Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Зэрлэг тахиаг Монголд нутагшуулсан гавьяатан

Х.Жаргал
2015 оны 3 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

-Ц.Жавзандуламаас шувуу, өндөг аваагүй шувууны аж ахуй эрхлэгч Монголд байхгүй- 

Аж үйлдвэрлэл эртнээс хөгжсөн Сэлэнгэчүүдэд бусдад үзүүлж, сонирхуулах тэр хэрээрээ гайхуулж, бахархах зүйл их байдаг юм билээ. Тэдний нэг бол Монгол орны өнцөг, булан бүрт шувууны аж ахуйг түгээн, дэлгэрүүлсэн Д.Нанзаддорж, Ц.Жавзандулам нар юм.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 23 мянган хүн амын дийлэнх нь ердийн галлагаатай сууцанд амьдрахыг илүүд үздэг тухай М.Үүрийнтуяа дарга бидэнд сонирхуулж байсан. Хүн бүр орон сууцтай болох гэж  тэмүүлж буй нийслэлчүүд бидэнтэй харьцуулахад эсрэгцсэн дүр зураг эндээс харагдах аж.

Сүхбаатарчууд орон сууцанд дургүйдээ бус өрх бүр туслах аж ахуй эрхэлдэг учраас ердийн галлагаатай сууцанд амьдрахыг илүүд үздэг юм билээ. Өөрт ногдсон хашааныхаа булан, тохой бүрийг ямар нэгэн байдлаар ашиглаж, гахай, шувуу үржүүлж,  жимсний мод, бут тарих нь энэ нутгийн нийтлэг дүр төрх. Тиймээс ч ажилсаг, хичээнгүй Сэлэнгэчүүд орон сууцны дөрвөн ханаар хязгаарлагдахыг хүсдэггүй ажээ. 

Харин өрхийн аж ахуйгаа улам цэцэглүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг хичээдэг нь тус аймагт ажиллах хэдхэн хоногт анзаарагдсан юм. Сэлэнгийн ажилсаг ард, түмний төлөөлөл болсон Д.Нанзаддоржийнд зочилж, Монголд үржүүлж буй долоон зүйлийн шувуутай “танилцах” завшаан тохиолоо. Биднийг очиход гэр бүлийн хоёрын “завгүй”   ажлын нэг өдөр үргэлжилж байв. Д.Нанзаддоржийнх   хашааныхаа алга дарам газрыг ч үр, ашигтайгаар зохион байгуулж чаджээ. Эндээс л жинхэнэ өрхийн аж ахуйн сонгодог жишээг харж болох аж. 

Малгай оёж бизнесийн гараагаа эхлүүлэв

Д.Нанзаддорж, Ц.Жавзан­дулам нарын бизнес малгайнаас эхэлж шувуун дээр  тогтсон гэвэл уншигч та гайхаж магадгүй. Тэгвэл энэ өрх анх бизнесийн гараагаа малгайнаас эхэлсэн түүхтэй юм билээ. Монгол Улсад нийгэм, улс төрийн эргэлт гарч, ардчиллын салхи сэвэлзсэн тэр л он жилүүдэд үйлдвэрүүд хаалгаа барьж, иргэд ажилгүй болж, хүмүүс яаж амьдрахаа мэдэхгүй сандралдан, үймж байсан гэдэг. Харин тухайн үед хос хоёр бусдын адил гахай үүрч, ганзгын наймаанд мордсонгүй. 

Орон нутагт нь зах зээлийн орон зай байгааг соргогоор олж харжээ. Сүхбаатарчууд бол улсын хойд хилийг “манадаг” хүмүүс. Тиймээс ч газар нутгийн онцлогоос шалтгаалан Орос руу арилжаа, наймаа хийх, худалдаа наймаа эрхлэх давуу талтай.

Харин Д.Нанзаддорж, Ц.Жавзандулам нарын хувьд 1987 онд голомтоо бадраасан бөгөөд ажиллаж байсан ахуй үйлчилгээ нь үүдээ барихад  малгай хийхээр сэтгэл шулуудсан байна.

Орон нутагт нь зах зээлийн орон зай байгааг соргогоор олж харжээ. 

Үүний тулд тэдэнд малгайны колотки шаардлагатай байв. Харин байгаа мөнгөө өвөртлөөд өрхийн тэргүүн хойд хөршийг зорьжээ. Харамсалтай нь колотки  25 рубль байсан тул авч явсан мөнгө нь хүрсэнгүй.

