Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Ааваа намайг битгий зодооч”

Х.Монголхатан
2015 оны 3 сарын 2
Зууны мэдээ
Зураг зураг

Охин дөрөвхөн настай байсан юм. Тэр бусад хүүх­дүүд шиг хайранд өлгий­дүүлж, амттанд бялуурч, аз жаргалд умбасангүй. Түүний ганцхан хүсэл зодуулахгүй байх. Гэвч охины хүслийг хэн ч сонссонгүй, хайхарсангүй. Төрсөн эцэг нь, төрүүлсэн ээж нь, хойд эх нь, хөрш айлынхан, хүүхдийн бай­гуул­лага, хууль хянал­тын­хан гээд хэн ч түү­нийг хамгаалж чадсангүй.

Энэ хорвоог хайртай ээж, ааваараа л төсөөлж ир­сэн бяцхан амь дэндүү харам­салтайгаар тэнгэрийн орон руугаа буцлаа. Хатуу харгислал зодуурын дунд жил гаруй амьдарч хамгийн сүүлд эмнэлгийн орон дээр таван хоног үхэлтэй тэмцэлдэхдээ ээжийгээ ирж аврахыг хүлээн бяцхан зүрх нь цохилж байсан биз.

Хөөрхий жаахан охин, хүний бяцхан үр ямар гэм хийсэндээ “Ааваа намайг битгий зодооч” гэж уйлсаар хорвоог орхисон хэрэг вэ. Хүүхэд буруу хэрэг хийлээ гэхэд уул ухаж, ус эргүүлж, хүн алж хүрээ талахгүй. Тэд ердөө л элэг бүтэн гэр бүлд ээж аавынхаа хайранд өсөх гэж энэ хорвоод ирдэг са­хиусан тэнгэрүүд шүү дээ.

ХАРИУЦЛАГАГҮЙ, ҮНЭ ЦЭНЭГҮЙ ГЭР БҮЛҮҮД ОЛШИРЧ БАЙНА

Үрээ алдсан эхийн сэтгэлийн уй гашууг зүйрлэж хэлэх үг алга. Монгол даяар гүн эмгэнэл илэрхийлж байна. Гэвч бяцхан охиноо энгэртээ тэврээд, гараасаа хөтлөөд явахгүй яав даа гэх халаглал энэ өдрүүдэд олон ээжийн амнаас гарч байв.

Охиноо ямар ч шалтгаанаар аавд нь өгсөн бай ядаж хамгийн сүүлд уулзахдаа охиныхоо харцнаас, үг хэл, үйлдлээс нь ямар дарамтан дунд амьдарч байгааг мэдрэх эх хүний зөн совин байсангүй гэж үү.

Монгол даяар гүн эмгэнэл илэрхийлж байна. 

Хажуу айлынхаа хүнд хойд ээжийнхээ дарамтыг ярьж суусан охин төрсөн ээжтэйгээ уулзчихаад хэлэхгүй өнгөрнө гэж баймгүй санагдана. Утсаар дарамталсны төлөө шөнийн гурван цагт тэр алуурчдад хүргэж өгөхөд нь ээжтэйгээ хамт байхыг ямар их хүссэн бол хөөрхий охин. “Ээжтэйгээ хамт баймаар байна” гэж уйлсных нь төлөө тэр хоёр араатан үхтэл нь зодсон гэх.

Ээжийгээ санах үрийн сэтгэл буруутай бол энэ хорвоод эцэг, эх болоод ч яах билээ. Хойд эхийн хатуу сэтгэл, харгис хэрцгий авирын тухай ярихаа азная. Харин өөрийнхөө мах цусны тасархай болсон бяцхан охиноо хайрлаж энэрэх сэтгэлээ тэр аав хаана гээв. Түүний амьдралыг үргэлжлүүлж, амьдарч байсныг нь гэрчлэх гэж үр хүүхэд нь ааваараа овоглодог биш үү. Хайрлаж, халамжилж, хамгаалж чадахгүй юм бол охиноо төрсөн ээжээс нь салгасны хэрэг юу байв.

Талийгаач охин өөр ээжийн нэг эгчтэй байсныг, түүний аминд хүрсэн эмэгтэй аавынх нь гурав дахь эхнэр байсныг хэвлэлүүд мэдээлж байна. Энэ бол Монголд гэр бүлийн үнэ цэнэ үгүй болсныг илтгэх нэг жишээ.

САЙН ХӨРШ БАЙЖ ХҮЧИРХИЙЛЛИЙГ МЭДЭЭЛЖ БАЙЯ

Өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан охины хажуу өрөөнд нь амьдарсан ч болоосой, хаалгыг нь эвдэж ороод охиныг аваад зугатахсан гэж хамгийн их бодогдож байлаа. Гэвч хөршүүд нь түүнийг өмгөөлж хамгаалсангүй. Мэдсэн ч мэдээгүй дүр эсгэж, өрөвдсөн ч өөрт хамаагүй мэт аашилж. Монголчууд хэзээнээсээ “Саахалт айлын санаа нэг” гэж ярьдаг байгаагүй билүү. Зовсон зүдэрсэндээ тусалж, баяр жаргалыг нь хуваалцаж зэрэгцэн амьдарч ирсэн ёс жудагтай ард түмэн өнөөдөр бусдын амьдралыг нүдэн балай чихэн дүлий өнгөрөөдөг болсны илрэл талийгаач охины хэрэг юм.

