Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий Архитектор Н.Нацагдорж яагаад ажлаа өгөх болов

Р.Саруул
2015 оны 5 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Чухам яагаад ийнхүү гэнэт ажлаа өгөх болсон нь тодорхойгүй байгаа ч сүүлийн үед асуудал болоод буй орон сууцтай холбоотой хэмээн албан бус эх сурвалжууд мэдээллээ.

Өөрөөр хэлбэл Хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн Бямба гарагт Баянгол дүүргийн XIV хорооны XVI байрны 200 гаруй оршин суугчтай холбоотой асуудлаар холбогдох бүхий л албан тушаалтнуудыг цуглуулж шуурхай хурал хийсэн.

Энэ хурлаар хотын дарга иргэдийг олноор нь хохироосон албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэж зохих газарт нь шалгуулна гэсэн хатуу үг чулуудаад авсан юм.

Энэхүү байрыг нурах аюулд оруулсан “Би Жи Би Жи” ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхантай үгсэн хуйвалдаж газрын зориулалтыг өөрчилж барилгын ажлыг эхлүүлсэн нь олон бичиг баримтаар тогтоогдсонд гол учир оршиж буй.

Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн оны есдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.

Уг нь хотын дарга Э.Бат-Үүл А/115 тоот газар өмчлөх эрхийн захирамжаар тус компанид 3000 m2 газрыг гараж, үйлчилгээний зориулалтаар олгожээ. Гэтэл НЕТГ өнгөрсөн гуравдугаар сарын 19-ны өдөр БГД/337 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг үйлчилгээ бүхий 18 давхар орон сууцны барилга болгож газрын зориулалтыг нь өөрчлөн баталснаас болж ийнхүү олон оршин суугч хохирч зочид буудал болон айлаар хоног төөрүүлэн яваа аж.

Товчхондоо бол мэргэжлийн хяналтынхан НЕТГ-ыгархитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалж, газрыг зориулалтын дагуу төлөвлөлт хийхийг шаардсан гэсэн үг.

Түүгээр ч зогсохгүй, өөр олон хууль бус барилга дээр тун зарчимгүй аашилсан гэдгийг хэвлэлийн эх сурвалжууд баримтаар баталж байгаа. 

Энэ асуудлаар Баянгол дүүргийн Засаг дарга Г.Оросоо “Зөвшөөрөл олгосон болон, барилгын суурь ухаж, зэргэлдээх байрны олон арван оршин суугчдыг түгшүүрт байдалд оруулсан буруутай этгээд болон албан тушаалтнуудыг шалгуулж, эрүү үүсгэх болно” гэдгээ ч мэдэгдсэн.

Ямартай ч үүсээд буй энэхүү нөхцөл байдал нь Н.Нацагдорж даргыг ажлаа өгөх шалтгаан болсон гэх таамаглалыг олон хүн дэвшүүлж байна. Мөн ойрын эх сурвалжийн хэлснээр түүний орыг залгамжлагчаар Одбаяр гэх эрхэм тодроод байгаа аж. Гэтэл зарим эх сурвалж Н.Нацагдоржийг ийнхүү гэнэт ажлаа хүлээлгэж өгсөн нь цаанаа нарийн учиртай хэмээн тайлбарлаж байна. Тодруулбал,өнгөрсөн хугацаанд тэрбээр НЕТГ-ын даргаар ажиллахдаа нэр цэвэр байгаагүй бөгөөд олон асуудалд холбогдож банга хүртэж байсан нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлдсэн юм.

Тухайлбал, тэрбээр 2013 оны есдүгээр сард Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Гацуурт” компани хууль бус барилгын асуудалд нэр холбогдон уг компани барилгыг өөхшүүлсэн. Түүгээр ч зогсохгүй, өөр олон хууль бус барилга дээр тун зарчимгүй аашилсан гэдгийг хэвлэлийн эх сурвалжууд баримтаар баталж байгаа.

Уг хэргийг эргэн сөхвөөс архитектур төлөвлөлтийн 2013 оны зургаадугаар сарь 04-ний өдрийн 606 дугаар даалгаварт тэрбээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороон нутаг дэвсгэрт, Казахстан Улсын Элчин сайдын яамны баруун талд байршилтай 0.222 га талбайд орон cyyц, үйлчилгээний зориулалттай барилгыг хууль бусаар бариулжээ.

Уг барилгын захирамжийг 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гаргасан байна. Гүйцэтгэгч нь “Мандс Инвест” гэх компани байсан бөгөөд уг компани нь өмнөх ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатартай холбоотой байсан аж. Энэхүү хууль бус барилгынх нь хажуугийн “Skу tower” болон “Twin park’’-ын оршин суугчдын эрх ашгийг хөндсөн тул иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж ялалт байгуулсан.

Энэ мэтээр мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлтийг өөрчилж алдаа гаргаж байсан нь Н.Нацагдоржийг энэ удаа ажлаа хүлээлгэн өгөхөд, хүргэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй.

Зураг