Ингээд гэртээ ирмэгцээ  нөөц бололцоондоо  тулгуурлан өөрөө урлахаар шийдэв. Аз болоход Д.Нанзаддорж гарын дүйтэй нэгэн байжээ. Тиймээс ч малгайны колотки улиасны голоор ядах зүйлгүй хийж орхих нь тэр. 

Ингээд өрхийн үйлдвэрлэлээ эхэллээ. Хоёулхнаа учраас өдөрт цөөхөн малгай урлана. Оёсон малгайгаа гэргий Ц.Жавзандулам нь Сэлэнгийн зах дээр өдөртөө л борлуулчихдаг байсан гэнэ. Тухайн үед Оросын буриадууд, захын тосгоны иргэд Сэлэнгийн зах дээрээс малгай худалдаж авдаг байсан аж.

Тиймээс ч дотоод төдийгүй гадаадад ч тэдэнд зах зээл, эрэлт хэрэгцээ байжээ. Гагцхүү чанар, ур хийцтэй малгай урлах нь тэдний зорилго байв. Харин малгайны түүхий эд нь пальтоны зах. Ийнхүү хэсэг хугацаанд малгай оёж, түүнээс гадна юм, юм л хийж үзсэн байна. 

Ингэж явсаар тэд 2000 оноос шувуу үржүүлж эхэлжээ. Өмнө нь бусдын адилаар тахиа тэжээдэг байсан гэдэг. Ингэхдээ анх шувууны аж ахуйгаа эхлүүлэхээр мөн л өрхийн тэргүүн Д.Нанзаддорж хойд хөршийг зорьжээ. Тэрбээр цацагт хяруул гэж шувуу байдаг тухай мэдээд Монголдоо өсгөж, үржүүлэхээр шийджээ.

Тиймээс ч Оросын зах дээгүүр 10 хоног  хэсүүчилж байж олсон гурван өндөг нь ирээдүйн шинэ бизнесийнх нь эхлэл байв. Тэрбээр оросын зах дээрээс нэг ширхэг цацагт хяруулын өндгийг 2006 онд 100 рублиэр худалдаж авч байсан тухайгаа бидэнд сонирхуулсан юм. 

Америк тахиаг Монголд нутагшуулав 

Ц.Жавзандуламын ах, дүү нар цөм сумандаа өрхийн аж ахуй эрхэлдэг тухай Сүхбаатарчууд ярьж байв. Харин түүний ээжийн  барьсан талх “Соль гуайн талх” гэдгээрээ Сэлэнгэ даяар алдартай байсан гэдэг. Ийнхүү талхчин ээжийн охин хожмоо Монгол орон даяар шувууны аж ахуйг түүчээлэн хүргэх хувьтай нэгэн байжээ. Гурван ширхэг өндөгнөөс эхэлсэн Д.Нанзаддоржийнх эдүгээ долоон зүйлийн шувуу үржүүлж байна. 

Тодруулбал, бор нугас,  бээжин нугас, галуу, цацагт хяруул, тахиа зэрэг долоон төрлийн шувууг  үржүүлгийн зориулалтаар өсгөдөг байна. Түүнчлэн бөдөн, сувдан гургуул өсгөж байсан ч үхчихсэн аж. Учир нь сувдан гургуул халуун орны шувуу тул өвөл нь үхчихсэн гэнэ. Харин бөдөнг өрхийн аж ахуйд тохиромжгүй шувуу гэж үзжээ. Ц.Жавзандуламын гар утас завсаргүй дуугарах аж. Учир нь түүнээс өндөг, шувуу авсан, авах гэсэн хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд ийнхүү түүнтэй холбогддог байна. 

Тэрбээр энэ тухай “Надаас өндөг, шувуу худалдаж аваагүй хувь хүн болон аж ахуй нэгж Монголд бараг байхгүй. Улаанбаатараас эхлээд хаа байсан Ховд, Увсаас хүртэл хүмүүс утсаар яриад тийм, тийм өндөг, шувуу худалдаж авах гэсэн юм гэдэг. Захиалгынх нь дагуу би эндээс унаанд дайгаад явуулна. Харин тэд Улаанбаатар хотын Драгон авто вокзал дээрээс тосоод авчихдаг юм. Тэгээд авсан хойноо над руу утсаар ярина. 

