Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхтуул: Миний хамгийн том зорилт бол эрэгтэйчүүдийн их мастерын болзлыг хангах

Ж.Өнөржаргал
2015 оны 1 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа шатрын гурав дахь эмэгтэй Их мастер А.Энхтуулыг урьж, ярилцлаа. Тэрбээр  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 16-хан насандаа төрийн дээд одон, медаль болох Алтангадасыг хүртэж байсан нэгэн. Харин Их мастерын цолыг тэрбээр “Сүмогоор бол Ёкозунатай, Олимпоор бол алтан медальтай нь зүйрлэнэ” гэсэн юм. Будаатай хоол, цэнхэр өнгөнд дуртай, энэ жил 21 настай Их мастер маань ирэх хавар Арабын нэгдсэн Эмират улсыг зорих гэж байгаа аж. 

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар дунд сургууль дээр гурван өдрийн турш шатрын тэмцээн явагдаж, өндөрлөлөө. Энэ тэмцээний талаар ярилцлагаа эхэлье? 

-Монголын шатрын холбооноос Нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд клубийнхээ хүүхдүүдийг дасгалжуулж оролцсон учраас гурван өдөр завгүй өнжлөө дөө.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 6-7 насны ангилалд Нийслэлийн бүх ЕБС-иас шалгарсан хүүхдүүд оюун ухаанаараа өрсөлдсөн. Тэр утгаараа нэлээн ширүүн өрсөлдөөнтэй, томоохон тэмцээн болж өнгөрлөө.

-Өөрийг чинь удахгүй ОХУ-ыг зорих гэж байгаа сонссон юм байна. Хойд хөршид ямар тэмцээн зохиогдох гэж байгаа юм бэ? 

-“Moscow open” тэмцээнд оролцох гэж байна. Бүх бэлтгэл хангагдсан. Энэ нь олон жил зохион байгуулагдаж байгаа, маш алдартай, том тэмцээн. Зохион байгуулагчид нь намайг урьсан учраас 10 хүний бүрэлдэхүүнтэй тойргийн тэмцээнд оролцоод ирнэ.

Дандаа Их мастерууд оролцох юм. 10 бүрэлдэхүүнээс хоёр нь Орос бусад нь гадаад. Гүрж, Монгол, Орос, Казахстан зэрэг орон, орны Их мастерууд тойргоор өрсөлдөж, оюун ухаанаа сорино.

 Гүрж, Монгол, Орос, Казахстан зэрэг орон, орны Их мастерууд тойргоор өрсөлдөж, оюун ухаанаа сорино.

Энэ тэмцээнд би 2011 оноос хойш оролцож байгаа. Харин тэмцээнээ дуусгаад АНУ-руу хувийн ажлаар явахаар төлөвлөөд байна. 

-Анх есөн настайдаа  нүүдэл заалгаж байсан гэж ярилцлагадаа дурьдсан байсан. Шатрын спортоор хичээллэхэд ер нь нас хэр чухал байдаг юм бэ?

-Тиймээ, би есөн настайдаа шатар тоглож сурсан. Миний анхны шатрын багшийг Цэрэндэжидийн Батболд гэдэг. “Төр Монгол” дунд сургуулийн захирал байсан юм. Дунд сургуульд байхдаа багштайгаа танилцаж, “Төр Монгол” шатрын клубт хичээллэх болсон.

2006 онд Чехийн Пардубице хотод дэлхийн өсвөрийн шатарчдын багийн аварга шалгаруулах тэмцээн болж Ц.Сайханчимэг, Ц.Саруул, Н.Бадамханд нартай анх оролцож байсан. 

Тэмцээнд оролцохоор явахдаа олон орны шатарчидтай халз үзэж, дэлхийн  аварга  багаар шалгарч,  алтан медаль зүүгээд ирнэ гэж бодоогүй. Энэ тэмцээн бидэнд их урам өгсөн.

Тэмцээний дараа Ц.Батболд багш АНУ уруу явахаар болж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Жигжид­сүрэн багшаар удирд­уулахаар болсон. Түүнээс хойш өнөөг хүртэл багшийнхаа зааж сургаснаар явж байна. Шатрын спортод нас маш чухал. 

Орчин үеийн хүүхдүүд гурван настайгаасаа эхэлж шатар нүүж сурч байна шүү дээ. Тэгээд дөрөв, тавтай хүүхдүүд хэдийнэ мундаг нүүдэг болчихсон байна.

