Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: 35 тэрбум төгрөгийг төлөх ёстой шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа

Ч.Болортуяа
2015 оны 3 сарын 9
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт яг одоо оролцож байна.

Зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу энэхүү ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


Ардчилсан хувьсгалын талаар:

  • Гуравдугаар сарын 9-ний 22.00 цагийн үед Талбай дээр гарч ирээд өлсгөлөн зогсож байсныг зарлаж байсан.

Жастин Каплад үзүүлсэн уучлалын тухай:

  • Монголд үнэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монголын Үндэсний 780 гаруй аж ахуйн нэгж татварын маргаантай байна.
  • Анхан шатны шүүхээс шийдвэр гараад 14 хоног дууссаны дараа уучлалыг үзүүлсэн.
  • Шүүхийн олон шатын шийдвэрийг хараад суугаад байж болох байсан.
  • Засгийн газрын Өршөөлийн тухай хууль оруулж ирнэ гэж байгаа. Би түүнийг хүлээж болох байсан. Гэхдээ энэ галыг өөр дээрээ аваад шийдэх нь зөв.
  • Хэдэн цагийн өмнө торгох ялаар шийтгэнэ гэж хэлээд хэдэн цагийн дараа тэр нь өөрчлөгдөж болохгүй.
  • Цэвэр татварын асуудлаар буруутгагдсан хоёр Монгол иргэнийг мөн уучилсан.
  • Бусад хүмүүсийн тухайд дандаа давхар хэрэгтэй байдаг учраас өөр. Уучлал үзүүлнэ гэдэг нь ЯЛТАНД уучлал үзүүлж байгаа явдал юм.
  •  35 тэрбум төгрөгийг төлөх ёстой шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа.
  • Татварын асуудал өөрөө томьёо.

Цаазын ялын тухай:

  • Нэг айлын хүүхэд хүний өмнөөс хэрэг хүлээгээд явбал яах вэ? 
  • Шүүхийн шийдвэрт нэг хувийн ч алдаа байж болохгүй.
  • Ерөнхийлөгч болоод гараад ирэхэд миний ширээн дээр хоёр хүний цаазын ялын шийдвэр байсан.
  • Би нэлээд бодсон. Би энэ удаад уучлах юм бол дараа дараагийн удаа ч цаазын ялтай иргэдийг уучилна гэдэг баримтлал барихаар болсон.
  • Тэдний үйлдсэн хэргийг хараад би ч өөрөө бухимддаг.

​Ноён уулын тухай:

  • Ноён уул дээр миний байр суурь тодорхой. Нэгдүгээрт орон нутгийн иргэдээс зөвшөөрөл авах, хоёрдугаарт үнэхээр энэ ууланд түүхэн дурсгалд өв соёл маань байгаа бол ухаж болохгүй.
  • УИХ-ын холбогдох Байнгын хороо газар дээр нь очоод нээлттэй сонсгол хийгээд асуудлаа шийдээ гэж байгаа.
  • Ноён уултай холбоотой хориг тавих ямар хууль байгаа вэ. Ноён уул гэсэн тусдаа хууль байхгүй шүү дээ.
  • Ноён уулыг ашиглах ямар ч шийдвэр гараагүй байгаа. УИХ дээр буцаагдсан.
  • Өлсгөлөн зарлаж байна гээд амь насаараа дэнчин тавьж байгаа хүнийг зүгээр хараад сууж болохгүй.
  • Монголын төлөө бол хүмүүсээр шаардуулах шаардлагагүй би хөөцөлдөөд явна.
  • Надад нэг л давуу тал байгаа. Надад хэнд ч тал засах шаардлага байхгүй.
  • Надад дайсан байхгүй, надад өрсөлдөгч байхгүй. 
  • Хоёр жилийн дараа ажлаа өгөх гэж байгаа хүнтэй хэн өрсөлдөх юм бэ? 
  • Доромжилж болно доромжил. Гүтгэж бол гүтгэ. Гэхдээ улс орны эрх ашигт хамаатай асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй.  Ялангуяа гадаад бодлоготой холбоотой асуудалд.
  • Ноён уулын асуудлыг ярьж байгаа хүмүүсийн зөв. Зөв байлгүй яах вэ. Гэхдээ энэ хүмүүсийн шаардаж байгаагаар шийдэх үү яах уу гэдгийг бид олон талаас нь шийдэх хэрэгтэй.

Уул уурхай, аж үйлдвэрийн тухай:

  • Эцсийн эцэст мөнгөний л асуудал. Сайншандын аж үйлдвэрийн парк ажил болоосой гэж би боддог.
  • Хөрөнгө оруулалт байхгүй. Бид бусад зүйлээр санхүүжүүлэх боломжгүй улс шүү дээ.
  • Би Ерөнхий сайдад хэлсэн Хөрөнгийн биржийн асуудлаа хурдлуул гэж. 

Эдийн засгийн хямрал:

  • Засгийн газар Засгийн газар дээрээ асуудал шийдэхэд асуудалтай. Цаашлаад УИХ-д ороод асуудал шийдэгдэх бүр хүнд болж байна.
  • Нэгдүгээрт бидний шийдэх ёстой асуудал баялгийн хуваарьлалт хийх асуудал.
  • Монголын баялаг цөөхөн хэдэн хүний гарт орчихсон байна.
  • Сайн төр засаг гэдэг бол өв үлдээдэг байх. Түүнээс өр биш.

