Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх цаг үеийн хамгийн хүчирхэг ТАВАН ИХ ГҮРЭН

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

The National Interest онлайн сэтгүүлийн туслах эрхлэгч Ахилеш Пиллаламарригийн бичсэн өгүүллийг орчуулан хүргэж байна.


Дэлхийн түүхэнд олон том улс үндэстнүүд оршин тогтнож байснаас жинхэнэ хүчирхэг гүрэн улс (superpower) цөөхөн бий.

Бусдаас илүү хүчтэй байж супер гүрний статусаа хадгална гэдэг маш хэцүү.

Миний гаргасан жагсаалтад хэдийгээр алдар нэр нь түүхэнд дуурсаж байсан ч Оттоман, Перс, Испани, Араб, Маурын болон Хятадын Тан зэрэг эзэнт гүрнүүд орж чадсангүй.

Бүх түүхийн хамгийн том таван гүрэн улсуудыг энд дурдлаа.

 

Ромын эзэнт гүрэн

 

Ромын эзэнт гүрэн хөгжлийн оргил үедээ буюу хоёрдугаар зуунд бусад бүх эртний улсуудаас хол тасархай хүчирхэгжсэн байлаа.

Хэдийгээр Энэтхэг, Хятад хүртэл тэлээгүй ч Ойрхи Дорнод, Европт ямар ч эргэлзээгүй ноёлж байсан юм. Ром нь эртний гол соёл иргэншлүүдийн голомт болох Грек, Египет, Левант, Анатолиа, Итали зэрэг нутгийг багтааж байлаа.

Хүн амын тоо нь оргил үедээ 60 саяд хүрч байсан нь тухайн үеийн дэлхийн хүн амын томоохон хувийг эзэлж байв.

Ромын цэргийн хүчтэй өрсөлдөхүйц хэмжээнд байсан Перс л гэхэд түүний хаана нь хүрдэггүй байсан юм. Ромын легионууд Персийн гүнд чөлөөтэй цөмөрч чаддаг байсан бол Персүүд Ромд хүрнэ гэдэг мөрөөдөл байжээ.

Ромын легионууд тухайн үедээ хэнд ч дийлдэшгүй байсан гэдэг.

Харамсалтай нь Ром гадны хүчээс болж бус, харин дотоодын зөрчил тэмцэл, эдийн засгийн хямрал, хөлсний цэрэгт хэт найдсанаас болж унасан гэдэг.

 

Монголын эзэнт гүрэн

 

Монголын эзэнт гүрэн дэлхийн хамгийн том хуурай газрын гүрэн байлаа. Тэдний хүчирхэгжилт гайхалтай. Монгол аймгууд нийлээд нэг сая орчим хүн амтай байсан ч өөрсдөөсөө хэдэн зуу дахин олон хүн амтай улс үндэстнүүдийг эзлэн захирч байв.

Тэдний гарамгай тактик, хөдөлгөөнт нүүдэлчин байдал, эзэлсэн газар нутгаасаа технологи авч нэвтрүүлэх чадвар онцгой байлаа.

Удирдагч Тэмүүжин Монгол аймгуудыг нэгтгэн 1206 онд Чингис хаан цолонд өргөмжлөгдөв. Тэр Хойд Хятадыг эзэлсний дараа элч нарыг нь хөнөөсөн Төв Азийг дайлаар морджээ.

1219-1221 онуудад хийсэн түүний аян дайн Төв Ази, Ираны бүс нутагт түүхийн хамгийн харгис ул мөр үлдээсэн юм. Хэдийгээр тоо нь маргаантай байдаг ч энэ үед 15-50 сая хүнийг хядсан гэдэг. Чингис хааны захиргаанд Евразийн ихэнх хэсэг, Ойрхи Дорнодын ихэнх, Зүүн Европын хагас, Орос, Хятад бүхлээрээ багтаж байлаа.

Эзэнт гүрний захиргаанд байх богинохон хугацаанд дэлхий даяар энх тайван байдал тогтож, худалдаа арилжаа цэцэглэсэн гэдэг.

Япон болон Левантад ялагдаж байсныг эс тооцвол Монголын эзэнт гүрний гол аюул занал нь дотоодын зөрчил тэмцэл байсан ба сүүлдээ дөрвөн хаант улсад хуваагдан задарсан юм.

