Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

ОРОН СУУЦАНД ОЛУУЛАА

Л.Ганчимэг
2015 оны 3 сарын 19
ӨНӨӨДӨР
Зураг зураг

Нэлээд хэдэн өмнө одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зурагтаар нэг “үлгэр” ярьж байсан нь санаанд тодхон үлджээ.

“Гадаадын оронд иргэд нь банкнаас зээл аваад, орон сууцанд орж, бүх насаараа тэндээ тохь тухтай амьдардаг. Харин манайд болохоор бүх насаараа хөдөлмөрлөж хураасан хэдэн төгрөгөөрөө байр авчхаад, түүндээ амьдарч, ид шидийг нь үзсэн ч юмгүй насан өөд болдог. Тиймээс бид олон улсын тэр жишгийг дагах цаг болсон” гээд ярих нь үлгэр шиг санагдаж байснаас биш “хөрсөн” дээр ингээд буугаад ирнэ чинээ бодоогүй билээ.

Үлгэр эхнээсээ биеллээ олж, өнөөдөр Монголчууд  орон сууц гэдэг жаргалын оронд амьдрах боломж олон хүнд бий гэдэгт итгэдэг болсон. Цаашид бүр олон хүнд энэ боломжийг олгохын төлөө төр засаг маань зорьж байгаа гэдэгт би хувьдаа итгэдэг.

Барилгын хэр олон өргөгч кран ажиллаж буй нь тухайн улс, хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ямархуу байгааг тодорхойлох нэг хэмжүүр болдог гэдэг. Монголын хүн амын талаас илүү хувь нь аж төрдөг Улаанбаатар хотод ийм кран маш олноороо бий.

Гагцхүү тэр бүтээн байгуулалт иргэдийн амьдралд наалдац муутай байсаар байгааг нийслэлийн гэр хорооллынхны ялгаруулдаг хорт утаанаас бэлхнээ харж болно.

Гадаадын оронд иргэд нь банкнаас зээл аваад, орон сууцанд орж, бүх насаараа тэндээ тохь тухтай амьдардаг. 

Өвлийн цагт нүүрсний утаа, дулааны улиралд агаарын, гүний усны, хөрсний бохирдол гээд салж өгдөггүй олон “шүдний өвчин”-г цогцоор нь шийдэх хамгийн найдвартай арга бол гэр хороололд амьдардаг иргэдийг орон сууцжуулах явдал.

Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр томоохон ажлыг зоригтойгоор эхлүүлж, гэр хорооллын иргэдийг үндсэн таван чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөр баталсан. 2013 оноос эхэлсэн уг хөтөлбөр үнэндээ тэдний төсөөлсөн шиг тийм ч амар хялбар бүтчихгүй, нүсэр том ажил гэдгийг одоо л хаана хаанаа ойлгож байна.

УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэр хорооллыг дахин төлөвлөхөөр 24 байршил баталсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2018 он гэхэд 1,547.8 га, 16,109 нэгж талбар бүхий дээрх 24 байршилд нийтдээ 80 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орох юм.

Гэхдээ улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн, дээрээс нь өнгөрсөн зуны элбэг хур бороо гээд цөөнгүй асуудлаас болоод 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн 2,000 айлын орон сууцаа гүйцээж чадаагүй. Энэ онд ч мөн арваад мянган айлын орон сууц ашиглалтад оруулах анхны төлөвлөгөөнөөсөө буцаж, баттай амлаж байгаа тоо нь 2,000-3,000 дээр буужээ.

Гэвч чамлахаар чанга атгах хэрэгтэй. Эдгээр орон сууцанд иргэдээ оруулаад, төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд нь дараагийн ажил руугаа шуурхайлан орох тийм боломж нөхцөлийг нээж өгөх ёстой. Тэгэхийн тулд л багагүй хэл ам дагуулаад байгаа “Улаанбаатар орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан билээ.

Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг төрийн албан хаагчийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийг уг сангаас гаргахаар болсон нь угтаа олон гэр бүлийн талархлыг хүлээх учиртай. Үнэхээр нүдээ олж чадвал шүү дээ. “Улаанбаатар орон сууцны сан”-д одоо төвлөрсөн хөрөнгөөр төрийн албан хаагчдыг байртай болгоё гэвэл 300-400 айл өрхөд л хүрэлцэх гэнэ.