Миний хувьд харьцангуй орой буюу есөн наснаасаа эхэлж шатар тоглосон гэж хэлсэн.

Шатрын спортод нас маш чухал. 

Тэгэхээр шатрын спортоор аль болох эрт хичээллэх ёстой. 20 настай хүн нүүдэл сурчихаад энэ спортод амжилт гаргана гэвэл боломжгүй. 

-Шатрын клуб гэснээс анх  хамт нүүдэл сурч  байсан найз нь загварын ертөнц рүү урвасан юм билээ. Мисс Б.Бадамцэцэг та хоёрыг багын найзууд гэж хэвлэлээс уншсан л даа? 

-Бадмаа бид хоёр багын найзууд. Бүр гүнзгийрүүлж яривал бидний гэр бүл олон жилийн нөхөрлөлийн түүхтэй. Бидний эмээ, ээжүүд сайхан найзууд. Тиймээс ч бид багаасаа сайхан үерхэж, нөхөрлөсөн.

Бид хоёр анх шатрын клубт хамт хичээллэдэг байлаа. Заримдаа би Б.Бадамцэцэгийнхээ цаг дээр нөхөөд дугуйландаа явчихдаг байсан. Харин өсч том болоод би шатрын спортоор хичээллэсэн, найз маань загвар, кино урлагийг сонирхон суралцах болсон юм. 

 

 

-Гэхдээ чи багадаа урлагийн  авьяастай хүүхэд байсан гэсэн шүү дээ. Яагаад тэр авьяасаа хөгжүүлэлгүй  шатарчин болохоор шийдэв?

-Би бага байхдаа дуулдаг, бүжиглэдэг бас төгөлдөр хуур тоглоно, шүлэг  уншина. Драм сонирхоно гээд  ер нь юм,  юм л хийх гэж оролддог хүүхэд байсан. Тэгээд шатрын клубт ороод, шатар тоглож байгаа хүүхдүүд, энэ спорт  гоё санагдаад  сонгосон юм.

Би шатрын спортыг өөрийнхөө хүсэл, сонирхлоор сонгосон. Шатар хүнийг ухаалаг, хүмүүжилтэй, төлөвшилтэй болгодог юм байна гэж тухайн үедээ бодож байсан. Энэ ойлголтоороо л шатрыг сонгосон хэрэг. 

Хүмүүс гэр бүлд чинь шатар тоглодог хүн байгаа юу гэж асуудаг. Намайг хэн ч хүчлээгүй, шахаж, шаардаагүй. Миний гэр бүлд шатар тоглодог хүн байхгүй. Өөрөөр хэлбэл, миний хүрээлэл шатрын спортоос ангид байсан. Харин  “Төр Монгол” шатрын клубт хичээллэснээр энэ спорттой эргэлт буцалтгүй холбогдсон түүхтэй. Анх сурч байхдаа морины нүүдлийг хийж чадахгүй байсан. Тухайн үед Орос, Хятадын модон өрөг дээр шатар тоглодог. 

Багш маань хөлөг дээр баахан харын хүү тавиад нэг ширхэг цагааны морь тавьчихаад “Хүүнүүдээ ээлж алдахгүй ид” гэдэг. Намайг чадахгүй болохоор загнаж, зандрах энүүхэнд /инээв/.

 Шатар хүнийг ухаалаг, хүмүүжилтэй, төлөвшилтэй болгодог юм.

Би  шартай болохоор  морийг нь “аймаар” чанга дэвсэлж,  нүүхээр нөгөө хүүнүүд нураад уначихна. Буцаагаад нөгөөдүүлээ өрөөд, ахиад л нүүнэ. Ингэж загнуулсаар бас шар хөдөлж,  зүтгэсээр байгаад л сурсан. Хүний дор орох дургүй зан минь шатар тоглож сурахад их нөлөөлсөн гэж боддог юм. Ер нь миний багш маш зарчимч, өндөр шаардлагатай хүн байдаг. 

-Чиний хувьд одоо “Зууны шатар” клубт багшилдаг шүү дээ. Багшлах, тоглох хоёрын аль нь хэцүү байна вэ. Магадгүй одоо багшийнхаа тухайн үед уурлаж, загнаж байсныг одоо илүү мэдэрч байгаа болов уу?

