Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

“ISIS–ОЙРХИ ДОРНОД–ИРАН” гэх геополитикийн шинэ гурвалжин

Өглөөний сонин
2015 оны 3 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын Конгрессын танхимд үг хэлж олныг алмайруулсан үйл явдал саяхных. Тэбрээр исламын ертөнцөд оройлохын төлөө Иран, ISIS хоёр тэмцэлдэх ба хэн нь ч ялсан өрнийнхөнд дайсагнах болно хэмээн сэрэмжлүүлсэн.

Тэгэх тэгэхдээ Тегеран нь Багдад, Дамаск, Бейрут, Санаг (4 улсын нийслэл) хяналтдаа авчихлаа, бүс нутагт илэрхий давамгайлах боллоо. Хэрэв ISIS-ийг ялж чаддаг юм бол Иранд цөмийн зэвсгээ бүтээх сайхан боломж олгох болно, бид тулалдаанд ялах боловч дайнд ялагдах болно.

Израиль бол Иран толгойгоо өндийлгөхийн төлөө өрсөлдөж буй Ойрхи Дорнод дахь эрх чөлөөний сүүлчийн голомт боллоо гэхчлэн жүүдийн төр улсын Ерөнхий сайд ярьсансан.

ISIS гэнэт тодорсон сүүлийн нэг жилд анхаарлын төвд нэгэн хачирхалтай сүлжээ байнга байх болсныг Нетаньяху далдуур илэрхийлсэн гэж үзэж болно. Энэ нь ISIS–Ойрхи Дорнод–Иран гэсэн гурвалжин болж таарлаа. Лалын суннит, лалын шиитийн өвөр хоорондын зөрчил туйлдаа хүртэл хурцдаж, Ирак, Сирид иргэний дайны хэмжээнд тулж очсоныг бид харж байна.

Суннит, шиитийн зөрчил цаашаа даамжраад хөрш Ливан, Йеменд томхон мөргөлдөөн дэгдээж, ойрын жилүүдэд Бахрейн, Саудын Арабт бослого тэмцэл нүүрлэх хэмжээнд тулж очиж мэднэ.

Ингэхэд мусульманчуудын өвөр хоорондын зөрчил тэмцлийн цаана юу нуугдана вэ? Арван гурван зууны тэртээх түүхээс эшлэн энэ асуултад хариулт хайхаас аргагүй. Бүр ҮII зууны архив руу нэвтрэнэ гэсэн үг. Их зөнч Мухаммед 632 онд нас нөгчсөнөөс эхлэн залгамжлагчид нь лалын нэгдмэл нэг шашнаа хагалсан тэр гашуун түүх эхэлдэг.

Арабын овог аймгуудын улс төр-оюун санааны удирдагч нь Абу Бакр (зөнчийн найз бөгөөд залуу эхнэрийнх нь эцэг) байх болно гэдгийг мусульманчуудын 85 хувь дэмжсэн нь суннитуудын лагерь болж өрх тусгаарласан ба их зөнчийн үеэл бөгөөд хүргэн Али байх болно гэсэн нь шиитүүд (15 хувь) болж нүд үзүүрлэгдсэн байдаг аж. Энд үзэл суртал, онолын маргаан бус залгамжлалын (эрх мэдлийн) шалтгаан үйлчилжээ. 

“Алид үнэнч” гэсэн үгийн утга нь арабаараа “шиит” хэмээн буудаг. Мэдээж 85 хувийн дэмжлэгтэй учраас Абу Бакр халиф болж халифын титмийг өмсөнө. Их зөнчийн үеэл бөгөөд хүргэн Али нь цаад хамаатандаа бууж өгөхгүй, номхрохгүй байсаар 661 онд суннит ахан дүүсдээ алагдаж, түүний хүү Хасан, Хусейн нар ч (их зөнчийн зээ нар) аавынхаа эмгэнэлт хувь заяаг давтана.