Харин түүний оронд урьдчилгаа мөнгөн дээр нь дэмжлэг үзүүлбэл 4,000 хүртэлх айлыг орон сууцтай болгох боломжтой гэдгийг Монголын банкны холбооныхон нийслэлийн удирдлагуудад зөвлөжээ. Ингээд олон талаас нь хэлэлцэж судалсны эцэст энэ хувилбарыг сонгосон байна.

Тиймээс төрийн захиргааны байгууллагад арваас доошгүй жил ажилласан, урьдчилгаа төлбөрөө бүрэн хийсэн албан хаагчдад орон сууцны зээлээ төлөхөд нь дэмжлэг үзүүлэхээр 10 хүртэлх сая төгрөг олгох журам 2013 онд батлуулснаа өөрчлөхөд хүрчээ. “Урьдчилгаа мөнгөн дээр минь дэмжлэг үзүүлбэл бид байрны зээлд хамрагдаад, цалингаасаа cap бүр төлөөд явах боломжтой” гэж олон төрийн албан хаагч тэдэнд санал хүсэлтээ ирүүлсэн гэнэ.

Эдийн засгийн хямралаас болоод орон сууцны борлуулалт муу байна гэх ам дамжсан яриа гадуур байгаа ч үнэндээ талбай багатай байрнууд маш сайн зарагдаж буйг албаны хүн онцолсон. Дахин төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн онд барьж ашиглалтад оруулсан 30-60 ам метр талбай бүхий орон сууцнууд бараг бүгд борлогдсон гэнэ.

Энэ бол эрэлт, нийлүүлэлт хоёр нэгнээсээ төөрөөд, хаа холуур зөрөөд байдаг гажуудал үгүй болж буйн тэмдэг болов уу. Нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах таван чиглэлийг хооронд нь уяж зохицуулах үүрэгтэй Нийслэлийн орон сууцны зөвлөлийг даруйхан байгуулахгүй бол ажил хүссэнээр урагшлахгүй гэдгийг хотын удирдлагууд ч ойлгож байгаа. Тиймээс удирдлагын зөвлөлийн ирэх хурлаар үүнийг шуурхайлан хэлэлцэж НОСК-аа байгуулна гэсэн.

Аливаад анхны алхам хийх, шинэ зүйлийг эхлүүлэх ямагт хамгийн хэцүү байдаг учраас гараанаасаа нэгэнт гарсан энэ ажлыг өөлж гоочлох нь илүүц билээ. Юм хийж байгаа нэгнээ хараад хажуугаас нь өөлж гоочлоод л байвал юуг ч бүтээхгүй гэдгийг эрт, эдүгээгийн үнэн түүх гэрчилдэг болохоор алдаагаа нийтээрээ хэлэлцэж, засаж залруулах аргыг хамтдаа сүвэгчлэх ёстой биз ээ. Орон сууцанд илүү олуулаа орохын тулд хойшид аль ч намын ямар ч улстөрийн хүчин байсан энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх учиртай юм.

Өнөөдрийн асуулт

Нийслэлийн орон сууцны корпорацаас төрийн албан хаагчдад зориулан орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буй. Та энэ тухай дуулсан уу?

Д.Тогтохжаргал

(Эрүүл мэндийн даатгалын газрын мэргэжилтэн)

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд ярьж байгаа шүү дээ. Төрийн албанд ажиллаж байгаа хэрнээ байргүй олон хүн бий.

Тиймээс энэ нь төрийн албан хаагчдыг дэмжсэн зөв зүйтэй хөтөлбөр гэж бодож байна. Миний хувьд энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа ч ажилласан жил маань хүрэхгүй юм билээ.

Ш.Гансүх

(Баянзүрх дүүргийн VI хорооны иргэн)

-Огт сонсоогүй юм байна. Бидний дунд байр авах бүү хэл орох оронгүй, аав, ээжтэйгээ хамт амьдарч буй олон хүн байна.

Зарим нь хөлсний байранд амьдардаг. Юм бүхнийг төрийн албан хаагчдад гээд байдгаа болих хэрэгтэй. Бүгдэд нь боломж олгох хэрэгтэй шүү дээ. 

