Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шагайн наадгай хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулдаг

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 18
iKon.MN

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдрийг битүүний өдөр хэмээн нэрийдэж энэ өдөр битүүлэх ёс үйлдэн сар шинийн тавгийн идээгээ засдаг уламжлалтай.

Битүүлгийн идээ будаанаас идсэний дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэнэ эвлүүлэх зэргээр тоглодог. 

Эдгээрийн нэг болох  алаг мэлхий өрөх тоглоомыг монголчууд эрт дээр үеэс битүүний үдэш хүүхэд багачууд, томчуулын хамтаар  тоглож ирсэн сайхан уламжлалтай билээ. Эл тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг.

  1. Мэлхийний нурууг хааш хааш зургаа үелсэн бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө.
  2. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр дөрвөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэ буюу нийт 16 шагайг өрнө.
  3. Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт тав буюу нийт 20 шагай өрнө.
  4. Нурууны дээд талд нь хүзүү болгож зургаан шагайг хоёр эгнээгээр өрнө.
  5. Хүзүүний дээд талд нь толгой болгож гурван шагайг өрөөд хоёр талд нь нүд хоёр, чих хоёр болгож өрнө.
  6. Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө.
  7. Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсгийн нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.
Мэлхийний биеийг бүтээсний дараа толгой талд нь улаан будагтай дөрвөн шагайг дугуйлан өрж, зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд “мод” гэж нэрлэн, баруун хажуугаас нь тухайн сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд “төмөр” гэж нэрлэнэ.

Мөн дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг. Ийнхүү “Алаг мэлхий” нь нийт 108 шагайнаас бүрддэг байна.

Ингээд алаг мэлхийгээ өрж хонуулаад шинийн нэгэнд арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаар шоо хаяж, буцаан авч тоглодог.

  • Нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр нэг нэгээр нь тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, эсвэл зүрх ба давсгийн аль нэгийг
     
  • Хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг
     
  • Гурван нүх буувал толгой ба сүүлний аль нэгийг, эсвэл “төмөр” хэмээн нэрлэгдсэн шагайг
     
  • Дөрвөн нүхээр буувал дөрвөн шилбэний аль нэгийг
     
  • Таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэг, эсвэл “мод” хэмээгдсэн шагайг
     
  • Зургаан нүх буувал хүзүү буюу нурууны аль нэгийг тус тус авч тоглодог ажээ. 

Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг аж. 

Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна.   

Эх сурвалж: shinelegmongol.wordpress.com, touristinfocenter.mn