Тэгэх тусмаа 680 онд Кербела хотод (Ирак) Хусейныг заналтайгаар алсныг эдүгээ хүртэл шиитүүд өргөн хүрээнд түүхэн масштаб дээр эмгэнэн тэмдэглэдэг. Хусейныг эмгэнэн гашуудах өдрийг жил бүрийн намрын адаг, өвлийн эхэн сард шиитүүд тэмдэглэдэг ба баярыг Ашура гэж нэрлэнэ.

“Шахсей-вахсей” (персээс орчуулбал Шах Хусейн) үгийн товчлол. Ашура баяр нь 40 хоног үргэлжлэх ба шиитүүд тас хар хувцас өмсөн цээж нуруугаа гуядан балбаж (лалын төлөө амиа өгөхөд бэлэн байгаагаа илтгэж буй), латмийя хэмээх гашуудлын дуу дуулж, гашуудлын хөгжим тавьж, Пакистан, Иракт хутга мэс, гинжээр махан бодио шархдуулж цусаа урсгаж тэмдэглэдэг.

Тэр явдал 13 зууны турш үргэлжилж байгаа ч Арабын (исламын) халифатад суннитууд ноёлсоор, имам Алийн шиитүүд сүүдэрт явж иржээ. Гэхдээ дан сүүдэрт дарлуулаад явсан бус өширхсөөр өнөө хүрсэн ба Нетаньяхугийн хэлсэнчлэн нь Багдад, Дамаск, Бейрут, Санад Тегеран хяналтаа тогтоочихсон нь тэгж ялахын дохио сануулга аж. 

Шиитүүдийг сүүдрээс гэгээнд гаргасан түүхэн үйл явдал

  • 1979 оны Ираны ардын хувьсгалаар эхний удаа нөхцөлдөж,
  • XXI зууны эхээр АНУ холбоотнуудын хамт Иракт Саддамын (суннит) дэглэмийг унагаснаар хоёр дахиа нөхцөлдөж,
  • Эдүгээ “Арабын хавар”-ын дараах нийгмийн том хувьсгалт явдлаар гурав дахиа нөхцөлдсөн байна. Тэгж нөхцөлдлөө гээд шүтэн бишрэгчийн тоо нь ҮII зууны 15 хувиасаа огт ахиагүй, өсөөгүй байх юм.
Дэлхий дээрх нийт мусульманы дотор шиизм нь нийт урсгал сектүүдээ (ахмади, алавит, алевит, друз, ибадит, исмаилит гэх мэт) оруулаад оруулаад 15 хувиа ч бүрэн нөхөхгүй байна. Ираны хүн амын дийлэнх нь шиитүүд гэх гэгээтэй тоо байна. Суннитуудын ноёрхол дор буй Бахрейнд хүн амын 3/2, мөн Иракт хүн амын талаас илүү нь гэх дараагийн гэгээтэй тоо бий.

Цаашаа Саудын Араб, Азербайжан, Ливан, Йеменд дийлэнх биш ч үлэмж тоогоороо бий. Афган дахь манай хазаар ахан дүүс бүгд шиитүүд. Суннитууд 85 хувиасаа хорогдох нь бүү хэл “Арабын хавар”-аар чухам цэцэглэлийг олсон. Ирак, Сирид улайран байлдаад байгаа нь нөгөөх ҮII зууны тэр Халифат гэгчээ сэргээчхээд, Халифаар нь Абу Бакраль-Багдади гэх нөхөр Ибрагим нэрээр тодроод өөрийнх нь яриагаар бол зөнч Мухаммедын залгамжлагч болчхоод буй.

Тэдний хийж буй дайн, үйлдэж буй цээрлүүлэлт нь үнэнч лалуудын дайн юм. Тэд хөлгөн их судар коранаас гадна “сунна”-г номлолоо болгож, зөнч Мухаммедын амьдралын хэв маягийг нэвтрүүлэхийн төлөө цусаа урсгаж, урван тэрслэгч шиитүүд, тэдний хань хамсаатан алавит, езид, христианчуудын цусыг урсгаж байна гэдэгтээ тэд бүрэн итгэлтэй. 

 Хадис гэдэг нь их зөнчийн хэлсэн ярьсан, сургасан номлосон үгийн түүвэр маягтай.

Суннань хадист үндэслэнэ. Хадис гэдэг нь их зөнчийн хэлсэн ярьсан, сургасан номлосон үгийн түүвэр маягтай.

