Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Над дээр маш олон хүн ирж, уулзаж олуулаа байгаа

Ч.Болортуяа
2015 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсноос хойш анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. 

"Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Энэрэлтэй хийсэн энэхүү ярилцлагаас та бүхэндээ онцлох эшлэлийг хүргэж байна. 

 

Болж өнгөрсөн үйл явдлууд:

  1. Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг гэж үг байдаг даа
     
  2. Хийсэн бүтээсэн маань нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа. 
     
  3. Аймгуудыг холбосон авто зам, өвөл болгон хөлдөж мэднэ гэж айлгадаг байсан цахилгаан дулааны асуудал, хотын түгжрэл, том хэмжээний шинэ бүтээн байгуулалтууд, үйлдвэржилт, орон сууцны найман хувийн зээл, төрийн албаны хүнд сурталгүй шуурхай байдал гээд иргэдийн бухимдлыг төрүүлдэг олон асуудлыг бодитоор шийдсэн. 
     
  4. Энэ их ажлын хажуугаар ганц л зүйлийг амжуулж чадаагүй дээ. 
     
  5. Мэдээллийн эрин үеийн давуу талуудыг ашиглан аливаа худал мэдээллийг олон нийтэд байнга хүргэх нь хүмүүст ховс шиг нөлөөлдөг гэдэг онол байдаг юм гэнэ. 
     
  6. Улс төрийн ашиг хонжоо хайсан явцуу үйлдлүүд гадны зарим нэг хүчин зүйлстэй огтлолцож, улс оронд маань хиймэл хямралыг бий болгоод байгааг эдийн засаг гадарладаг хүн бүр л ойлгож байгаа. 
     
  7. Үнэндээ өмнөх Засгийн газар “Чингис бонд”-оор босгосон нийт мөнгөтэй тэнцэх хэмжээний өр тавьж халамжинд тараасан байсныг манай Шинэчлэлийн Засгийн газар төлж барагдуулсныг хэн ч ярьдаггүй юм.
     
  8. Нэг л мэдэхэд бид нийгмээрээ юуг ч үл хүлээн зөвшөөрөгч, муучлагч, шүүмжлэгч, үл итгэгч олонлог болж хувирсан нь өнөөдрийн бодит үнэн.
     
  9. Бид бүтээгч, хөдөлмөрч, итгэгч зан чанараа бага багаар гээж, буруу болгоноо бусдаас эрж, нийтлэг үнэт зүйл зорилго гэх зүйлгүй болж буйгийн бодит шалтгаан бол бохир өрсөлдөөний үр дагавар гэж би харж байгаа. 
     
  10. Өөрөө юу ч бүтээдэггүй, өрөөлөөр ч юм бүтээлгэдэггүй хүмүүсийг баатар мэтээр харж хүлээн авч байгаа нь энэ том гажуудлын илрэл.
     
  11. Бидэнд нийгмийн эерэг сэтгэлгээний маш том өөрчлөлт хэрэгтэй байна.
     
  12. Явцуу, айдастай, шуналтай, алсын хараагүй хүмүүс төрийн эрх мэдлийн хүчийг дутуу, явцуу үнэлж, өөрийн зөв гэж бодсон мунхаглалаараа хүн төрөлхтөнд маш их гай тарьдаг. 
     
  13. Шинэчлэлийн Засгийн газар буруу зөрүү нэрийг зүүгээд огцорсон ч бидэнд бүх бурууг нялзаах гэж зүтгэж байгаа жинхэнэ шалтгаанууд одоо ил болж эхэлж байна. 
     
  14. 20, 30 жилд хоосон ярьж хойш суусан хүмүүсийн эхлүүлээгүй ажлыг бодитоор барьж, бүтээж, эхлүүлж, шийдвэрлэн зүтгэхэд хамтран зүтгэсэн журмын олон нөхөд, “Шударга ёс эвсэл”, бие даагчид, ИЗНН, бүх хот аймаг, сум дүүргийн удирдлагууд болон төрийн бүх шатны албан хаагчдадаа талархал илэрхийлье.
     