“Охин өдрийн хэдэн цагаар уйлдаг байсан, хүүхэд нь болохгүй л юм хийж дээ гэж боддог байсан. Хөлийг нь өвдтөл завилж суулгадаг, хоол өгдөггүй, нүд рүү нь химийн бодис цацсан, байнга зоддог байсан. Төрсөн эцэг эх нь арай ч хүүхдээ зодож харгислаагүй байлгүй. Цагдаад мэдэгдэе гэхээр аав нь өөрөө цагдаа учраас нэмэргүй гэж бодсон.

Тэгээд ч хоёулаа бөө учраас айдаг байсан” гэх зарим нэг хөршийн яриа. Хажуугийн хаалганд нь гуравхан настай охин бүтэн жилийн хугацаанд зодуулж, хэдэн цагаар уйлж байхад тэр олон айлууд чимээгүй өнгөрсөн гэхээр үнэхээр аймшигтай, эмгэнэлтэй санагдана.

Талийгаач охин шиг хэчнээн олон бяцхан үрс төрсөн тэлсэн эцэг, эхийнхээ ширүүн дуу, догшин харц, хүнд нударганд дальдчиж, бяцхан зүрх нь цээжиндээ багтахгүй түгшиж явааг бид мэдэхгүй. Миний л хүүхэд биш бол гэсэн аминч үзлээ хаяж өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүдийг өмгөөлж тэднийхээ төлөө бидний хийж чадах ганц зүйл бол “Сайн хөрш” байх юм.

Өнгөрсөн хойно хөөрхий хүүхдүүдийг өрөвдөж шаналах, гашуудан уйлах бус өнөөдрөөс эхлээд тэднийг болзошгүй аюулаас сэргийлж туслахын тулд сонор соргог амьдарцаая. Хажуу айлд хашгичиж орилох дуун ихэдвэл, хүүхдийн жирийн биш уйлаан, хүчирхийллийн хэлбэр илэрвэл хөршөө матлаа гээд муу хүн болохгүй. Харин ч хүүхдийн амийг аварна. Хүчирхийллийн тухай мэдээллийг 102, 107, 108 дугаарын утсуудад мэдээлж байх нь иргэн бидний энгийн хэр нь заавал биелүүлэх үүрэг юм.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ДААМЖРУУЛСААР БАЙХ УУ?

Монголд гурван гэр бүл тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг 2000 оны эхээр мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ тоонд өөрчлөлт орж сайжирсан зүйл алга. Харин ч гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан хүүхдүүд болон эмэгтэйчүүдийн тоо ихэсч, хүчирхийллийн арга харгис хэрцгий болсоор байна.

Таван настай хүүгээ заазуурдсан аав, хоёр настай охин, найман настай хүүгээ хазаж тамласан аав, гурван настай охиныхоо толгойг заазуураар тасалсан ээжийн хэрэг шийдэгдэж дуусаагүй шахам байхад дахин дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд эхийнхээ харгис зодуурыг даалгүй нас барсан нь олныг цочроож, нийгмийг айдас хүйдэст автууллаа.

Манай улсад хүүхдийн эрхийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус олон байгууллага бий. 

Гэр бүлийн хүчирхийл­лийг мөсөн уултай зүйрлэдэг. Орой нь багахан харагдах ч дороо маш том суурьтай тэр уулыг ямар аюултай болохыг хүмүүст мэдрүүлэх гэж бяцхан сахиусан тэнгэр энэ хорвоод ирээд буцлаа.

Дөрөвхөн жил амьдрахдаа халуун дулаан хайр энэрэл мэдэрч чадалгүй харгис хэрцгий аав, хойд эхийн гарт амиа алдсан талийгаач охины амь дэмий үрэгдээгүйг харуулах гэж өнгөрсөн Бямба гарагт мянга мянган ээж, аав хүүхдийн эрхийн төлөө “Цагаан цуглаан” зохион байгуулсан юм. Нүдэндээ нулимстай, сэтгэлдээ гунигтай зул асаан зогссон олон ээжүүд охины тэнгэрт очих замыг тодоор гэрэлтүүлсэн нь лавтай. Цуглаанд ирсэн лаатай хүмүүс ХҮҮХЭД!!! хэмээн биеэрээ бичин анхааруулсан.

Манай улсад хүүхдийн эрхийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус олон байгууллага бий. Гэвч тэдний хөл, гар хүрч ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн хууль эрхзүйн орчин байдаггүйг хэлдэг. Хэдий бид муу муухай юманд хичнээн дасал боллоо ч хүүхдийн тарчлаанд, хүүхдийн цаг бусын үхэлд, хүүхдийн эсрэг балмад хүчирхийлэлд л дасч болохгүй.

