Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Очгэрэл: Нөхөр маань магтаал, шүүмж хоёуланг нь хэлсэн

Х.Монголхатан
2015 оны 4 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

“Өөр мэдээ” энэ дугаарт “Содура” киноны гол дүрийг бүтээсэн Ч.Очгэрэлийг онцоллоо. Түүнийг “Universe best songs” наадмын оролцогч, “Мартагдашгүй намар-2” киноны Туулын дүрээр хүмүүс мэддэг. Харин саяхан нээлтээ хийсэн “Содура” киноны гол дүрд тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байна.

Ч.Очгэрэл МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатич мэргэжлээр төгссөн ч фото модель, дуучин, жүжигчин зэрэг олон талын авьяастай. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг гэрийн сайн эзэгтэй юм. 

Тэрээр мэргэжлийн болон урлаг, уран сайхны ажлаас гадна өрх толгойлсон эмэгтэйчүүдэд туслах ажил хийх ирээдүйн зорилготой. Энэ талаар ярихдаа “Яаж ч хичээж, зүтгээд, үр хүүхдээ хүний дайтай өсгөх гэхээр ганцаардаад тулж түших хөшүүрэггүй эмэгтэйчүүдэд тусламаар санагддаг. Тэд жаахан ч болов туслалцаа авбал амьдралаа санасанаараа аваад явах боломжтой болох байх. Энэ ажлаа яваандаа хийх болно” гэсэн юм. Ингээд Содура буюу Ч.Очгэрэлтэй ярилцсанаа хүргэе. 

-Содура кинонд үзэгчид ам сайтай байна. Гол дүрд нь тоглосон хүний хувьд киногоо хэрхэн дүгнэж байна вэ?

-Би киногоо ганц л удаа үзсэн. Нээлтийн өдөр сэтгэл хөөрөөд учир алдаа, оноогоо олж хараагүй. Одоо ч сэтгэл өндөр, яриад эхлэхээр огшиж байна. Удахгүй чимээ шуугиан намжсаны дараа очиж үзээд алдаа, оноогоо цэгнэе гэж бодож байгаа. Тоглосон жүжигчид бүгд л сэтгэгдэл маш өндөр байна лээ, өөрсдөөрөө бахархсан. 

-Чиний хувьд мэргэжлийн жүжигчин биш ч кинонд амжилттай тоглолоо. Кино урлагтай ямар сэжмээр холбогдов?

-“UBS” телевизийн “Мартагдашгүй намар-2” кинонд Туулын дүрд тоглосон. Эндээс “UBS”-ийнхэнтэйгээ холбогдсон. Бүр угшил ярьвал мэдээж “Universe best songs” наадамд оролцсоноос эхтэй.

Кинонд тоглох нь надаас ихээхэн ур чадвар шаардсан.

Энэ кинонд тоглохын тулд бусад жүжигчидтэй адил проб өгч шалгуулаад, тэнцсэн.

Очгэрэл бол Содура юм гээд шууд сонгохгүй шүү дээ. Кинонд тоглох нь надаас ихээхэн ур чадвар шаардсан. Мэргэжлийн жүжигчдээс их зүйл сурсан. 

-Гадаад дүр төрх чинь Содурад сонгогдоход нөлөөлсөн үү?

-Зохиол маш олон хувилбартай байсан ч эцсийн хувилбар дээрээ Содура хотоос очсон охин болж тогтсон юм билээ. Хотоос ирсэн гэдэг утгаараа зохиолч, найруулагчдын санаагаар Содура цаатнуудыг бодвол нуруулаг байхаар сонгосон юм болов уу гэж бодсон.

Надтай хамт тоглосон Амгаланбаатар ч нуруулаг залуу. Гол дүрийн хоёроо нуруу дүйцэхүйц байлгахаар сонголт хийсэн байх. Хайр дурлал, сэтгэлийн нандин холбоосыг үнэн байлгахад бидний гадаад төрх чухал байсан болов уу. Түүнээс яг царай зүс таарч байна гээд сонгоогүй байх.

-Кино зураг авалтыг Хөвсгөлийн тайгад хийсэн гэсэн. Орчин нөхцөлдөө дасах хэцүү байсан уу?

-Би олон хоногоор хөдөө явж үзээгүй. Гэтэл суурин биш газар, бүр тайгад очиж “UBS camp” байгуулж, тэндээ амьдарч эхэлсэн. Эхэндээ идээшихэд хэцүү, шантрах ч зүйл байсан. Мэргэжлийн жүжигчид сэтгэл санаагаа даван гарах, орчин тойрондоо зохицох, дүрдээ орох чадвар суусан байдаг байх.

Харин мэргэжлийн бус жүжигчдэд сэтгэлзүйн байдлаа даван гарах хэцүү юм билээ. 100 гаруй хүн нэг дор цуглаад нэг хамт олон болох амаргүй шүү дээ. Гэхдээ энэ бол эхний өдрүүдийн бэрхшээл. Удалгүй бид нэгдэж чадсан.