  15. Монголчууд бид сэтгэл, зорилго, зүтгэл гурваа нэгтгэвэл хөгжил дэвшил хажууханд байна. Харин цэцэрхэл, хийрхэлд автан үгүйсгэн гутаасаар суувал улам гүн шаварт шигдсээр байхыг цаг хугацааны явцад олон үзэгдэл нотоллоо. 

 

АТГ-ын тухай:

  1. Дарга, улс төр хоёр солигдоно. Харин үнэт зүйл, зарчим оршин тогтносоор байна гэдгийг ойлгож ажиллах хэрэгтэй. 
     
  2. Би АТГ-ын үйл ажиллагааг эртнээс хатуухан шүүмжилж байсан. 
     
  3. АТГ бол Монгол төрийн сүлдтэй байгууллага. Асуудлыг зөвхөн энэ байгууллагын алдаа мэтээр харвал дэндүү өрөөсгөл зүйл болно.
     
  4. АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон. 
     
  5. Бид чинь ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг л зөв болгох хэрэгтэй. 
     
  6. Х.Тэмүүжингээс эхлээд олон хүн энэ бүхний золиос болсныг хүмүүс эхнээсээ ойлгож эхэлж байгаа нь сайн хэрэг.
     
  7. Энэ буруу хандлага, арга барилтай хүмүүс цааш энэ маягаараа хүчирхэгжээд байвал гарах үр дүнг тооцож байгаа учраас би тэмцсэн.
     
  8. Монгол төрийн төлөө зүтгэсэн зөвлөхөө, хамтран туслагчдаа хүмүүсийн төлөө хийж, иргэд олон түмэн үр шимийг нь хүртсэн тийм үр дүнтэй ажлаар нь улайм цайм шалтаглаж шоронд хорьчихоод байгааг, ааваар нь овоглож байгаад орой бүр төрийн мөрдэстэй хүн охиныг нь гүтгэж зурагтаар гарахыг харах хэнд ч сайхан байхгүй нь ойлгомжтой.
     
  9. Цаг хугацаа бүгдийг шүүж, зөв бурууг ил болгоно. Үнэн их хүчтэй.
     
  10. Өөрсдийн зохион байгуулсан бүх муу зүйлсээ надтай цуг далд оруулах хүсэл байгаа нь ойлгомжтой. 
     
  11. Нэг муу хүн зохиож бий болгоод зургийг нь өндөрт өргөн ард түмнээр чулуу шидүүлж байгаад доогуур нь ард түмнийхээ халаасыг онгичдог. Энэ технологийг нь ямар ч байсан нийгмийн нэг хэсэг нь сайн анзаарч хараад байдаг болсон нь сайн хэрэг.

 

Намын зарим нөхрийн тухай:

  1. Намайг унагах ажил бол эртнээс эхэлсэн л дээ
     
  2. Үнэндээ би УИХ-ын гишүүдэд юм санаагүй л дээ. Огцруулах кнопыг заримыг нь эсрэг даруулж, заримыг нь гаргаад явуулж байгаа цаад хүчийг нь л тодорхойлох хэрэгтэй байх.
     
  3. Бизнесийнхэн, улс төрийнхнийг АТГ-аар шалгуулдаг байдал одоо бүр нам руу ороод ирлээ.
     
  4. ҮЗХ-ны хуралд өрсөлдөж байгаа хүмүүсийг хүртэл шалгуулахдаа тулж, асуудал түүгээр нь шийдэгдээд явж байна. 
     
  5. Би намын даргын ажлаа өгөхдөө З.Энхболдод зургаан үг хэлсэн. Эв эеийг хичээж, ялалтын буухиаг үргэлжлүүлээрэй гэж. 

     

Г.Дэнзэнгийн тухай:

  1. Миний туслахаас зөвлөх хүртэл хийж байхдаа манай бага дүүгийн охинтой дотносож гэр бүл зохиосон энгийн л залуу. 
     