Талийгаач охины хярзан урагдалтай байгааг бэлгийн хүчирхийллээс болсон гэж үзлэг хийсэн эмч болон Хүүхдийн төлөө үндэсний хорооны дарга И.Нарантуяа телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Харин цагдаагийн байгууллагаас зодуураас үүдэлтэй урагдалт гэж мэдээлж байна. Аль нь үнэн зөв болохыг задлан шинжилгээний хариунаас мэдэгдэх биз.

МОНГОЛЫН ТӨР ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЯМАР АЛХАМ ХИЙХ ВЭ?

Энэтхэг улсад насанд хүрсэн хоёр охиныг найз залуу нь бусад залуустай бүлэглэн хүчирхийлж амийг нь хороосны дараа Энэтхэг залуус зөвхөн тэр хоёр охин төдийгүй эмэгтэйчүүдийг хамгаалах тогтолцооны төлөө дуу хоолой хүчээ нэгтгэн тэмцсэний үр дүнд Энэтхэг улс эмэгтэйчүүдийн бие даасан шүүхтэй болж байсан.

Саяхан Турк улсад 20 настай оюутан бүсгүй хүчирхийллийн золиос болон амиа алдсан. Хэргийг үйлдсэн автобусны жолооч “Бүсгүй гадаад төрх байдлаараа намайг өдөөн турхирснаас болсон” гэж мэдүүлсэн байна. Энэ хэргийн талаар хэвлэлүүд мэдээлсний дараа Турк улсад охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах аян өрнөж “Хэрэв мини юбка буруутай юм бол, бид ч гэсэн мини юбка өмсөж байна” гэсэн уриатайгаар турк эрчүүд мини юбка өмсөн жагсаалд оролцож, төрийн бодлогоо эргэж харахыг төр, засгаасаа шаарджээ.

Энэтхэг, Турк улсад эмэгтэйчүүдэд ханддаг хандлагыг манайхтай зүйрлэшгүй. Эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигддөг эдгээр улсуудад хүртэл олон нийт ийн эвлэлдэн нэгдэж тэмцэж байхад хацар гоо охид, хатан ухаант эмэгтэйчүүд хэмээн хүндэтгэн ирсэн монголчууд юу хийж сууна вэ.

ОХУ-аас Америкийн хоёр иргэн хүүхэд үрчилж аваад тамалсны хариуд Ерөнхийлөгч В.Путин шөнийн гурван цагт Думыг яаралтай хуралдуулан АНУ-ын иргэдэд хүүхэд үрчлүүлэхгүй байх хуулийг баталсан байдаг.

Тэгвэл одоо Монгол Улсын төр засаг хүүхдийн хүчирхийллийн эсрэг ямар арга хэмжээ авах бол. Хүүхдээ хазсан эцэг 3.6 жилийн дараа суллагдана, хүүхдээ заазуурдсан эцэг таван жилийн дараа шоронгоос гараад ирнэ. Магадгүй бяцхан охиныг алсан төрсөн эцэг, хойд эх нь хэдэн жилийн ял аваад гарч ирэхийг бид мэдэхгүй.

Тиймээс энэ хэргийг олон нийтэд нээлттэй байлгаж, шүүх хурлыг нээлттэй хийж, алуурчдад цаазын ялыг оноож, олны нүдэн дээр гүйцэтгэх хэрэгтэй гэсэн санааг олон хүмүүс цахим ертөнцөд бичиж байна. Өнөөдрийг хүртэл батлахгүй хойшлуулсаар байгаа Гэр бүлийн хүчир­хийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай баталж, амьдралд хэрэг­жүүлж эхлэхгүй бол цаазын ялгүй орон гэх гоёдсон нэртэй харгис нийгэм орш­соор байх нь. Гэм зэм­гүй олон балчир үрсийг хар­гис эцэг эхийнхээ гарт алуулахгүйн тулд Монголын төр ямар алхам хийх вэ?

Н.Энхбаяр “Цагаан цуглаан”-д оролцож зул өргөлөө

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн Бямба гарагт Чингисийн талбай дээр болсон “Цагаан цуглаан”-д оролцож, зул өргөлөө. Тэрээр зохион байгуулагчид болон цугласан хүмүүстэй уулзаж, сэтгэлийн дэм өгсөн юм.

Төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан дөрвөн настай охины хойдын замыг гэрэлтүүлэх, буян хийхээр 10 гаруй мянган хүн энэ үдэш цугласан. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүүхдийн эрхийн төлөөх тайван жагсаалд УИХ-ын зарим гишүүд, урлагийнхнаас ирсэн байлаа.

Энэхүү цуглааныг зохион байгуулагчид амиа алдсан охины хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх, шүүх ажиллагааг нээлттэй хийлгэхэд анхаарч, Гэр бүлийн хуулийг чангатгах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулах зэргээр хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхээ цахим хуудсаар илэрхийлсээр байна.  

Зураг