Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баярмаа: Түүхэн кинонд тоглох санал ирвэл шууд хүлээж авна

Э.Орхон
2015 оны 1 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаагийн дугаарын зочноор Хүсэлбаатарын Баярмааг урилаа. Түүнийг 2012 оны Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсоноор нь манай уншигчид андахгүй билээ.

-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Шинэ оныг шинэ уран бүтээлээр угтаж байгаа гэж сонссон энэ талаар яриагаа эхэлье? 

-Баярлалаа. Танай сонины хамт олон болон уншигчиддаа шинэ оны мэнд хүргэе.

Шинэ он гараад удаагүй байгаа ч “Шилдэг өнгө” продакшн маань шинэ уран бүтээлдээ орчихсон.

Энэ жил бид олон ажил хийхээр төлөвлөсөн. Хүүхдийн жүжиг, нэг хүний моно драм гээд хэд хэдэн бүтээлийг хүргэх болно.

Өнгөрсөн жилийн хамгийн сүүлийн уран бүтээл болох “Аюултай харилцаа” уран сайхны кино нэгдүгээр сарын 15-нд нээлтээ хийхэд бэлэн болсон. Манай кино нийгэмд чухал мессеж өгөх уран бүтээл болсон.

-Өмнө нь кинонд тоглож байсан уу. Энэ таны хэд дэх дэлгэцийн бүтээл болж байна вэ?

-Дэлгэцийн анхны бүтээл гэвэл “Хүйтэн бороо” теле жүжигт гол дүрд тоглосон.

“Аюултай харилцаа” кино маань дэлгэцийн хоёр дахь гол дүр болж байна.

-“Аюултай харилцаа” киног гэр бүлийн бүтээл гэж хэлж болохоор юм. Аав, ээжтэйгээ хамтарч ажиллах ямар байдаг вэ. Жүжиглэхдээ сандрах айх, эмээх асуудал гардаг уу?

Тийм ээ. “Аюултай харилцаа” киноны найруулагчаар аав, зургийн даргаар ээж ажилласан. Миний хувьд аав, ээжтэйгээ хамт ажиллах илүү хялбар, бие биеэ ойлгоход амар юм шиг санагддаг.

Үл ойлголцох асуудал гарсан ч хурдан шийдэж чаддаг. Өөрийнхөө дуртай зүйлд ажиллах, тэр дундаа аав, ээжтэйгээ хамт ажиллана гэдэг хүн бүрт тохиох аз биш байх. Заримдаа магтуулна, заримдаа шүүмжлүүлнэ.

Энэ бол байдаг л асуудал. Гэхдээ аавын хувьд найруулагч хүн жүжигчиндээ ямар шаардлага тавьдаг тэр шаардлагыг тавьдаг. Магадгүй тэрнээс ч өндөр шаардлага тавьдаг байж магад.

Үл ойлголцох асуудал гарсан ч хурдан шийдэж чаддаг. 

-Кинон дээр ямар зан чанартай эмэгтэйн дүрийг бүтээсэн бэ. Кинон дээрх дүр амьдрал дээрх дүр хоёрыг харьцуулаач?

 

 

-Гэрийн сайн эзэгтэй. Амьдралд тохиолддог бэрхшээлтэй асуудлыг хүлээцтэйгээр давж чаддаг эмэгтэйн дүрийг бүтээсэн. Эр хүний гэртээ харих гэрлийг гэргий нь асаадаг гэдэг үг байдаг.

Миний дүр энэ үгтэй илүү наалдах байх. Насны хувьд өөрөөсөө 4-5 насаар эгч хүний дүрийг бүтээсэн.

Амьдрал үзчихсэн, хатууг туулсан эмэгтэйн дүр. Миний хувьд амьдрал зохиож үзээгүй аав, ээжтэйгээ хамт амьдардаг учраас кинон дээрх дүртэйгээ харьцуулахад нас минь болоогүй байна.

Гэхдээ асуудалд аль болох хүлээцтэй хандаж сурах юмсан гэж хичээдэг, боддог. Киноныхоо зохиолыг анх уншиж байхдаа бодит амьдрал дээр эмэгтэй хүн ийм ухаалаг шийдвэр гаргаж чадах болов уу гэж бодож байсан.

-Мисс, жүжигчин, хөтлөгч, загвар өмсөгч гээд таныг тодорхойлох тодотгол нэлээд их юм. Ер нь энэ бүгдийг яаж амжуулж байна вэ?

-Залуу насыг завгүй өнгөрөөхийг хүсдэг. Аав минь ч гэсэн тэгж зөвлөдөг.

Урлагийн тэр дундаа жүжигчин хүн бүх зүйлийг хийж чаддаг байх ёстой. Ялангуяа XXI зууны жүжигчдийг универсал байх ёстой гэдэг.

Тиймээс аль болох олон зүйлд өөрийгөө сорьж, бүтээхийг хүсдэг.

Мөн үеийнхээ залуус болон дүү нартаа үлгэр дууриал болохыг хичээдэг. Зарим хүн юм юмыг сэглэсэн нэг зүйлдээ явахгүй гэж хэлдэг.

Залуу насыг завгүй өнгөрөөхийг хүсдэг.

Гэхдээ миний хувьд өөрийнхөө хийж байгаа бүх зүйлдээ сэтгэлээ зориулж ажилладаг.