Өнөөдөр үлдсэн Монголын эзэнт гүрний өв бол дэлхийн хүн амын эрчүүдийн 8 хувь нь Чингис хааны удам гэсэн тоо баримт юм.

 

Британий эзэнт гүрэн

 

Колоничлол болон худалдаа арилжааны үйл ажиллагаан дээр тулгуурлан Британий эзэнт гүрэн хүчирхэгжиж 18 дугаар зуунаас 20 дугаар зууны эх хүртэл оршжээ.

Дэлхийн гадаргын дөрөвний нэгийг эзэмшдэг Британий эзэнт гүрний дээр нар жаргадаггүй байсан гэдэг. Оргил үед нь дэлхийн хүн амын 20 хувь харьяалагдаж байлаа.

Өмнөх эзэнт гүрнүүдээс ялгаатай нь Британид дэлхийн хаана ч хүрч чадах далайн флот байв. Хуурай газарт ноёрхлоо тогтоохоос илүүтэй тэд стратегийн чухал цэгүүдийг хяналтандаа байлган, худалдаа арилжааг атгаж байлаа. Жишээ нь Суэц, Малакка, Аден, Ормуз, Гибралтар бүгд Британий мэдэлд байсан юм.

Энэ давуу тал нь Британийг маш их баян чинээлэг болгож байв.

Британичууд маш олон янзын соёл иргэншилтэй улсуудыг захирч байлаа. Тиймээс тэд уугуул хүмүүсийг нь хөгжүүлэн, төлөөний хүнээ томилон захируулдаг байсан нь бусад гүрнүүдээс онцлог байв. Британий захиргаанд Энэтхэг, Египет, Канад зэрэг соёлын эрс ялгаатай газар орон, үндэс угсаатнууд багтдаг байлаа.

 

Зөвлөлт Холбоот Улс

 

Газар нутаг, нөөц баялаг нь ЗХУ-ыг их гүрэн болгох нь гарцаагүй байв. Оросын эзэнт гүрнийг залгамжилсан учраас маш олон тооны үндэстнүүдийг дотроо багтааж байсан ба “үндэстнүүдийн шорон” гэсэн нэр ч зүүж байсан юм.

Зөвлөлтийн хүч нь эзлэхэд дэндүү хэцүү, үлэмж том газар нутаг юм гэдгийг Гитлер батласан.

Энэхүү асар том, баялаг газар нь гадны ямар ч армийг сөхрүүлж чаддаг байв.

Зөвлөлтийн газарзүйн давуу тал нь Евразийн зүрхийг эзэгнэсэн орон бүх Евразийг, цаашлаад дэлхийг захирна гэсэн геополитикийн онолыг бий болгож Барууныхныг айлгасаар ирсэн юм.

 

Америкийн Нэгдсэн Улс

 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийн супер их гүрнээр АНУ тодорсон юм. Дайны дараа АНУ дэлхийн нийт ДНБ-ий талыг үйлдвэрлэж байлаа.

Дөч орчим жилийн турш ЗХУ түүнтэй өрсөлдсөн ч АНУ эдийн засаг, газар зүй, холбоотнуудынхаа хувьд ямагт илүү байв.

ЗХУ задран унасны дараа Америк нь газарт, далайд, агаарт цэрэг, технологийн хүчээр илүүрхэж байна.

АНУ нь өмнөх их гүрнүүдийн гол давуу талуудыг өөртөө агуулж байдаг. ЗХУ шиг асар том, тивийн хэмжээний, баялаг газар нутагтай. Монголчууд шиг өрсөлдөгчдөөсөө илүү хүчирхэг зэвсэгт хүчинтэй.

Ром шиг тэдэнтэй шууд өрсөлдөхүйц улс орон байхгүй. Британи шиг далайд ноёрхлоо тогтоосон, худалдааны сүлжээг хянаж байгаа.

Гэсэн хэдий ч бид бүх супер гүрнүүд зөвхөн дотоод хямралаасаа болж сүйрдэг гэдгийг мартаж болохгүй. Ямар ч том гүрэн, эдийн засаг, цэрэг зэвсгийн хувьд хэр хүчтэйгээсээ үл хамааран үүнийг санаж явах ёстой.