Тоо ёсоороо бүрэн бүтэн хүлээж авлаа гээд. Түүнчлэн Улаанбаатар дахь элчин сайдын яамдууд, томоохон зоогийн газруудаас захиалга ирдэг. Тэдэн ширхэг тийм шувууны мах авмаар байна гээд. Хань бид хоёр шувуундаа их хайртай. Тиймээс ресторан, зоогийн газарт нийлүүлэхээсээ илүү шувуу өсгөж, үржүүлэх гэсэн хүмүүст өгөх сонирхолтой байдаг юм. Аймгуудын МСҮТ-үүд хүртэл дэргэдээ туслах аж ахуйтай болох гэсэн юм гээд өндөг, шувуу захиална. 

Тэгээд өндөг авсан хойноо инкубаторт хийдэг. Нэг хөгжилтэй зүйл сонирхуулахад өндөг нь хагарч, дэгдээхий гарахад бүр сандарчихсан шөнө, орой хэзээ ч хамаагүй над руу ярьж, зөвлөгөө авдаг. Хүн төрж байгаа юм шиг л сүйд болно шүү дээ. Өндөг хагараад дэгдээхий гарчихлаа, одоо яах вэ гээд л. Уг нь ямар ч шувууны дэгдээхий нэг хоног инкубатортаа хоночиход асуудал гарахгүй. Тэгээд би хүн бүрт зөвлөгөө өгнө. 

Ямар шувуу авснаас нь шалтгаалаад. Миний ажил энэ юм даа” хэмээн инээмсэглэн ярив.  Шувуунуудаа арчилж, хооллоно, жимсний бут, сөөгөө тордох, үхрээ сааж, маллах гээд тэдэнд хийх ажил мундахгүй. Шувуунаасаа хэдэн жилдээ хэдэн төгрөгийн ашиг олдог вэ гэх бидний сониуч асуултад өрхийн тэргүүн “Миний хувьд жилдээ зөвхөн шувуунаасаа 15 орчим сая төгрөгийн цэвэр ашиг олдог. 

Гэхдээ ашгийн төлөө шувуу өсгөж, үржүүлж байгаа юм биш. Хамгийн гол нь Монголд ийм төрлийн шувуунуудыг ингэж өсгөж, үржүүлэх боломжтой юм шүү гэдгийг л бусдадаа үлгэрлэх гэсэн юм. Анх бяруу 150 мянган төгрөгийн үнэтэй байхад цацагт хяруулын үнэ  түүнтэй дүйж байв. Өөрөөр хэлбэл, бяруу, цацагт хяруул хоёр адил үнэтэй байсан гэсэн үг. Харин өнөөдөр малын махны үнэ хэд дахин өссөн байна, бяруу ямар ханштай болчихсон билээ. 

Тэгвэл миний хувьд цацагт хяруулын үнийг нэмдэггүй. Хэдэн жилийн өмнө эр нь 100, эм нь 150 мянган төгрөгийн ханштай байсан одоо ч тэр хэвээрээ л байгаа. Зарим хүмүүс өндөр үнэ хүргэж зардаг юм билээ. Миний зорилго бол тахиа, шувуугаа зарж,үрэх биш өсгөж, үржүүлэх. 

Цацагт хяруулын нэг ширхэг өндөг 5,000 төгрөгийн ханштай. Жилдээ 20-30 ширхэг өндөг гаргадаг шувуу. Харин нэг настай цацагт хяруулаас 5-6 кг мах, нас бие гүйцсэн буюу гурваас дээш настайгаас нь 15-20 кг мах гардаг. Монголчууд цагаан сараараа баярын ширээн дээрээ заавал хонины ууц тавьдаг шүү дээ. Тэгвэл Америкууд талархлын баяраараа заавал цацагт хяруулын мах иддэг уламжлалтай. 

Энэ утгаараа манайх руу Элчин сайдын яамдуудаас эхлээд хувь хүмүүсийн захиалга ирдэг. Миний хувьд цацагт хяруулаа бусдын хоол болгож, зарахаасаа илүү өсгөж, үржүүлэхийг зорилгоо болгодог. Ер нь тэгээд хэдэн шувуутайгаа хамт байсаар эхнэр, бид хоёр ижил, дасал болчхож. Тэдэндээ содон шинж, тэмдгээр нь нэр, хоч өгнө. Хүн шиг аашлахад нь загнана, аргадна гээд өдрийг хөгжилтэй өнгөрүүлдэг юм” гэв. 

