Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын шинэ банк, Америкийн толгойны өвчин

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хятад улс нь Азийн Дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын Банк (АДХБ) нэртэй Бээжинд төвлөрөх ОУ-ын томоохон байгууллагыг байгуулж байна.

Олон улс орнууд энэ банкинд нэгдэхээ илэрхийлээд байгаа бол хамгийн сүүлд ОХУ нэгдэхээ мэдэгдлээ.

ОХУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Игорь Шувалов өнгөрсөн Бямба гарагт Хятадад болсон олон улсын чуулган дээр энэ шийдвэрийг ерөнхийлөгч В.Путин гаргасан талаар мэдэгджээ.

Гуравдугаар сарын 31-нд нэгдэн орох хүсэлтийг хүлээж авч дуусах юм. Тэгвэл одоогийн байдлаар АНУ-ын ойрын холбоотон болох Ази, Европын олон орнууд нэгдэхээ илэрхийлээд байна.

Нийт $50 тэрбумын хөрөнгөтэй, Ази тивд шинэ авто зам, төмөр зам байгуулах төслүүдийг санхүүжүүлэх зорилготой энэ банканд сүүлийн хэд хоногт Их Британи, Герман, Франц, Итали, Өмнөд Солонгос зэрэг хүчирхэг эдийн засагтай орнууд нэгдээд байгаа юм.

Гаднаас нь харахад аль нэг олон улсын банканд ямар ч улс нэгдэх нь хэвийн үзэгдэл мэт боловч Вашингтоны ашиг сонирхолд томоохон асуудал болоод байна. АНУ хэдэн долоо хоногийн хугацаанд өөрийн холбоотнуудыг уг банканд нэгдэхээс татгалзуулах, ядаж л хугацааг нь хойшлуулахаар хөөцөлдөж байгаа сурагтай.

Харин олон нийтийн нүүрэн дээр АНУ нь АДХБ-нд олон улсын стандарт, нормыг хангахад нь туслалцаа үзүүлэхээ илэрхийлээд байна.

Гэвч цаанаа Америкчууд АДХБ-ыг аюул занал гэж үзэн багагүй санаа зовж байна. Өөрөөр хэлбэл Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон эдийн засгийн дэг журам, АНУ-ын тэргүүлэх байр суурийг өөрчлөх вий хэмээн болгоомжилж байгаа юм.

ОУВС, Дэлхийн Банк зэрэг байгууллагууд дээр суурилсан Бреттон Вүүдс систем нь сүүлийн 70 жил дэлхийн эдийн засгийг чиглүүлж байгаа.

Тэгвэл АДХБ нь Дэлхийн Банктай өрсөлдөх бүрэн чадвартай гэж HIS Азийн эдийн засаг, бизнесийн зөвлөх байгууллагын тэргүүн Ражив Бисвас ярьж байна.

Гэвч Хятадын эрх баригчид АНУ-тай холбоотой асуудал дээр тун дипломат байр суурь баримталж байгаа.

Сангийн сайд Лу Живей АДХБ нь одоо байгаа Дэлхийн Банк, ОУВС зэрэг байгууллагуудтай өрсөлдөхгүй хэмээн мэдэгджээ.

Үүнийг нь ОУВС баталж гуравдугаар сарын 22-нд тус сангийн тэргүүн Кристин Лагард АДХБ-ын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Түүний үзэж байгаагаар ОУВС бол дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэгч байгуулага биш тул АДХБ-тай ямар нэг өрсөлдөөн үүсэхгүй гэнэ.

Шинэ банк нь Төв Азийн Казахстан, Тажикстан, Узбекистан зэрэг улсуудад нэн шаардлагатай байгаа дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ.

Бисвасын үзэж байгаагаар АДХБ-ны зорилго нь Хятад, Сингапур, Европ зэрэг баян улс орнуудын хөрөнгийг Зүүн Өмнөд Ази, Төв Азийн хөгжиж байгаа орнуудын төсөлд оруулах гарц болох аж.

Зарим тооцоогоор Ази тивийн дэд бүтцийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө 2020 оны байдлаар $8 их наядад хүрэх гэнэ. Тэгвэл АДХБ энэ эрэлтийн нэгээхэн хэсгийг хангах зорилготой юм.

Оросын АДХБ-нд нэгдэх шийдвэр сүүлдэж гарсан ч ингэх нь гарцаагүй байсан. ОХУ, Хятад нь нэг талаасаа стратегийн түншүүд, нөгөө талаасаа Төв Азийн орнуудын байгалийн баялагийн төлөө өрсөлддөг өрсөлдөгчид.

Москвагийнхан одоохондоо Оросын нэгдсэний ашиг тусыг олж харахгүй байгаа. Гэхдээ Оросын удирдагчид энэ байгууллагын гадна талаас харж сууснаас дотроос нь харах илүү тустай гэж үзэж байгаа нь гарцаагүй.

Мөн Хятад улс АДХБ-ыг Ази дахь геополитикийн нөлөөгөө өсгөхөд ашиглах эсэх нь тодорхой биш байна.

Энэ эргэлзээ АНУ мэтийн улсуудыг АДХБ-ны гадна талд үлдэхэд хүргэж байгаа юм.

Гэхдээ Хятад улс бол энэ банкыг үүсгэн байгуулж байгаа 30 улсын нэг л юм гэдгийг санах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty