Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг зээлдэгчид ногдох ипотекийн зээлийн дундаж хэмжээ 58.8 сая төгрөг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

~Орон сууцны ипотекийн зээлийн тайлан~

Орон сууцны ипотекийн зээлийн гуравдугаар сарын тайланг Монгол банкнаас гаргажээ. Ипотекийн зээлийг олгож байгаа гол зорилго нь эдийн засгийн хуримтлалыг дэмжих, өрхийн хуримтлалыг өсгөн нэмэгдүүлэх байдаг.

Ипотекийн зээлийн цаашдын чиг хандлагын талаар Монголбанкны зүгээс цаашид урт хугацаандаа үргэлжлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. 

Гуравдугаар сарын тайлангаас харахад арилжааны банкууд тухайн сард нийт 1,617 иргэнд 95.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Энэ нь өмнөх сараас 14.6 хувиар өсөлттэй байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.8 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Нэг зээлдэгчид зээл олгосон дундаж хэмжээ нь 58.8 сая төгрөг байгаа гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Харин иргэдийн зээлээ төлөх дундаж хугацаа нь 15.5 жил гэсэн  үзүүлэлттэй байна. 

Үзүүлэлтийг динамик байдлаар харуулбал:

 

2013 оноос хойш олгож эхэлсэн ипотекийн зээлийн нэгдсэн тоо баримтыг харвал нийт 69,269 иргэн зээл авч, банкууд 3.15 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. 

Харин нийт зээлийн 1.8 хувь нь хугацаа хэтэрсэн бол чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 хувь байгаа гэсэн тооцоо гарчээ.

Орон сууцны үнийн тухайд гуравдугаар сард өмнөх сараа бодвол 0.1 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар буурчээ.

Ерөнхийдөө бууралттай байсан орон сууцны үнэ энэ сард яагаад өсөх болсон шалтгаан нь тухайн сард өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотой аж. 

Шинэ орон сууцны метр квадратын үнэ 2.1 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.8 хувиар буурчээ.