“UBS” телевизийн хамт олонтой “Мартагдашгүй намар” кинон дээр хамтран ажилласан болохоор ойлголцож ажиллахад амар байсан. Тиймээс хаа хол Хөвсгөлд очиж кино хийнэ гэхэд огт таньж мэдэхгүй хүмүүс санал тавьсан бол үгүй гэх байсан биз. Миний хувьд эднийгээ сайн мэддэг учраас гэр бүлийнхэн маань зөвшөөрөхөд ч амар байсан.

-Содурагийн дүрийг бүтээхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Би өөрийгөө хэрэндээ л бэлдсэн. Тэр олон хүний хүч хөдөлмөрийг нураачих вий, гол дүрийн хувьд хариуцлага алдахгүйг хичээж, дүр дээрээ ажиллаж, үнэхээр их бэлдсэн. Зохиолоо аваад өдөр бүр уншиж, давтаж байлаа. Гэхдээ тухайн газар орон нь хүнийг илүү өдөөж өгдөг юм билээ. Тайгын амьдралд дагаад ирэхээр гэрт бэлдэж байсан маань арай илүү амьд болж ирсэн.

Дэлгэцээр Содура гээд гол дүр гарч байгаа ч цаана нь олон хүний хүч хөдөлмөр бий. Тэр хүмүүсийн хүч хөдөлмөргүйгээр энэ кино дэлгэцээр гарахгүй. Наад зах нь өндөр уул руу хэдэн зуун кг-ийн жинтэй краныг зөөхийг харж байгаа надад хэцүү байхад үүрч яваа хүмүүст бүр хэцүү байсан байх. Тэд жүжигчдээс илүү хүч хөдөлмөр гаргасан.   

-Чиний хувьд киноныхоо дууг дуулсан, Содура ч дуучин бүсгүйн дүр. Харин Ч.Очгэрэл дуу хөгжимтэй хэрхэн холбогдсон тухайгаа яриач?

-Анх “Universe best songs” наадамд оролцож байсан болохоор намайг дуулдаг гэж мэддэг. Нэгэнт киноны гол дүрд сонгосон болохоор нэг дууг нь надаар дуулуулахаар шийдсэн байх. Ахуй орчноо мэдэрч дуулахаар дуу сэтгэлийн гүнээс гардаг юм билээ. Үг, ая нь арга билэг шиг хосолсон сайхан дууг дуулсандаа баяртай байна.

-Содура түүдгийн дэргэд хайртай залуугийнхаа хуримын анхны шөнөд зориулан дуу дуулж өгдөг. Тэр мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?

-Шөнөөс эхлээд үүрийн гэгээ ортол авсан, гурван өдрийн зураг авалт болсон. Нэгэнт би уйлна, дуулна гэдгээ сайн бэлдсэн учраас сэтгэл санааны хувьд арай гайгүй байсан. Бусад хүмүүс түүдгийн хажууд удаан суудаг учир даарна.

Нутгийн иргэд ч гэртээ харьж амармаар байсан биз. Тиймээс сайн тоглоод хурдхан зурагаа дуусгахыг хүсч хичээж тоглосон. Дуугаа дуулж уйлж байхдаа нөхрөө л бодсон доо. Өөр хүнтэй суугаад явчихад нь ганцаараа хуриман дээр нь дуулж зогссон бол яана гэж бодоод уйлсан.

-“Содура” бол цаатнуудын амьдралыг харуулсан түүхэн кино. Хэр судалгаа хийж, мэдлэг нэмэв?

-Эндээс явахдаа нэг их мэдээлэлгүй байсан. Хүмүүс л бөө удган ихтэй, нүд рүү нь харж болдоггүй гэнэ лээ гээд янз бүрийн юм хэлж байсан. Харин тайгад очиход байдал өөр юм билээ. Жирийн бидэн шиг хүмүүс. Гэхдээ нийгмээс тусгаарлагдсан, цөөхүүлээ байдаг гэдэг утгаараа үг яриа цөөтэй, товчхон яриатай юм билээ.

-Кинонд гарч байгаа үйл явдал, зан заншил ахуй байдал нь өнөөгийн цаатнуудыг харуулж чад­сан уу, эсвэл уран сайхны өгүүлэмж ихтэй юу?

-Мэдээж “Содура” уран сайхны туульсийн кино учраас зохиолчийн нэмж хачирласан, хассан зүйлс байгаа байх. Би жүжигчин хүний хувьд зохиолчоос энэ кино зохиолын түүх үнэн үү, худлаа юу гэж асуугаагүй.

-Өмсгөл зүүсгэл, хувцас хэрэглэлийн хувьд өдөр тутам хэрэглэж байна уу?

-Энэ кинон дээр зураачид сайн судалгаатай орсон юм билээ. Дээр үед цаатнуудын өмсч зүүдэг байсан хувцас чимэглэлийг нүд баясгахаар хийж өгсөн. Өнөөгийн миний нүдээр харсан цаатнууд бол орчин үеийн хувцастай, өдөн куртка, пүүз өмссөн байсан.