-“Зууны шатар” клубт маш олон хүүхэд хичээллэж байна. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Жигжидсүрэн багш маань багшилдаг. Би зарим хүүхдүүдэд шатрыг зааж, сургаж байна. Миний хувьд ихэнх цагаа шатарт зарцуулдаг. Тэмцээн дөхсөн үед бүр ч эрчимтэй бэлтгэдэг. Ер нь дасгалжуулснаас тоглосон нь илүү амар байдаг юм байна. Учир нь тоглож байхдаа зөвхөн шатартаа л хамаг анхаарлаа хандуулна шүү дээ. 

Гэтэл дасгалжуулахаар хүүхдүүдийнхээ төлөө ёстой л “яс өндөлздөг” юм байна. Энэ яачих бол, хожигдчих болов уу, алдаа гаргаад буруу нүүчих вий дээ гээд байнга тэднийхээ төлөө санаа зовниж, сэтгэл гаргадаг болчихдог юм билээ. Одоо бол мэдээж багш нарынхаа тухайн үед яах гэж загнаж, уурлаж байсныг хангалттай ойлгож, мэдэрч байгаа. Тэд миний төлөө, намайг сайн тоглоосой гэсэндээ л надад хатуу үг хэлдэг байсан. 

Одоо өөрөө хүүхдүүдтэй ажиллаад эхлэхээр багш хүний зовлон, жаргалыг илүү мэдэрч байна. Шатар тоглохоор нэг хөлгийн ард суучихсан бол босохгүй. Харин тал, талд олон хүүхэд байхаар тэдэн рүүгээ гүйж, буруу нүүхээр нь уурлаж, зөв нүүхээр нь баярлаад л сууж байдаг юм.

Миний хувьд анх шатар тоглож сурч байгаа хүүхдүүдэд багшилдаггүй. Арай өөр төвшний хүүхдүүдийг бэлтгэж байна. Ер нь анхнаасаа хүүхэд мэдрэгддэг юм даа. Байгалиас заяасан авьяастай хүүхэд бол ялгараад л гараад ирдэг. 

-Сэтгэлд тодхон дурсамж үлдээсэн тэмцээнийхээ талаар дурсвал?

-Зөндөө байгаа. Тухайлбал, 2007 онд Арабын нэгдсэн Эмират улсын Ал Айн хотноо Өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байсан. Би тухайн үед 13 настай байсан юм. Медалийн төлөө Узбекстаны охинтой тоглож, хожигдоход их харамсалтай байсан. Их уйлж байсан юм. Цэвэр миний алдаа байсан. Хоёр хүү илүү явж байгаад хожигдсон болохоор өөрийн эрхгүй уйлж байлаа. 

Харин хожиж байсан гэвэл зөндөө болохоор үргэлж санаанд байдаг нэг тэнцсэн үеийнхээ тухай ярья гэж бодлоо.

2011 оны Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бразил улсын Калдас Новас хотод болсон. Хамгийн сүүлийн өрөгт би Унгар улсын тамирчин олон улсын мастер эмэгтэйтэй таарч тоглосон. Одоо их мастер болсон, сайн тамирчин. Тоглолтын үед 3-4 хүү дутуу хожих боломж байхгүй болсон байсан. 

Тэгээд хамаг хүч бололцоогоо дайчлаад тэнцэх л хэрэгтэй гэж бодож тоглоод тэнцсэн. Гэхдээ би тэнцээд хүрэл медаль авна гэдгээ мэдээгүй. Тэнцчихээд Монгол руу багш нартайгаа утсаар ярихад “Хүчтэй хүнийг аз түшдэг” гэж хэлэхэд нь “Би тэр охиноос хүчтэй юм байна даа” гэж бодоод, урам зориг орж байсан минь огт санаанаас гардаггүй юм. Тус  тэмцээнд манайхаас 20-иод хүүхэд оролцсон боловч миний сүүлийн өргийн тоглолт манай улсын амжилтанд хүрэх ганц найдвар болоод байсан. 

-А.Энхтуулын ойрын жилүүдэд тавьсан зорилтыг сонсмоор байна?
 
-Мэдээж “Moscow open” тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч байна. Үүнээс гадна  дараа, дараагийн томоохон тэмцээнүүддээ амжилттай оролцохыг зорьж байгаа. Миний хамгийн том зорилт бол эрэгтэйчүүдийн Их мастерын болзлыг хангах. Яагаад гэхээр  шатрын спортод эмэгтэй хүн эрэгтэйчүүдийн цолыг авч болдог. 

