурьдсан жишээний төгсгөл болгон дээр гэртээ хүүхдээ битгий цоожлооч, анхаарал болгоомжтой байгаа ч гэж сэтгүүлч болгон, албаныхан, цагдаа, онцгой байдлынхан, хүүхэд аварсан иргэд бүгд л хэлсэн, бичсэн байгааг анзаарсан байх. Гэсэн ч энд дахиад л анхааруулж, сануулмаар байна. Бага насны хүүхдээ ямар ч тохиолдолд ганцааранг нь битгий орхиоч. 

Гэр хороололд амьдарч байгаа иргэд хүүхдээ гэртээ ганцааранг нь, хоёуланг нь үлдээснээс болоод гал алдах, гэртэйгээ шатаж амиа алдах тохиолдол маш их гарч байгаа. Дээр л тойрог дотор сүүлийн хоёр, гурван жилд гарсан хэргийн зах зухаас л дурьдлаа. Энэ мэт бага насны хүүхэд шатаж амиа алдсан хэрэг хэдэн арваараа тоологдоно. Хамгийн сүүлд гэхэд Хөвсгөлд гурван нялх үрс амиа алдлаа. Хайран үрс, ирээдүйн эх орны эзэд минь. Энэ орчлонд ирээд дөнгөж л хоёр гуравхан настай байхдаа бурханы орон руу одож байна. 

Ердөө л хэнэггүй эцэг, эхчүүдийн гайгаар шүү дээ. Хүмүүс өөрсдийгөө яаж ч өмөөрч болно. Яаралтай ажил гараад, түр гарсан. Амьдрахын эрхэнд хүүхдээ үлдээхгүй гээд яах билээ. Явуулах цэцэрлэг алга энэ тэр гээд л. Мэдээж асуудал хүн болгонд л байгаа. Гэхдээ л юуны өмнө үр хүүхдээ, тэр дундаа нялх үрсээ бодож байя.

Орон сууцанд амьдарч байгаа иргэд хүүхдээ гэртээ цоожилж үлдээх асуудал бүр их гарч байна. 

Орон сууцанд амьдарч байгаа иргэд хүүхдээ гэртээ цоожилж үлдээх асуудал бүр их гарч байна. Дотроо шээгээд баачихна, галд түлэгдчихнэ гэхгүй, хоолтой л байвал болно гэж боддог юм шиг байгаа юм. Гэтэл юу ч мэдэхгүй нялх үрс цонхоор унаад л амиа алдаж байгаа хэрэг хэчнээн их гарав.

Азаар аврагдаж байгаа нь ч бий. Хамгийн сүүлд гэхэд Баянгол дүүрэгт гарсан хэрэг. Аз таарч тэр залуу эрсдэлийг ч үл тоон хүүгийн амийг аварлаа. Аав нь хоёр хүүхдээ хүүхэлдэйн кино тавьж өгчихөөд явчихсан байгаа юм. Ийм зүйл байж болох уу. Ядаж л 14-өөс дээш насны хүүхдээр харгалзуулж баймаар байя. 

Хүүхэлдэйн кино тавьж өгчихөөд, жаахан хүүхдээ орхиод явчихдаг байдлаа зогсооцгооё. Ямар ч яаралтай ажил нялх үрсээс чинь илүү байв л гэж. Унаа тэрэгтэй хүн бол машиндаа суулгаад аваад явсан ч яахав дээ. Албан ажилтай хувийн цэцэрлэгт ч болов өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй, гэртээ цоожлоод, хэнэггүйтээд байж болмооргүй байна аа, та минь ээ. Нөгөө талаар ард иргэдээ боддоггүй шийдвэр гаргагчдын гай бас байна. Өнөөдөр Улаанбаатар хотод цэцэрлэг үнэхээр хүрэлцээгүй байгаа.  

Цэцэрлэгт хүүхдээ оруулна гэдэг эцэг, эхчүүдийн хувьд энх цагийн дайн болчихсон.  Уг нь бид ийм цөөхөн иргэнтэй байж цэцэрлэгээр хомсдоод, байлдаад, эсвэл хүүхдээ гэртээ цоожлоод байх ёсгүй. Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын чуулганаар Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжжээ.

Хуулийн төсөлд бага насны хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь заавал хүргэж өгөх, эрх зүйн чадамжтай буюу 14-өөс дээш насны ах эгч нараар нь харгалзуулж болохоор тусгажээ.

Гишүүдийн зүгээс бага насны хүүхдийг гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байхаар хуульд тусгаж болох эсэхийг тодруулсан. Харин ажлын хэсгийн гишүүд хэрэв энэ зүйл заалтыг хуулинд оруулбал хүн бүр хууль зөрчигч болох нь гэдгийг онцолсон юм.  Мэдээж хүүхдээ ганцааранг нь явуулах, гэрт нь цоожлохыг хүсдэг эцэг, эх гэж юу байхав. 

Үнэхээр хэнэггүй цөөн хэдэн нөхөд л хаашаа юм гэхээс. Гэтэл гишүүд энэ мэт хууль батлах талаар яриад сууж байх гэж. Мэдээж энэ хууль тодорхой хэмжээнд хэрэгтэй. Гэхдээ хуулиас илүү хүүхдээ явуулах цэцэрлэг, сургуулийн автобус хэрэгтэй байна.

Тэгвэл хэн ч хүүхдээ гэрт нь цоожлоод, холоос ганцааранг нь сургуульд явуулаад байхгүй шүү дээ.  Энэ мэт асуудлаа боддог, толгой нь жаахан ажилладаг шийдвэр гаргагчид хэрэгтэй байна. Дахин дахин хэлэхэд, эцэг, эхчүүд минь хүүхдээ битгий гэртээ ганцааранг нь цоожилж үлдээгээрэй.

Зураг