Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЭГЭЛ АМЬДРАЛЫН МӨРӨӨР...

ikon.mn
2015 оны 1 сарын 26
iKon.MN

Хэдхэн хоногийн өмнө миний бие “Эгэл амьдралын мөр” нэртэй номыг тун ч амтархан уншиж дуусгалаа. Сэтгэл маань нэг л гэгээн сайхан зүйлээр дүүрэв. Хэд хоногтоо л энэ номын баатрууд болох хүмүүс сэтгэлээс гарсангүй. Гэрийнхэндээ, найз нөхдөдөө, уулзсан болгондоо Монгол хүн, бидний ахан дүүс бэрхшээлийг сөрөн юу бүтээж чаддагийг бахархан ярилаа. Тэгээд олон олон  хүнд хүргэмээр хорхойсоод үзэг цаас нийлүүлсэн маань энэ. 

Ухрах учиргүй амьдрал- Гартай байхад газардахгүй

Дорноговь аймгийн харьяат Доржготовын Түвшиндэлгэр төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, долоон нас хүртлээ дөрвөн хөллөн мөлхөж байсан ч нэг л өдөр хашаа түшин босоод алхахад найзууд нь “Хүүе чи алхаж чадаж байна” хэмээн урам өгч, аав нь ч тэр оройдоо таяг хийж өгснөөр хөлийнхөө улыг эргэтэл явж сурчээ.

Хэдийгээр сургуульд сураагүй ч хамаатныхаа хүүхдийг хичээлээ давтахад хажууд нь суусаар бичиг үсэгт тайлагдаж, тоо бодож сурчээ. Найман настай байхад аав нь Дюмагийн “Цагаан бээлий”,  “Шадар гурван цэрэг” авч өгснийг уншиж, найз нартаа ярьж өгсөөр номын хорхойтон болсон байна.

15 наснаасаа электроникийг сонирхож  “Залуу зохион бүтээгч” сэтгүүлтэй найзалж байнгын багшаа болгохын хажуугаар ахынхаа захиалдаг орос хэл дээрх “Радио” сэтгүүлээс хэл мэдэхгүй ч схемийг нь таних гэж чармайсаар улмаар орос хэлтэй ч болж. Ингээд юм, юм хийхээр хорхойсч цахилгаан гитар ч хийж үзжээ.

Аав нь түүнд хэрэгтэй бүхий л сэлбэг хэрэгслийг яаж ийж байгаад олж өгдөг байж... Одоо тэрбээр аймагтаа засварчин Түвшин нэртэй, эхнэр, хоёр хүүхэд, бүүр зээтэй өнөр өтгөн гэр бүлийн эзэн сууж, олон хүн бужигнасан засварын газартай болжээ.  Хажуугаар нь шагай харваж, “Монгол улсын гарамгай мэргэн” цол авч олон ч газар явж их юм үзсэн байна.

 

Дээлээ тайлаагүй он жилүүд-Харц дээгүүр явахын жаргал

Хөвсгөл аймгийн харьяат Түмэнбаярын Оюунчимэг дөнгөж 20 настайдаа ээж, ааваасаа зөрсөөр группэд байдаг, өнчин өрөөсөн хүнтэй ханилжээ. Амьдрал түүний санаснаар болсонгүй нөхрөө, үр хүүхдүүдээ асрах, тэжээх бүхий л ачааг нуруундаа үүрч "Би энэ амьдралыг ялах ёстой. Амьдралд золиослох зүйл байдаг бол өөрийгөө золиослох хэрэгтэй” хэмээн өөртөө “хатуурхан” зүтгэжээ.

Ангийнхаа хүүхдийн агент ааваас таван кг элсэн чихэр зээлж аваад түүнийгээ 10 кг сармай дээлт чихэр болгон зарж, өрөө ч төлж, илүү гарснаар нь чихэр хийсээр гурван жилийн ард гарахад сумандаа өөрийн дэлгүүртэй болсон байна.

Амьдрал жаахан дээрдлээ хэмээхийн үед хүү нь бөөрний дутагдалтай, нөхөр нь элэгний хавдартай болсон тухай таагүй мэдээг “тосон” авчээ. Ингээд аймаг руу нүүж, дэлгүүрээ зарсан мөнгөөрөө гэр орон авч, илүүчлэн наймаа хийв. Гэвч ашиг орлого нь идэх уух, эмчилгээ сувилгаанд хүрэхгүй тул банкнаас зээл аван эксел машин худалдан авч дөрвөн жил ёстой л өдөр, шөнөгүй хувцсаа ч тайлах завгүй такси жолооджээ.

Миний олж байгаа мөнгө бүхэн зөвхөн миний халаасанд орох ёсгүй.