  2. Том тоотой авлигын канондсон цаас болгон дээр Дэнзэнгийн зургийг тавьж МАН-ын хөрөнгө чинээтэй амьдрал мэдэхгүй залуус бүр гүтгэж дайрсан.
     
  3. Үнэндээ бол Дэнзэн манай өнөөгийн нийгмийн золиос болсон залуу. 
     
  4. Тэр залуугийн хүсэл мөрөөдөл битгий унтраасай гэж хүсэх юм. 
     
  5. Цаг хугацаагаар тайлбарлагдах олон зүйлс бидний нүдэн дээр далд хэлбэрээр ил өрнөж байна. 

 

 

Хөгжлийн тухай:

  1. Тулгандаа гал бадамлуулж гэрээ дулаахан байлгах уу, эсвэл галаа өрдсөөр түймэр тавьж гэрээ шатаах уу гэх мэт олон асуудал холын хүмүүст маш чухал цаг үе. 
     
  2. Манай Засгийн газар Оюу толгойтой ойлголцох гэж хоёр жил ажилласан. Дээрдээ ч үгүй, дордоо ч үгүй. Харин тэдний талаас дордуулах бүх шахалтыг хийж байсан. Бид зөвшөөрөөгүй. Хариуд нь тэд Монгол бол найдваргүй улс гэдгийг олон улсад хангалттай сурталчилсан.
     
  3. Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум гаруй ам.доллараар нэмэгдсэнийг бид хүлээн зөвшөөрөөгүй.  Ер нь бол Оюутолгойгоос бидний олох ашиг тун бага.  
     
  4. Ухаалаг ард түмэн, удирдагч нар өөрийн улс орон, иргэдийнхээ ирээдүйн оршихуйд санаа зовж тэмцэж байхад бид энд популизм, улс төржилтдөө хүлэгдэн хөдөлгөөнгүй сууж байгаа нь тун харамсалтай.


 

Н.Энхбаярын тухай:

  1. Н.Энхбаяр жимс бариад нэг удаа эргэж ирсэн. Бид хоёр нэг их нарийн ширийн улс төр яриад байдаггүй хүмүүс. 
     
  2. Н.Энхбаяр гарч ирээд гарын үсэг зурахад МАН айж сандарсан, манайхан сонгуулийн ялалт баталгаажлаа гэж баярласан.

 

МАН-ын тухай:

  1. Би бол МАН-ыг үзэн яддаг хүн биш. МАН-д төрийн тулх ноён нуруутай олон бэлтгэгдсэн боловсон хүчин бий нь үнэн
     
  2. Энэ намын эрүүл шинэчлэл биднийг зөв өрсөлдөөнд оруулж, хожигч нь Монгол Улс байх учраас би энэ асуудлыг ярьж байна.


 

Ч.Сайханбилэгийн тухай:

  1. Манай Сайханаа бүтэн хоёр жил надтай хамтраад ачааны хүндийг үүрч зүтгэсэн хүн шүү дээ. Тэгсэн атлаа бүх зүйлийг хэт хүндрүүлж яриад санаа алдаад хөмсөг зангидаад яриад байгааг нь шүүмжилсэн.
     
  2. Бид яаж ч хүнд хэцүү байдалд орлоо гэхэд хүний халаас руу хүүхэд, эхчүүдийн халаас руу орох болоогүй. 
     
  3. Бүр болохоо байчихсан байна гэж харуулах гээд байгаа юм уу, эсвэл ингэж харагдуулж байж Оюутолгой, Таван толгойгоо зүтгүүлэх гээд байгаа юм уу.


Сүүлийн асуулт: Хамгийн сүүлд нэг юм сонирхоход хэн нэгнийг эрх мэдэлтэй байхад дагаж гүйж, харин хэн ч биш болохоор хаяж явдаг хүний муухай зан бий. Та тэр байдлыг одоо ид мэдэрч байгаа байх даа?

  1. "Над дээр маш олон хүн ирж, уулзаж олуулаа байгаа" Н.АЛТАНХУЯГ