Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ батлан хамгаалах номлолоо шинэчиллээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-нд тус улсын батлан хамгаалах номлолыг шинэчлэн баталлаа.

Оросын шинэ батлан хамгаалах номлол нь НАТО-г илүү идэвхитэй сөрж зогсох, Хойд туйл дахь байр сууриа нэмэгдүүлэх, Энэтхэг болон Хятад улсуудтай харилцаагаа бэхжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлд голлон анхаарчээ.

В. Путин 12 дугаар сарын 26-нд гарын үсэг зурсан бичиг баримтдаа “өсөн нэмэгдэж байгаа глобаль өрсөлдөөн, улс хоорондын, бүс нутаг хоорондын сөргөлдөөн нь өнөөдрийн дэлхий нийтийн хөгжлийг тодорхойлж байна” гэжээ.

Тэр цааш нь “Бүс нутгийн олон сөргөлдөөн шийдлээ олж чадаагүй хэвээр байна. ОХУ-тай хил залгаа бүсүүдэд эдгээрийг хүчээр шийдвэрлэх хандлага давамгайлж байгаа. Одоогийн олон улсын аюулгүй байдлын систем нь бүх улс орнуудад ижил тэгш үйлчилж чадахгүй байна” хэмээн онцолсон байна.

 

НАТО-гийн тэлэлтийг зогсоох

 

Шинэ номлол нь Оросын батлан хамгаалах стратегид хэд хэдэн чиглэлд том өөрчлөлт оруулж байгаагийн нэг шалтгаан нь Оросын хил залгаа бүсүүд дэхь НАТО-гийн тэлэлт болж байна.

НАТО Европт агаараас болон пуужингээс хамгаалах системээ өргөжүүлсний хариуд шинэ номлолоор Оросыг бусад холбоотон орнуудтай хамтран пуужингээс хамгаалах систем байгуулахыг зөвшөөрчээ.

Номлолд НАТО-гийн тэлэлтийг тайлбарлахдаа “дэлхий нийтийн тогтвортой байдлыг алдагдуулж, цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн хүчний тэнцвэрийг эвдсэн явдал” гэжээ.

Ингэхдээ Орос нь BRICS-ын гишүүн орнууд болох Энэтхэг, Хятад улсуудтай эвсэл байгуулж ажиллах гэнэ.

 

Хойд Туйл дахь байр сууриа өргөжүүлэх

 

Хойд Туйл өнөөдөр олон улс орны дунд маргаан дагуулсан чухал том орон зай болж байна. Энэ бүсэд ОХУ, АНУ, Канад, Дани, Норвеги улсууд өөр өөрийн эзэмшилтэй ч эцэслэн тогтоогүй хилийн маргаан олон бий.

ОХУ саяхнаас өөрийн эзэмшилд 10 эрлийн болон аврах станц, 16 далайн гүн дэх боомт барихаар төлөвлөжээ.

Мөн 2017 он гэхэд Туйлын бүсэд үүрэг гүйцэтгэх чадвартай байлдааны ангитай болох, 13 онгоц буух талбай, 10 агаараас хамгаалах радарын станц байгуулахаар ажиллаж эхэлсэн байна.

 

BRICS-ын орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх

 

BRICS-ын эвсэлд Бразил, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн орнууд ОХУ-тай хамт багтдаг. Гэвч одоогоор батлан хамгаалах салбарт хамгийн ойр байгаа улс нь Энэтхэг.

Харин одоо бусад улс орнуудыг, ялангуяа Хятадыг ийм харилцаанд татан оруулах бодлого барьж эхэлжээ.

Энэтхэг бол дэлхийн хамгийн том зэвсэг импортлогч. Харин үүний 75 хувийг Оросоос авдаг юм.

Үүнээс гадна хоёр орон тав дахь үеийн байлдааны онгоцыг хамтран бүтээж байгаа.

Энэтхэгийн дараа Хятад улс Москвагийн холбоотон болоход ойрхон байгаа юм. Шалтгаан нь Барууныхны хориг, шахалт нь Москва-Бээжингийн харилцааг улам ойртуулахад хүргэж байна.

 

 

Эх сурвалж: defensenews.com