Төрсөн өдөр:

  • Миний ээж намайг гуравдугаар сарын 8-нд Эмэгтэйчүүдийн баяраар төрсөн гэдэг.
  • Аав маань сумын төв ороод төрсний гэрчилгээг авахдаа авсан өдрөөрөө буюу гуравдугаар сарын 30-н гэж бүртгүүлсэн.
  • Намайг эх барьсан ээж маань хүртэл миний хүү чинь мартаар төрсөн гэдэг юм.
  • Яг төрсөн нь гуравдугаар сарын 8-н. Энэ өдрөөр төрсөн өдрөө тэмдэглэдэг. Ийм асуудлыг худлаа яриад яах юм.

Гадаад харилцаа:

  • Гурван улсын эрх ашгийг хамарсан төмөр замын асуудлыг АСЕМ-ийн үеэр ярилцъя гэж байгаа.​
  • ОХУ-ыг тойруулаад төмөр зам тавина... Эрүүл ухаантай хүн тийм мэдээлэл хийхгүй шүү дээ.
  • Монголд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад хоёр хөршөөр заавал дамжина. 

Улстөрд шинэ манлайлагчийн тухай:

  • Монгол гарч байгаа мянган төслийн л нэг. Монгол бол төгсөшгүй боломжтой орон.
  • 90 онд биднийг хувьсгал хийгээд явж байхад та нар хонь хариул, бульдозер уна, ажил хий гэдэг байсан юм. 
  • Манай нийгэмд болохгүй байгаа зүйл олон байна. Хамгийн болохгүй байгаа зүйлс улс төрд байна.

Ц.Мөнхбаярыг уучлах эсэх асуудлаар:

  • Мөнхбаярын өмнөх хэрэг хэрэгсэхгүй болоод дууссан. Саяны хэрэгт нь ч хамгийн хөнгөнийг нь өгсөн юм байна лээ.
  • Хэчнээн ч сайхан гэгээн зорилго байсан буу шийдэм барих зам руу орж болохгүй.
  • Уучлал хүссэн өргөдөл гэж нэг зүйл байдаг. Мөнхбаярын өөрийн гараар бичсэн өргөдөл ирээгүй.
  • Н.Энхбаярын өөрөө гараараа бичсэн өргөдөл надад байдаг. Ялаас чөлөөлж өгөхийг хүссэн бичиг.

Д.Дорлигжав, Х.Тэмүүжин нарын маргааны асуудлаар:

  • Би Дорлигжавт сайд болох гээд ороод ирж байхад нь хэлж байсан. Шалгуулах л хэрэгтэй. Үнэн юмуу худлаа юмуу. 
  • АТГ ямар нэгэн хэрэг хийгээгүй хүнд хэрэг хүлээлгэх гээд байгаа бол өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Хуулин дээр бүгд байгаа.

С.Баярцогтын тухай:

  • Ёс зүйн асуудлаар өөрөө УИХ дээр тайлбараа хийгээд явж байгаа хүн шүү дээ.
  • Оюу Толгой зүүн хаяанд суудаг байсан бол одоо хойморьт сууж байна. Компани томроод л байна.
  • Засгийн газар Олон улсын зөвлөгөө авч болно. Яагаад болохгүй гэж.

Төрийн гурван өндөрлөг нэг намаас байх нь буруу юу?

  • Ард түмний л сонголт.

Хавтгайрсан шагналын тухай:

  • Шүүмжлэлийг би хүлээж авна. Шинэчлэгдээгүй нэг хэсэг бол энэ шагналын асуудал.
  • Шагналын тухай хуулийн төслийг оруулж хэлэлцүүлнэ. Энэ асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй.
  • Ерөнхийлөгчийн ажлаас хамгийн хэцүү нь юу вэ гэвэл энэ хүн шагнах. Гавьяат авах гэсэн 6000 хүний тодорхойлолт байх жишээтэй.

​Мүүний шашны тухай:

  • Би бурхны шашинтай хүн.

Таван Толгойн төслийн талаар (Н.Энхбаярын ярианы тухай):

  • Шууд гүтгэх нь хулгайч хүний араншин. 2006 онд би "Эрдэнийн хувь" гээд бичиж байлаа. Н.Энхбаяр бол Монголд авлигын тахлыг тарьсан хүн мөн.
  • Таван Толгой одоо ч ард түмэнд байгаа.
  • Н.Багабанди гуай Н.Энхбаяртай уулзахаас, ойрхон очихоос сэжиглэдэг бололтой.
  • Би ганцхан л байр суурь баримталж байгаа. Таван Толгой эргэлтэнд орох ёстой.
  • Таван Толгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газар өөрсдөө шийдээд л яваг.
  • УИХ буруу шийдвэл яах вэ? Аж ахуйн нэгжийн асуудлыг аж ахуйн нэгж л шийдэг.

MMC хувьцаа эзэмшлийн асуудлаар:

  • Надад эзэмшдэг хувь байхгүй.

Сонгуулийн тогтолцооны талаар:

  • Би одоогийн 48:28 гэдэг шийдлийг дэмждэг.
  • Нэг удаа жагсаалтаар сонгогдсон хүн дахиад жагсаалтад орж болохгүй гэж боддог.

Ерөнхийлөгчийн хугацаа дуусах үед:

  • Би хүнд туслах ажил хийнэ гэж бодож байгаа. Би одоо хангалттай. Монгол орондоо тустай зүйл хийгээд ажлаа хүлээлгэн өгнө гэж бодож байна.
  • Би хаана ч юу ч хийгээд явж чадна. Тийм нүүртэй.
  • 5 жил улстөрд байх нь байтугай 20 минут сонирхолгүй юм ярихаар уйддаг.
  • 27 жил төрийн ордон улстөрийн амьдралд байлаа. Одоо болсон.
  • Популизм хийх гэж оролдох шаардлага надад байхгүй. Энэ л өнөөдөр надад байгаа давуу тал.
  • Ц.Элбэгдорж: Ёс зүйтэй хүн харанхуйд ч ёс зүйтэй байдаг.