Миний хийж байгаа бүтээж байгаа бүхэн Баярмаа гэдэг хүнийг илэрхийлэх болно. Сүүлийн үед залуус маань үнэхээр их хөдөлмөрч, бүтээлч болсон. Цаг үеэсээ хоцрохгүйн төлөө ажиллаж байна даа.

-Мисс гэхээр гоё сайхан байх л гэж ойлгодог. Гэхдээ дэлхий нийтэд миссийг гоё сайхнаас нь гадна хүмүүнлэг байхыг чухалчилдаг. Өөрийн тань хувьд энэ үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцдог вэ?

-Мисс гэдэг нэрийг дааж, авч явна гэдэг хүнд. Сайхан эмэгтэй байна гэдэг гадна талаасаа ч дотроосоо ч сайхан байхын нэр. Хүмүүнлэгийн ажилд олныг уриалж, зохион байгуулна гэдэг тухайн хүнээс хүч хөдөлмөр шаарддаг. Миссийн тэмцээнд оролцож байхдаа залуусыг уриалдаг байсан.

Тэмцээнд орохоосоо өмнө саажилттай хүүхдүүдэд өөрийн хэмжээнд тусалж байсан. Энэ ажлаа 2015 онд үргэлжлүүлж аян өрнүүлэхээр төлөвлөсөн байгаа. Өнгөрсөн жил “Өнөр бүл” асрамжийн газарт очиж хүүхдүүдийг чадах чинээгээрээ баярлуулсан.

Мөн “Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид маань хорих анги болон асрамжийн газарт очиж толгох зэрэг хүмүүнлэгийн ажил хийдэг. Өнгөрсөн долоо хоногт “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу” нэвтрүүлэгч оролцож мөнгө хожсон.

Энэ мөнгөө асрамжийн газрын хүүхдүүдэд хандивлах ажлыг ирэх долоо хоногт зохион байгуулна.

-Олны танил тэр дундаа сайхан хүүхнүүдийг хэл ам тойрдоггүй. Хэвлэлээр гарсан элдэв мэдээллийг яаж хүлээж авдаг вэ?

 

 

-Хийж бүтээсэн зүйлтэй хүнийг хэл ам тойрдоггүй юм шиг санагддаг. Миний хувьд тиймэрхүү мэдээллийг нэг их сүртэй хүлээж авдаггүй.

Ихэвчлэн муулсан, доромжилсон, худлаа зүйл байдаг учраас нэг их хүндээр тусгаж авдаггүй. Найз нөхөдтэйгөө инээдэм болгоод л яриад өнгөрдөг.

-Кинонд тоглох санал хэр ирдэг вэ. Жүжигчин хүн бүрт өөрийн бүтээхийг хүссэн мөрөөдлийн дүр байдаг. Таны хувьд?

-Кинонд тоглох саналд ирвэл эхлээд зохиолоо уншдаг. Чанартай сайн уран бүтээл болох, сайн дүрд тоглохыг хичээдэг.

Уран бүтээлчдийн хувьд түүхэн кино бол мөрөөдлийн дүр.

Санал тавьсан дүр бүрийг хүлээж авах нь үнэ цэнэгүй мэт санагддаг. Зохиол, дүрээ уншиж судалсны дараа аав, ээж, багштайгаа зөвлөдөг.

Уран бүтээлчдийн хувьд түүхэн кино бол мөрөөдлийн дүр. Миний хувьд ч гэсэн түүхэн кинонд тоглох мөрөөдөлтэй. Тэр дундаа Монголын түүхэн дүрийг бүтээхийг хүсдэг.

Түүхэн дүр гэдэг тухайн жүжигчнээс маш их ур чадвар, хүч хөдөлмөр, цаг хугацаа, ухаан шаарддаг. Дүр бүтээхээс илүү дүр дээрээ ажиллах шаарддаг. Тиймээс жүжигчин хүний жинхэнэ ур чадварыг шалгадаг гэж ойлгож болно. 

-Түүхэн кинонд тоглох санал ирвэл шууд хүлээж авна гэсэн үг үү?

-Тийм ээ. Хэрэв ийм санал ирвэл шууд хүлээж авна.  

-Танд эротик кинонд тоглох санал ирж байв уу. Эмэгтэй хүн сайхан бие, залуу насаа зураг, хальсанд мөнхлөхийг нууцхан хүсдэг. Танд ийм бодол бий юу?

-Эротик кинонд тоглох санал ирж байсан. Нуулгүй хэлэхэд эмэгтэй жүжигчин бүр л ийм дүрд тоглохыг хүсдэг.

Миний хувьд одоохондоо ийм дүрд тоглох арай болоогүй гэж боддог. Хэдэн жилийн дараа болох байх аа. Уран бүтээлч хүн ямар ч дүрийг бүтээдэг байх ёстой л доо.

-Танилцах хүсэлт хэр ирдэг вэ. Өдсөн, хоргоосон залууст ямар хариулт өгдөг бол?

-Танилцах саналыг энгийн сайхан найзын ёсоор хүлээж авдаг. Би өөрөө ч олон найз нөхөдтэй байхыг эрхэмлэдэг. Фэйсбүүк чатаар юм бичсэн хүн бүрт хариуг нь бичиж эелдэг байхыг хичээдэг. Хүнтэй танилцах тийм асуудал биш шүү дээ. Танилцахаас дараах асуудал бол өөр ойлголт л доо. 

Зураг