Эдний шувууд тус бүртээ  л онцлог ааш, араншинтай гэх. Тухайлбал, галууг муухан нохойноос илүү гэрээ хамгаалдаг гэж байв. Галуу маш соргог шувуу бөгөөд гадны урилгагүй зочин ирсэн тохиолдолд “Баавгай” хэмээх нохойноос нь түрүүлж чимээ өгдөг аж. Харин тахиа болон цацагт хяруул гадны хүмүүст тун таагүй ханддаг гэнэ. Тухайлбал, тахианы байранд гадны хүн ороход өндөглөхөө болих эсвэл үхэх тохиолдол ч байдаг аж.

Жаахан хүүхэд гадны хүн ирэхэд хөлсөж, уйлдагтай адил гэнэ. Харин цацагт хяруулын тухайд гадны хүн ирэхэд уурлаж, хошууных нь доорх унжлага, залааных нь өнгө хувирдаг байна. Шувууны байрыг сонирхвол эзнээсээ онцын арчилгаа шаарддаггүй нь илт. Гагцхүү хоол, ундыг нь тохируулах л асуудал байдаг ажээ. Үүнээс гадна Ц.Жавзандулам ОХУ-аас инкубатор импортолж, шувууны аж ахуй эрхлэгчдэд нийлүүлдэг юм билээ. Инкубаторын нэгж үнэ нь 250 мянган төгрөг. 

“Төрийн тусгай хамгаалалт”-д авсан мод  

Д.Нанзаддоржийнх шувуу өсгөж, үржүүлэхээс гадна зургаан нэр, төрлийн жимсний бут, сөөг хашаандаа тариалдаг юм билээ. Тухайлбал, тэхийн шээг, үрэл, монос, чацаргана, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимсний мод тариалсан байхыг харав.

Харин дугуйны бакришк дотор мод тус бүрээр нь тарьсан байхыг асуувал өрхийн тэргүүн “Үүнийгээ би төрийн тусгай хамгаалалтад авсан гэж нэрлэчхээд байгаа юм. Жимсний мод тарьсан. 

Орчин цагт хүмүүс шинэ санал, санаачилгаараа өрсөлдөж байна. 

Эхнээсээ жимсээ өгөөд эхэлчихсэн. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг биз дээ. Би зүгээр суух дургүй. Хашаандаа хаана нь юу тарьж, ургуулж, өсгөж, үржүүлж болохоор байна тэр бүхнийг үргэлж эрэлхийлж байдаг.

Орчин цагт хүмүүс шинэ санал, санаачилгаараа өрсөлдөж байна. Хэдхэн тахиа үржүүлчхээд өрхийнхөө өндөгний хэрэгцээг хангаад сууж болно. Гэхдээ түүнээс цааш боломж байна шүү дээ. 

Энэ бүхнийг үргэлж эрэлхийлж суудаг хүн дээ” гэв. Тэдний хувьд нэг гэрт толгой холбосноосоо хойш өнөөдрийг хүртэл бүхнийг өөрсдийнхөө гараар босгосондоо сэтгэл хангалуун байдгаа энэ үеэр ярьж байлаа. Тиймээс ч орчин үеийн залуусыг  “Зөвхөн эрдэм, номд шамдахаас гадна амьдралын ухаантай, ямар ч ажлыг хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй”  хэмээн сониноор дамжуулан уламжилж байна. 

Сэлэнгэ нутгийн ажилсаг, хөдөлмөрч ард түмний нэгээхэн хэсэг болсон өрхийнд өдрийн хугасыг өнгөрүүлэхэд сонсож, мэдээгүй олон зүйлээ олж мэдлээ. Монголчуудын киноноос л харсан Америкийн зэрлэг тахиаг эх орондоо нутагшуулсан гавьяатай энэ гэр бүлийнхэн саяхан бүл нэмсэн баяртай мэдээтэй биднийг угтсан юм. Тэд зээтэй болж, өвөө, эмээ болсон бөгөөд зээгээ харж, хандах, даавуу угаах бас нэгэн үүрэг хүлээчхээд байгаагаа бидэнд сонирхуулсан. 

Гар хөдөлбөл, ам тосдогийн жишээ энэ буюу. Тэд зах зээлийн хүнд, бэрх он жилүүдэд хөл алдан, амьдралын их далайд живсэнгүй. Нэгэн зүгт харж , хөдөлмөрлөснийхөө үр шимийг өнөөдөр хүртэж сууна. Төр засгаас хандив, тусламж нэхэж суухын оронд өөрсдөө сэтгэж, хөдөлмөрлөж чадвал амьдрал аяндаа шагнадаг гэдгийг энэ айлаас олж харсандаа залуус бидний хувьд сэтгэл хангалуун буцсан юм.

Зураг