Тиймээс би эрэгтэйчүүдийн Их мастер болохыг хүсч байна. Ер нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд шатар тоглоход нэг их ялгаа байхгүй гэж боддог. Адилхан сэтгэж, бодож, тооцоолж, нүүж чаддаг шүү дээ. Яахав бие организмын хувьд эрчүүд мэдээж илүү тэсвэр, хатуужилтай байдаг. Энэ утгаараа биднээс илүү олон цагаар сууж, тоглож чадна. Харин эмэгтэйчүүдийн хувьд зургаан цаг суучихаар ядрах, сульдах тохиолдол гардаг л юм.

Гэхдээ эрчүүдээс нэг их дутахгүй л гэж бодож байгаа шүү. 2008 онд ХБНГУ-д Дэлхийн шатрын 38 дугаар олимпиад зохиогдож байсан юм. Энэ бол шатарчдын хувьд олимп гэсэн үг. Багаараа тоглодог.

Шатрын спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. 

Миний хувьд багийнхаа хамгийн залуу гишүүн байсан. Би тухайн үед 14-хөн настай байв. Багийнх гишүүд маань 25-26 насны эмэгтэйчүүд байсан. Гэтэл миний хувьд 14 настай жаахан охин дэлхийн шатрын олимпиадад оролцох гээд оччихсон. 

Тус тэмцээнд Украйны багтай тоглоход маш хүнд байсан. Яагаад гэхээр манай гурав бүгд тоглоод дуусчихсан байсан юм. Би илүү байрлалтай хэрнээ яаж хожихоо мэдэхгүй маш удаан тоглосон. Эрэгтэйчүүдийн Их мастер хүнтэй тоглож, хожигдсон. Тухайн үед туршлага ч маш бага байсан. 

-Монголын шатарчид бахдам амжилтыг гаргаж байна. Харин энэ спортын хөгжил ямар төвшинд байна вэ?
 
-Шатрын спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Ер нь дэлхийн төвшинд шатар хөгжсөн топ 100 орноос 60 хэдэд нь эрэмбэлэгддэг. 

-Манай улсын зүгээс топ дөрвөн спортын төрөлд нэлээн анхаарах болсон. Харин шатрын спортыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? 

-Монголын шатрын холбоо­­ны Ерөнхийлөгчөөр Г.Занданшатар гуай ажилладаг. Шатарчидтайгаа маш сайн уялдаа, холбоотой ажилладаг. Тамирчдын хувьд хөрөнгө, санхүүгийн асуудал дээр тодорхой эх үүсвэр байхгүй учраас бэрхшээлтэй байдаг юм. Төрөөс шатрын спортыг бодлогоор дэмждэггүй. Уг нь оюуны спортыг хөгжүүлэхэд анхаармаар санагдах юм. Манай шатарчид үүнээс ч өндөр амжилт үзүүлэх  боломжтой. 

Төр засгаас албан ёсоор дэмжээд эхлэх юм бол амжилт гаргах өндөр боломжтой. Оюуны чадвар, дасан зохицох чадвар нь манай шатарчдад байна. Ер нь манай улсад маш олон  сайн тоглодог шатарчид байгаа. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод Ази, дэлхийд өрсөлдөх боломж маш бага байдаг. Тиймээс л цөөхөн хэдэн их мастер төрж, цөөн хэдэн тамирчин дэлхийд өрсөлдөж байна.  

Би сүүлийн үед үндэсний бөхтэй шатрын спортыг жишиж яриад байгаа юм. Гэтэл хүмүүс буруу юмтайгаа жишлээ гээд намайг загнасан. Би өөрийнхөө зөв л гэж бодож байгаа.

Оюуны спортыг хөгжүүлэхэд анхаармаар санагдах юм. 

Бөх барилдаж, хүч бяраа гайхуулаад дэлхийд тэргүүлэх юм уу, оюун ухаанаа өрсөлдүүлээд, тархи, толгойгоороо тэргүүлэх юм уу гэдэг л асуудал. Үндэсний бөхчүүд чинь олон улсад гараад өөрийгөө бүтэн танилцуулчих чадваргүй л хүмүүс байгаа шүү дээ. 

Намайг ингэж хэлсэн гээд твиттерээр бөөн хэрүүл. /инээв/ Манай холбоо гайгүй ажиллаж байгаа боловч төрийн дэмжлэг эрхгүй үгүйлэгдэж байна.

Топ дөрвөн спортын төрлийг харж байхад нэг дэлхийн аварга болоод ирэхэд нь Хөдөлмөрийн баатар, сарын цалин гээд бөөн, бөөн шагнал, урамшуулал дагалдаж байгаа харагддаг юм. Гэтэл манай шатрын спортод долоохон Их мастер байна шүү дээ. Бүгдэд нь МУГТ цол өгчихөж яагаад болохгүй гэж.