Хажуугаар нь  аймгийнхаа “Сонголт-3" компанийн талх түгээгч, борлуулагчаар ажиллав. Борлуулагчдын дунд зарласан болзлыг биелүүлж нэг сая төгрөг, дараа жил нь мотоциклоор шагнуулж, банкныхаа өрийг ч дарж, улмаар өөрийн гэсэн аж ахуйгаа эрхэлье хэмээн талхны цех байгуулсан байна. Эдүгээ Оюунчимэгийн “Зөөлөн” хэмээх компани нь гурил, гоймон, нарийн боов үйлдвэрлэж байна. 22 жил зовлон бэрхшээлийн өмнө сөхрөлгүйгээр зүтгэсний хүчинд өнөөдөр тэр бүсгүй  “Миний олж байгаа мөнгө бүхэн зөвхөн миний халаасанд орох ёсгүй. Харин дуртай зүйлдээ зарцуулах ёстой” хэмээх бодол тээн өөрийн эзэмшлийн хашаандаа спорт заал барьж,  дуртай волейболоо тоглож байх төлөвлөгөөтэй гэнэ. 

 

Хээрийг зорьсон цайчин-Алхмаар ахисан амжилт

Донхүүгийн Моёор цай хийхээр нэгэнт шийдсэн тул дунд сургуулийн багш, доктор Б.Отгонбилэгтэй хотод очин уулзаж цайны ургамлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авчээ.

2007 оны намар ууланд явж байхдаа цайны гол ургамал болох хөвөн оройттой тааралдаж ихэд олзуурхан нэг торыг түүж авчраад цай чанахад хавь ойрынхон нь амтных нь сайхныг шагшин магтжээ. Ингээд хойтон жилийн  зун нь хүүтэйгээ хамт ууланд гарч 14 хоногт шуудай  цайны ургамал түүн 800 ширхэг цай хийж 900-аад мянган төгрөг олов.

Эхний жил 800 цай зарах гэж зүдэрч байсан бол  дараа жил нь 6000 цай зарагдаж борлуулалт нь өсжээ. Одоо жилд хорин мянга гаруй цай үйлдвэрлэж байгаа ч зах зээлд хүрэлцдэггүй гэнэ.

Жилд хорин мянга гаруй цай үйлдвэрлэж байгаа ч зах зээлд хүрэлцдэггүй

Моёорын “Отгон тэнгэр” цай 2010 онд Завханы брэнд бүтээгдэхүүний гэрчилгээ  авч,  2011 онд компани нь аймгийн шилдэг аж ахуйн нэгж болсон байна. Тува улс түүний цайг сонирхож, Тувагийн ерөнхийлөгчийн өргөмжлөл хүртээсэн байх юм.

Одоогоор нэг төрлийн цай хийж байгаа ч цаашдаа  чацаргана , аньс,  нэрсний цай хийх бодолтой аж. “Отгон тэнгэр” цайгаа пакетлахаар гаднаас тоног төхөөрөмж авчирчээ.

 

Номоос төрсөн бахархал

Аймаг, дүүргийн 30 хүний бүтээлч үйлсийг дэлгэсэн энэ номоос гуравхныг  ишлэн авлаа. Ер нь Монголчуудын маань бахархал Монгол хүн өөрөө юм байна. Тэртээ холын Америк хөгжил, Япон загварыг бид  25 жил ярьлаа, мөрөөдлөө. Гэтэл дэргэд маань жинхэнэ ажил, амьдрал буцалж, нөгөө яриад байдаг Монгол брэнд бүтээгдэж байхым. Тэднээс сурах юм маш их байна.

Амьдралын бэрхшээл зовлонг сөрөн давсан сэтгэлийн хатаас эхлээд, өөрийгөө ялан дийлж, оршин буй газартаа эзэн суусан тэр ухаан, зориг, тэсвэр, бүтээсэн бүхэн нь тэр чигээрээ бидэнд бэлээхэн туршлага, арга зүй билээ.

Энэ номын баатар Хэнтий аймгийн  Цэрэндагвын Амгаланбаатарыг, Увсын Бадарчийн Гомбыг ер нь хэнийг нь ч зориод очиход  тэд таатайяа тосон угтаж, дуртайяа хэлж зөвлөнө гэдэгт би итгэж байна. 

Уг нь энэ хүмүүсийн тухай МҮОНТВ, сэтгүүлч, энэ номын зохиогч Д.Долгорсүрэн тэргүүтэй баг 30 цуврал нэвтрүүлэг хийсэн гэх юм. Би үзээгүй, ер нь хаагуур нь явсан юм бол доо гэж харамссан ч харин номыг нь олж уншсандаа тун олзуурхаж байна. Номын зохиогч хийгээд Монгол хүнээрээ бахархах Монголчуудын сэтгэлийг нь бадраах сайн үйлс хийсэн “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын хамт олонд сайн үйлсийг дэлгэрүүлж яваад нь чин сэтгэлийн талархал илгээе. Эзэн хичээвэл заяа хичээдэг гэдэг дээ.

Сэтгүүлч Ч.Базар