Г.Болор

(Чингэлтэй дүүргийн иргэн )

-Би төрийн албанд ажилладаггүй. Гэхдээ дэмжиж байгаа. Би ч гэсэн төрийн албан хаагч байсан бол энэ хөтөлбөрт хамрагдана.

Гол нь үүнийгээ хэрэгжүүлж чаддаг л юм бол татгалзах хүн байхгүй байх. Өдгөө олон хүн байр авах хүсэлтэй ч мөнгө төгрөгийн боломжгүйгээсээ болж чаддаггүй.

Ц.Нарантуяа

(Дархан-Уул аймгийн иргэн)

-Энэ тухай сонсоогүй. Дажгүй юм. Ялангуяа залууст хэрэгтэй хөтөлбөр байна.Би насаараа төрд ажилласан ч одоо болтол байргүй.

Нөгөөтэйгөөр төрийн албан хаагчдад гэж туйлшралгүй байргүй, байр, авахыг хүсэж буй олон хүнд энэ боломжийг олговол зүгээр байх гэж бодож байна.

БАЙР СУУРЬ

Нийслэлийн ИТХ-аас энэ сарын 16-нд баталж, хэрэгжүүлэх болсон “Улаанбаатар орон сууц сан”-гаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам хэр оновчтой зохицуулалт болсон, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар барилгын салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.

БИДНИЙ ШИНЭ ЗАХ ЗЭЭЛ БОЛ ГЭР ХОРООЛОЛ

М.БАТБААТАР

(Монголын Барилгачдын Холбооны Ерөнхийлөгч)

-Улаанбаатар хотод сүүлийн 10 орчим жилд 4,000, 40,000, 100,000 айлын  орон сууц зэрэг олон төсөл  хөтөлбөр хэрэгжлээ. Эдгээр төсөл нь нэлээд чинээлэг хүмүүст  зориулсан, өндөр үнэтэй орон сууц зах зээлд, эмх замбараагүй үргэлжилсэн. Мөнгөтэй л бол хэн ч хамаагүй газар аваад орон сууц барьчихдаг. Ийм зах зээл манай улсад ноёрхоод одоо ханачхаад байгаа юм.

Харин одоо Нийслэлийн гэр хорооллын 380,000 айлыг орон сууцтай болгох нь шинэ зах зээл. Хотын захиргаа энэ зах зээл рүү маш зоригтой орж байна. Гэр хороололд голдуу бага, дунд орлоготой иргэд амьдарч байгаа. Тэднийг орон сууцтай болгохын тулд худалдан авах чадварт нь нийцсэн байр барих нь чухал.

Төрөөс газар үнэгүй олгож, дэд бүтцийг нь шийдэх санаачилга эхэлсэн, ажил хэрэг болоод байна. Үүн дээр урьдчилгаа 30 хувийг нь өөр механизмаар бүрдүүлэх шинэ хэлбэрийг нийслэлийн ЗДТГ гаргаж ирлээ. Манай улсад анх удаа ийм санаачилга гаргасан, тэр хэрээр зоригтой алхам хийсэн нь хамгийн чухал ач холбогдол гэж дүгнэж байгаа.

Энэ бол Улаанбаатар хотод орон сууцаар барьцаалсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхийн эхлэл. Нийслэл өмчөө барьцаалж 30 жилийн хугацаатай бонд босгох тухай ярьж байна. Хоёрдогч зах зээл рүү оруулах нь хамгийн бодит зохицуулалт. Хэрэв төр дэмжлэг үзүүлж иргэдээ хямд орон сууцаар хангая, тэр байрыг нь барих хөрөнгийг нь хотын захиргаа бүрдүүлж өгье гэвэл гүйцэтгэгч компани барьсан өртгөө “хоёр нугалах” шаардлагагүй. Үндэсний компаниуд “Буянт-Ухаа I”хорооллын нэг ам.метрийг 800,000-900,000 төгрөгөөр барьж, улс түүнийг нь 1.2 сая төгрөгөөр борлуулсан.    

Гүйцэтгэгч барилгаа барьж өгчхөөд борлуулахад нь огт оролцохгүй. Компанид юу нь ашигтай юм бэ гэж хэлэх хүн байж магад. Тэгвэл манай гишүүн компаниуд таван жил, 10 жил толгой өвтгөхгүй ажиллана. Хаана ашигтай байрлал байна, хэрхэн газраа авах вэ, барьсныхаа дараа яаж зарах вэ гэх “толгойны өвчин” бидэнд хэрэггүй гэсэн үг.