-Их мастерын цол шатарчин хүнд ямар үнэ, цэнээр ирдэг шагнал юм бэ?

-Үндэсний бөхөөр бол дархан аварга, олимпоор яривал алтан медаль, сүмогоор яривал ёкозүно. Их мастерын цолыг өөр жиших зүйл байхгүй. Энэ болзлыг хангахын тулд оноо цуглуулах ёстой, чансаагаа цаанаас заасан төвшинд хүргэх шаардлагатай.

Үүний тулд тухайн хүнээс асар олон жилийн хөдөлмөр, тэвчээр, оюун, ухаан шаардаж байдаг юм. Түүнээс биш баяр, наадмын өмнөхөн бэлтгэлдээ гараад давчихдаг асуудал биш. Үндэсний бөхөөр хэдэн наснаасаа ч хичээллэж болох байх. Харин манай шатарт 20 настай хүн амжилт гаргамаар байна гэвэл үнэхээр оройтсон хэрэг болно. 

-Твиттер гэснээс цахим ертөнцөд хэр их цаг зарцуулдаг вэ. Фэйсбүүк, твиттерийн хэрэглээг аль өнцгөөс нь хардаг вэ?

-Замын түгжрэл, завтай үедээ твиттер, фэйсбүүкт орно. Тэр чинь бас нэг сатаарах зүйл болчихож байгаа юм. Зөвхөн шатар яриад яваад байж болохгүй шүү дээ.

Найзуудтайгаа тэр бүр уулзаж амждаггүй учраас фэйсбүүкээр харилцана, мэнд мэдэлцэнэ. Түүнээс гадна олон улсад маш олон найзтай болохоор тэдэнтэйгээ харилцана. Саяхан твиттер ашиглаж эхэлсэн. Бөөн хэрүүл байдаг юм билээ.

 

 

-Мэдээж шатарт цаг зарцуулах ёстой. Гэхдээ 20 гаруйхан насны залуу бүсгүй чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ? 

-Би фитнессээр хичээллэж байгаа. Гэхдээ хааяа очдог. Сардаа хоёр удаа очвол их юм. Найзуудтайгаа хааяа уулзана.

Уулзахаараа хоолонд орно, караокед дуулна. Миний чөлөөт цагаараа хийдэг юм гэвэл ердөө энэ. 

-Гоё дуулдаг уу?

-Дуулах дуртай. Ер нь гайгүй дуулчихна шүү. Ямар ч байсан монголчуудын ярьдагаар найранд гурван дуутай. 

-Нийгмийн хэр идэвхтэй хүн бэ. Нэг хэсэг сайн үйлсийн аян өрнүүлж байсан санагдана?

-Уг нь аль болох нийгмийн идэвхтэй амьдрахыг хичээдэг. Нэг хэсэг найз Б.Бадамцэцэгтэйгээ нийлээд сайн үйлсийн аян өрнүүлдэг байсан юм. Одоо завгүй болчихоод амжихгүй байна. Уг нь цааш нийгэм рүү чиглэсэн ажил хийхийг хүсдэг. 

-Хэдэн хэлтэй вэ?

-Орос, англиар бол чөлөөтэй ярина, уншина, бичнэ. Харин хятадаар бол Бээжинд очоод төөрөхгүй хэмжээнд ярьчихна шүү. Миний эмээ Буриад хүн учраас Оросуудтай ойр өссөн. Багадаа орос цэцэрлэгт явдаг, оросоор ярьдаг байсан болохоор хэл сурахад бэрхшээл байгаагүй. Дараа нь Америк цэцэрлэгт ороод англи хэл сурсан.

Дараа нь Москвад амьдарсан учраас Орос хэл маань сэргэсэн. Тиймээс Москва бол миний хоёр дахь гэр, хоёр дахь эх орон минь гэж боддог. Өмнө нь гурван сард нэг удаа Монголд ирдэг байсан. Харин одоо эх орондоо суурин амьдарч байна. Удахгүй Араб руу явж амьдрах гэж байгаа.

-Ямар учраас Арабын орныг зорих болов?

-Азийн шатрын холбоонд ажиллах урилга ирсэн. Ирэх гурав эсхүл дөрөвдүгээр сард Арабыг зорихоор төлөвлөөд байна. Ямар ч байсан эхний шатанд ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл гэрээний хугацаа хүчин төгөлдөр. Цаашид гэрээ нь сунгагдах юм.

