Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Газар нутгийн төлөөх тэмцэл

Б.Даваахүү
2015 оны 1 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

"Дэлхийн шилдэг гэрэл зураг” булангаараа томоохон фото зургийн наадмуудад тэргүүн байр эзэлсэн зургуудыг уншигчиддаа танилцуулахыг урьтал болгодог билээ.

Энэ жишгээр дэлхийн баримтат гэрэл зурагчдын хамгийн том тэмцээн болox “World press photo-2009” наадмын "Ерөнхий мэдээ”-ний төрөлд тэргүүн байр эзэлсэн зургийг хүргэж байна.

Бразилийн Амазонас мужийн Манаус хотын ойролцоох хувийн хэвшлийн газарт зөвшөөрөлгүйгээр суурьшсан эмэгтэй Цагдаагийнхны албадан нүүлгэлтийг эсэргүүцэхийг оролдож буй байдал гэрэл зурагт ийн мөнхөрчээ.

Тодруулбал, 2008 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Бразилийн Амазоны зүрх болсон Манаус хотын зах хэсгийн нутаг хувийн хэвшилд шилжиж, нутгийн уугуул иргэд гишгэх газаргүй болов.

Нэг шугаманд жагсан бамбай барьсан 200 гаруй цагдаа нар иргэдийг албадан нутаг дэвсгэрээс нь хөөж байх үед биеэ хамгаалах чадваргүй нутгийн нэг эмэгтэй нүцгэн хүүхдээ тэвэрч, тэднийг зогсоохыг оролдож буй байдлыг гэрэл зурагчин Луиз Васконселос дурандаа дээрх байдлаар буулгажээ.

 Цагдаа нар эрх баригчдыг төлөөлж буй бол түүнийг эсэргүүцэж буй эмэгтэй ард түмнийг төлөөлөх аж. 

Харин Цагдаа нар урт саваа мод бамбайныхаа завсраар гарган эмэгтэйг цохих гэж байна. Газар чөлөөлөхийг шаардсан мэдэгдэл хэдэн өдрийн өмнө ирсэн хэдий ч, иргэд орон сууцны хүрэлцээ муу зэрэг асуудлын улмаас газраа чөлөөлөхөөс татгалзсанаар цэрэг цагдаагийн хүчээр албадан нүүлгэхээр болжээ.

Улмаар нүүхээс татгалзсан иргэд болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсч, хоёр цаг гаруй үргэлжилж эцэст нь тус газрыг чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрч байсан аж. Энэ үед гишгэх газаргүй болсон ядуу тариачид дэмий л эсэргүүцэхийг хичээж байсан бол цагдаа нар тэдний эсрэг нохой, нулимс асгаруулагч хий, резинэн сум ашиглаж байсан байна.

Зураг дээр бамбай барьсан цагдаа нар эрх баригчдыг төлөөлж буй бол түүнийг эсэргүүцэж буй эмэгтэй ард түмнийг төлөөлөх аж. Хувийн хэвшилд шилжүүлсэн гэх нэрээр эрх баригчид энгийн иргэдийн газар нутгийг хэрхэн булааж байсны нэгэн жишээ энэ.

Зураг