Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Камерон Диаз: "Тэр дүрд ингээд тоглочихгүй дээ" гэж санагдах үе байдаг

Б.Даваахүү
2015 оны 1 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Эдүгээ 40 гарсан ч Холливудын царайлаг, ялдамхан бүсгүйчүүдийн жагсаалтыг өнгөлсөн хэвээр байгаа нэрт жүжигчин Камерон Диазын тоглосон “Annie” инээдмийн уран сайхны кино дэлхийн кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Энэ удаагийн “Оддын цаг” булангаараа Камерон Диазын шинэхэн бүтээлийн талаар дэлгэсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-“Beasts of the Southern Wild” кинонд тоглосон. Мөн Эннигийн дүрд тоглосон Кувенжаней Уоллистой хамтран тоглоход ямар байв?

-Ёстой хөөрхөн эгдүүтэй охин шүү. “Annie” шиг кинонд гол дүрийг бүтээнэ гэдэг бол хүүхдийн хувьд маш том хариуцлага. Гэсэн ч Кувенжанейгийн хувьд өөрийнхөө гүйцэтгэлүүдийг мундаг үзүүлж байсан.

Эннигийн дүр наснаасаа илүү хэрсүүжсэн хүүхдийн дүр л дээ. Гэсэн ч Кувенжаней 11 настай охин ямар байдгийг харуулж байсан нь надад үнэхээр мундаг санагдсан. Миний хайрыг ямар их татсан гэж санана. Түүнтэй хамт тоглосон охидууд ч гэсэн сайн байсан.

-Таны хувьд энэ кинонд хүүхдүүдтэй зүй бусаар харилцдаг ааш мууштай эмэгтэйн дүрд тоглосон. Дүрийнхээ талаар ярьж өгөөч?

-Ханниган гэдэг огт гэрлэж байгаагүй, найз залуу ч байхгүй нэг эмэгтэйн дүр. Тэр амьдралдаа алдсан гэж бодож явдаг эмэгтэйчүүдийн л нэг.

Тухайн үедээ нүүрлээд буй санхүүгийн хямралаасаа гарахын тулд бүх зүйлээ нарийн төлөвлөсөн.

Дандаа л хүнд хаягдаж, ялангуяа гэрлэж гэр бүл зохиож үзээгүй учраас амьдралын үнэ цэнэ гэдгийг мэддэггүй. Ер нь хүн өөрөө өөрийгөө хайрлахгүй л бол хүсээд буй аз жаргалаа олж, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч чаддаггүй юм шиг санагддаг.

Миний дүр Ханниганы хувьд хүүхдүүдтэй зүй бус харьцаж буй нь тэр эмэгтэйг өөртэйгөө ч гэсэн тэгж харьцдагийг нь илтгэж байна гэж бодсон. Кино зохиол дээрээ ч гэсэн Ханниган өөрөө өөрийгөө хайрлахгүй бол бусад хүнд ч гэсэн хайрлагдаж чадахгүй гэх утга бүхий хэсэг дүрслэгдсэн байна билээ.

Ер нь өнөөгийн нийгэмд фэйсбүүк хуудастаа хэр олон хүнээс лайк авах, твиттер хуудастаа хэр олон хүнийг дагуулах, Vine, YouTube хуудаст хэр их алдартай байхаас хувь хүнийх нь үнэлэмж хамаардаг гэсэн өрөөсгөл ойлголт байх шиг санагддаг. 

Энэ бол бодит байдал дээр андуу бодол доо. Хэрэггүй зүйлд л анхаарлаа хэт хандуулаад байна гэж боддог юм.

-Камерон эдүгээг хүртэл олон инээдмийн кинонд тоглосон. Сүүлийн үед таны жүжиглэх хэв маяг өөрчлөгдсөн үү?

 

 

Миний туршлагаас хамаараад жил ирэх бүр л миний жүжиглэх хэв маяг өөрчлөгдөж буй нь мэдээж хэрэг. Өөрийнхөө бүтээх гэж буй дүрийн тухай олон зүйлийг судалж, мэдсэнээр янз бүрийн дүрд тоглох чадвартай болдог.

Олны дунд ороод тэдний ажил мэргэжлийн талаарх нарийн зүйлсийг мэдэж авсны дараа “Тэр дүрд ингээд тоглочихгүй дээ” гэж санагдах үе байдаг юм.

Ер нь ямарваа нэг зүйлийг хийхэд алдаа гаргасан ч, тэрийгээ буцаагаад залруулж чаддаг байвал ур чадвар улам л нэмэгддэг.

-Холливудад тодорхой насанд хүрэхээр эмэгтэй жүжигчдэд тоглох дүр олддогүй гэж яригддаг юм билээ?

-Холливудад миний үеийн эмэгтэй жүжигчдийн бүтээх боломжгүй дүр гэж байна. Гэхдээ бодит байдал дээр бидэнд тохирсон дүр өчнөөн л байгаа.

Яалт ч үгүй насны онцлогийг гаргах шаардлагатай дүрийг миний насны жүжигчин бүтээнэ гэвэл асуудалтай биз дээ. Тэр дүр нь халуухан, тачаангуй бүсгүйн дүр байх юм бол бүр ч боломжгүй болж хувирах нь тэр.

-Гэхдээ л таны хувьд 40 гарчихсан ч гэсэн эрэлттэй жүжигчдийн жагсаалтад багтсаар л байгаа шүү дээ.

-Академийн шагналыг хэд хэдэн удаа хүртсэн Мерил Стрип, Хеллен Миррен, Жессика Ленг зэрэг мундаг мундаг жүжигчид надаас насаар ахмад ч гэсэн одоо хэр нь чансаагаа алдахгүй сайн бүтээлүүдэд гол дүр бүтээсээр л байгаа.

Миний хувьд одоо адал явдалт кинонд гэнэн цайлган бүсгүйн дүрийг бүтээнэ гэвэл тэрэн шиг хачин жигтэй зүйл үгүй болно биз. За яах вэ. Хэрвээ би дөнгөж кино урлагийн салбарт орж ирж буй залуу жүжигчин байсан бол ямар ч дүрд тоглосон сайхан л санагдах байсан байх.

Гэтэл одоо миний насан дээр ийм дүрд тоглоно гэдэг байж болшгүй зүйл. Зүгээр л амьдралынхаа сүүлийн мөч хүртэл өөрийн насанд тохирсон дүрийг бүтээхийг л хүсч байна.

 

Зураг