-Азийн шатрын холбоонд Монгол хүн уригдсан анхны тохиолдол уу?

-Тиймээ, өмнө нь Монгол хүн урилгаар ажиллаж байгаагүй. Үүний тулд мэдээж олон шалгуурыг хангасан байх ёстой. Гадаад хэлтэй байхаас эхлээд олон улсын хэмжээний цол авсан байх ёстой, мэргэжил эзэмшч, диплом гардсан байх шаардлагатай зэрэг шалгууруудыг би хангасан. 

Шатраараа ажиллах гээд Араб руу явах гэж байна. Тавьсан санал, хангамжийн тал дээр бол үнэхээр боломжийн санагдсан. Цаашид мэргэжлээрээ ажиллах боломж тохиовол ажиллах хүсэлтэй. Би уг нь бизнесийн удирдлагын чиглэлээр их сургууль төгссөн хүн шүү дээ. /инээв/ 

-Амжилтаа бататгасан сайхан хэрэг болжээ. Түүнээс гадна чи 16 насандаа Алтангадас одон хүртсэн. Төрийн дээд одон, медалийг ийм залуудаа хүртсэн хүн байхгүй болов уу?

-Би тухайн үед яг үнэндээ бол 16 нас хүрээгүй байсан юм шүү дээ. Ерөнхийлөгч есдүгээр сарын 1-нд Алтангадас одон гардуулна гэж өмнө нь мэдэгдсэн байсан.

Эх орон бол хүн болж төрсний утга учир.

Хүүхэд байсан болохоор “Ямартай ч төрийн хүндтэй одон, медаль гардаж байгаа юм байна” гэж бодож байв. Маш их баярлаж байсан. 

-Тив дэлхийд өрсөлдөж байгаа хэн бүхэн эх орныхоо нэрийн өмнөөс оролцдог. Тэгвэл чиний хувьд эх орон гэж юу вэ? 

-Эх орон бол хүн болж төрсний утга учир. Хүн хаана ч байлаа гэсэн амьдрал нь эх оронтойгоо салшгүй холбоотой байдаг. Олон улсын тэмцээнд намайг А.Энхтуул биш Монголын Энхтуул гэж дууддаг.

Тухайлбал,  Ирак улсад болсон тэмцээн дээр ганц Монгол байсан нь би. Тэр үед миний дасгалжуулагч надтай хамт явж сэтгэлийн дэм өгч байсан ч нэг л сонин байсан. 

Эхний мөчүүдэд өөрөөсөө чансаа доогуур хүмүүст ганц, хоёр хожигдсон. Тэгээд хажуу тийшээ харахад ширээн дээр  эх орны минь төрийн далбаа байсан. Би төрийн далбаагаа хараад эрч, хүч авч тоглосон. Гадаадад явахад Монголын талаар төдийлөн хүмүүс мэддэггүй. 

Ялангуяа Африкийн орнуудын тамирчид Монголын талаар ямар ч төсөөлөлгүй байдаг. Мэдээж мэдэх нэг нь мэднэ. Тэднээс  “Чингис хаан гэж мэдэх үү” гэж асуугаад л яриад эхэлдэг юм. Мэдэхгүй гэж хариулбал google хайлтаас хай гэж зөвлөнө. /инээв/ Хаана ч явсан эх орноороо, Чингис хаанаараа бахархдаг юм. 

-Сэлэнгэ нутгаас төрсөн алдартнуудын нэг бол яах аргагүй чи. Ярилцлагынхаа төгсгөлд тэдэнд хандаж юу гэж  хэлэх вэ? 

-Намайг үргэлж тусалж, дэмждэг Сэлэнгэ аймгийн удирдлагууд, нутгийн зон олон “Монгол чехметалл” компанийн хамт олон болон намайг үргэлж тусалж, дэмждэг маш олон хувь хүн байгууллага бий. Тэдэндээ талархал илэрхийлье. Би аливаа нэгэн амжилтад хүрээд бусдад талархдаг. 

Амжилт гаргахад миний хийж чаддаг зүйл бол өөрийгөө дайчилсан хөдөлмөр. Харин бусад нь намайг дэмжсэн хүмүүсийн ач тус байдаг юм шүү. Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн. Монгол орны хойд хилийг манасан энэ нутагт төрсөндөө өөрийгөө хувьтай хүн гэж боддог юм. Тиймээс нутаг, усаараа бахархаж явдаг. 

Зураг