Зөвхөн бариад хүлээлгэж өгнө. Ирэх 10 жилд ийм хэлбэрээр тогтвортой ажиллаж, гэр хорооллын иргэдийг орон сууцаар хангах боломжтой тул энэ төсөл бол манай барилгынханд, ялангуяа жирийн гүйцэтгэгч компаниудад маш том ирээдүй гэж үзэж болно. 

5,000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Л.БАТ-АМГAЛAH

(“Вишн девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал)

-Хөрс, агаарын бохирдлыг багасгахын тулд гэр хорооллыг дахин төлөвлөх нь хамгийн чухал. Манай компани гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд оролцож буйдаа баяртай байгаа. Бид  Баянзүрх дүүргийн VIII хороо, Батлан хамгаалахын их сургуулийн ойр орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулж байна. 5,000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.

Одоогийн байдлаар барилгын ажлын 70 орчим хувийг гүйцэтгээд байна.

Нийслэлээс ингэж дэмжихгүй бол орон сууц худалдан авах чадвартай хүн цөөхөн. 

Эхний ээлжинд 80 гаруй айл газраа чөлөөлсөн. Барилга баригдтал түр амьдрах байр түрээслэх мөнгийг нь өгөхөөр тохиролцсон.

Эдийн засгийн хямрал барилгын салбарт ч нөлөөлж байна. Борлуулалт тааруу байгаа болохоор барилга барихад хүндрэл учирч байгаа. Нийслэлээс төрийн албан хаагчдыг орон сууцанд хамруулахад дэмжиж буй нь сайшаалтай.

Нийслэлээс ингэж дэмжихгүй бол орон сууц худалдан авах чадвартай хүн цөөхөн. Хот байгуулалтын тухай хуулийг шинэчлэн батлахыг хүлээж байна. Тэгвэл  эрх зүйн орчин бүрдэн, ажил үүргээ гүйцэтгэхэд ч их дөхөм болно. 

БОРЛУУЛАЛТЫГ ДЭМЖИХ БОЛСОН НЬ МАШ ЗӨВ АЛХАМ

Ч.МӨНГӨНСҮХ

( "Хера пропертийз” компанийн гүйцэтгэх захирал)

-Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан барилгын борлуулалтыг дэмжих болсон нь маш зөв алхам. Төсөл хэрэгжүүлэгч компаниуд ажлаа тайлагнах үеэрээ борлуулалтыг дэмжих хэрэгтэй гэж санал хэлж байсан. Энэ саналаа Нийслэлийн ЗДТГ-ын тавьж байсан удаатай.

Үүний дагуу журам гаргаж, орон сууцны борлуулалтыг дэмжих болсныг талархалтай хүлээн авсан.

Дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан барилгын борлуулалтыг дэмжих болсон нь маш зөв алхам.

Манайх дахин төлөвлөлтөөр барьсан орон сууцаа ашиглалтад оруулсан анхны компани.

Өнгөрсөн намар 189 айлын орон сууц борлуулахад хүндрэл учраагүй. Энэ жил 250 орчим айлын орон сууц барьж дуусгах төлөвлөгөөтэй. Ирэх сарын эхээр 80 айлын орон сууц ашиглалтад оруулна. Үүний 20 орчмыг нь газраа чөлөөлж өгсөн иргэдэд өгнө гэж үзвэл үлдсэн байрыг нь борлуулна.

Үүнд хүндрэл учирч болзошгүй гэх таамаглал бий тул Нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлж буй арга хэмжээ цагаа олсон ажил болсон гэж дүгнэж байна. Зөвхөн манайх ч биш, цөөнгүй аж ахуйн нэгжид дэм болох байх.

Эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед бага, дунд орлоготой иргэдээ байртай болгох нөхцөл бүрдүүлэхийн зэрэгцээ гэр хорооллыг барилгажуулж буй аж ахуйн нэгжийн борлуулалтад тусалж, эрэлт, нийлүүлэлтийн аль алиныг дэмжиж байна шүү дээ.

 

 

 

Зураг