Францын иргэн 39 настай Рот Николас (Roth Nicolas), 35 настай Аннк (Annk) нар өөрийн 7 настай хүү Ное (Noe), 6 настай хүү Том (Tom) нараа дагуулан унадаг дугуйгаар дэлхийг тойрох гэж байна.
Тэд Францаас Москва хүртэл нисч, Москвагаас Монгол хүртэл галт тэргээр иржээ.
Аяллын маршрут ёсоор Хятад Улсад 45 хоног, Казакстан Улсад 15 хоног, Кыргызстан Улсад 45 хоног, дараа нь буцаад Хятад Улсын Түвэд ороод Балба Улсад очих аж. Мөн Балбад хүүхдийн сургууль барих ажилд таван сарын хугацаанд туслах юм байна.
Нөхөр Рот Николас нь Францад “Omega” цагны үйлдвэрт ажилладаг бол эхнэр Аннк нь сувилагч мэргэжилтэй аж. Тэд энэхүү аяллаа Афганистан, Пакистанаас эхлэхээр төлөвлөж байсан ч найзынхаа зөвлөснөөр манай улсаас эхэлж байгаа гэнэ.
Тэд шөнөдөө майхандаа хонодог. Дугуй бүр 26 килограмм ачаатай, ачаандаа дөрвөн хүний майхан, гудас, хөнжил, бензинээр ажилладаг плитка, хоол хүнс бусад зүйлсээ ачсан, гар чийдэн бусад зайгаа цэнэглэх нарны зайн цэнэглэгчтэй. Хаана явж байгаагаа тодорхойлох GPS төхөөрөмжтэйгээр аяллаа үргэжлүүлж байна.
Тэдний блог хаяг нь: radicalaventure.over-blog.com