Харин цаагаа маллахдаа Монгол дээл өмсдөг юм билээ. Энэ кинонд цаатнуудын зан заншил, хувцас хэрэглэл ийм байсан гээд гаргаж ирсэн учраас дараа дараагийн уран бүтээлүүдэд өлгөж авах нэг шат болсон. Содураг кино гэхээс илүү бүтээл гэж үнэлж байгаа.

-Энэ киноны үзэгчдэд өгч буй мессеж олон талын өргөн утга агуулгатай санагдсан. Уран бүтээлчийн хувьд ач холбогдлыг нь юу гэж харж байв?

-Хүн бүр өөр өөрийн өнцгөөс олж харах байх. Миний хувьд эмэгтэй хүний нандин уяхан сэтгэл, бүсгүй хүн бүрт тохиолддог бүх л хайр дурлалыг зэрэг харуулсан юм шиг санагдсан. Эцэг эхийн хайр, өнчрөл хагацал, амраг сэтгэлийн хайр, отог омогоо бодсон хайр гээд эмэгтэй хүний хязгааргүй хайрыг харуулсан.

Энэ гол санаан дээр тулгуурлан үйл явдлууд өрнөж, үндэснийхээ цөөнхийг хайрлаж хамгаалъя, цаашлаад монгол үндэстэн цөөхөн шүү гэдгийг ойлгуулж, амьд харилцаа, сэтгэлийн нандин чанараа бүү гээгээсэй гэсэн санааг ойлгуулах болов уу. Ер нь үг үйлдэл бүр нь санаа өгсөн бүтээл юм даа.

-Гол дүрийг нь бүтээсэн анхны кино чинь үзэгчдэд хүрлээ. Гэр бүлийнхэн найз нөхөд цаашлаад мэргэжлийн хүмүүс хэрхэн үнэлж, ямар урмыг үг хэлсэн бэ?

-Зураг авалтад явж байх хугацаанд ар гэрийн бүх ачааг гэр бүлийнхэн, хань ижил, аав ээж, дүү маань үүрэлцсэн. Тэдэндээ хамгийн түрүүнд киногоо үзүүлсэн. Ээж маань аяга дүүрэн ус хажуулдаад тавьсан мэт нулимс урсаад л байлаа гэж хэлсэн. Хүний ээж гэдэг ямар ч үед үр хүүхдийнхээ талд байж, бахархаж байдаг шүү дээ.

Аав минь бодож байснаас илүү  тогложээ гэсэн. Харин нөхөр маань магтаал, шүүмж хоёуланг нь хэлсэн. Ардын жүжигчин Цэрэндагва гуай, Мэндбаяр эгч хоёроосоо сайхан үг сонссон. Сонин хэвлэлээр дамжуулан талархлын үгс нэлээд сонссон.

Гавьяат жүжигчин дуучин Б.Сарантуяа эгчээс сониноор дамжуулж талархлын үг авсандаа баяртай байгаа. Багаасаа хайрлаж, хүндэлж дууг нь сонсч ирсэн дуучнаасаа сайхан үг сонсох гоё байсан. Магтаал дааж явна гэдэг хэцүү юм байна гэдгийг ойлгож сууна. Харин шүүмжлэл нь арай дээр юм шиг санагдсан.

-Ямартаа ч анхны кинондоо амжилттай тоглолоо. Цаашид кино урлагт ажиллах бодол байна уу?

-Кинонд тоглох саналууд ирж байна. Одоогоор охин маань нялх байгаа болохоор жаахан томруулж байгаад болно. Энэ киног үзсэн үзэгчид Очгэрэл гэдэг хүнээс илүүтэй гэнэн цайлган Содура гэх бүсгүйг хайрлаж байна. Тиймээс хүмүүсийн хайрлаж байгаа дүрийг муухай дүрээр сольчих вий гэж санаа зовж, дүр сонгохдоо хянамгай, бодолтой байх болно.

-Кино зураг авалтын үеэр жирэмсэн байсан гэсэн үү?

-Содура киноны өвлийн зураг авалтад явах үедээ жирэмсэн байсан. Манайхан жирэмсэн хүнийг хайрлаж, хүндэлдэг учраас асуудалгүй зураг авалт явагдсан. Орцонд авхуулсан зургийг хотод авсан болохоор гэрийнхээ хажууд ядрах нь гайгүй байсан. Клипний зураг авалтын үед ч жирэмсэн байсан.

-Дуулах авьяасаа цаашид хөгжүүлж, уран бүтээл хийх үү?

- Дуулах санал нэлээд ирж байгаа ч одоогоор шийдээгүй л байна. Гэхдээ яг дуулаад явна гэж бодохгүй байна. Яагаад гэвэл би гурван хүүхдийн ээж. Өөрийгөө биш үр хүүхдээ бодох ёстой. Том охин маань энэ жил нэгдүгээр ангид орно. Охиндоо анхаарал тавих хэрэгтэй.  Тиймээс цаашид яахаа бодож байж шийднэ.

Зураг