Хэдэн арван ботиороо буй. Түүнийг хэтрүүлэн үнэлж, үнэмлэхүй зөв хэмээн бусдад тулгах, бусад соёл, шашныг хэт үгүйсгэснийг лалын фундаментализм гэж нэрлэдэг ба түүний жишээ нь Афганистан дахь талибаны дэглэм гэж үздэг. Тэд суннад зааснаар хувцаслаж, бусдыг хувцаслуулж, суннад зааснаар аж төрж, биеэ авч явдаг ба эсэргүүцсэнийг нь гэсгээдэг.

“Осама” хэмээх афган охины тухай уран сайхны кинонд гардаг даа. Тэгвэл шиитүүд яадаг хэрэг вэ? Өөрсдийн аятолла нарыг Аллахын дэлхий дээрх элч хэмээн бурханчлан түүний амнаас унагасан болгоныг өөрсдийн “сунна” болгож иржээ. Гэхдээ бүтэн 13 зууны турш буюу 1300 жил 85:15 харьцаагаар хэн нь ч ялж ялагдаагүй явсаар өнөө хүрсэн. Нэгдсэн халифат 13 зууны турш үгүйлэгдээд, одоо Иракт Мосул Нийслэлтэй нэгэн улс (ISIS) буй болоод байгаа нь тэр.

Ер нь прогнозчилбол, исламын шашин эв түнжингүй явсаар XXI зууныг туулах байх. Тэд ганц зүйл дээр л санал нэгдэнэ. Цорын ганц бурхан бол Аллах, Мухаммед бол түүний элч нь гэдэг дээр. Тэд Рамадан сараа тэмдэглэнэ. Коран судраа хөлгөн судар хэмээн үзнэ. Мекка, Мединаг онгон дагшин газраа гэж үзнэ. 

Хаж мөргөлийн үеэр тэд хамтдаа мөргөл үйлдэн Мекка дахь солирын хэлтэрхий Каабад мөргөнө. Шиитүүд нь тэндээсээ салж яваад Иракийн Кербела, Нежеф дэх хоёр ариун мечеть рүү зүглэмэгц тэд хоёр өөр, шал өмнөө хоёр шашин мэт аашлан, үзэн ядах зүхэхийг туйлшруулна.

Ойрхи ба Дундад Дорнодод эдүгээ цус дэндүү их урсаад байгаа нь суннит-шиитийн мөргөлдөөний ул мөрөөс өөр юу ч биш. Мусульманчууд л бие биенээ алж байна. Харгис дэглэм, радикал бүлгийн өөр хоорондын ялгаа харагдахаа больсон. Экстремист ба олон улсын террорист хоёрын хоорондын ялгаа ч мөн харагдахгүй.

Хоёр л зам үлдсэн. Сири, Иракийн өнөөгийн байдалд, Ливаны ирээдүйн байдалд гарц хайя:

1) эцэс төгсгөлгүйгээр үзэлцээд байх (нэгэнтээ 13 зууны турш үзэн ядалцсан юм чинь),

2) эсвэл шашнаараа хил тогтоон зааглаж хуваагдан салцгаах. Нэг улс дор хаяж хоёр болно гэсэн үг. Өөр зам алга.

Улс орон хаост автан хүчирхийлэл хэрээс хэтэрч жинхэнэ сомаличлал явагдаж буйг бид өнөөдөр Сири, Иракаас харж байна. Саддамын харгис дэглэмийг унагасан, америкийн цэрэг 10 жил амжилттай байрласан гэх Ирак, “Сирийн хавар”-т автаж ардчиллын төлөө тэмцэлд боссон гэх Сирийн хооронд ялгаа гэхээр юм байна уу? Шииттэй үзэлцэх суннитын фронтын дор Саудын Араб, Катар, Бахрейн, Кувейт, Эмиратыг тэдний мөнхийн өшт дайсан Израильтай нийлүүлэн нэг дээвэр дор хийж авах нь цаг хугацааны асуудал болж үлджээ!

Судлаач-проф. 
Олхонуд Баярхүү

Зураг