Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Тэнгэрийн хүү”-гийн тэнгэр үзэл

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг

Монголчууд ганцхан бурхныг “мөнх тэнгэр” шүтдэг, тэр нь нүдэнд үзэгдэх ба үл үзэгдэх аливаа бүхнийг захирдаг” Плано Карпини 
Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээсэн уг бүтээлд төрт улсын хаан Их Шаньюй буюу Түмэн Шаньюй бор дарсанд шунан дурлаж, найр наадамд ташууршсаны харгайгаар “Хүн улс”-д аюул нүүрлэж, түүний ууган хүү Модун Шаньюгийн хатуу шийдвэр, хайртай бүхнээ золиосонд гаргана. 

Газар шороо, төр улсынхаа энх тайван байдлын төлөө зүтгэсний хүчээр “Хүн улс”, тусгаар тогтнол, улсын үндэс болсон газар шороогоо заналт дайсан Хан улсаас хамгаалан үлдсэнийг тайзан дээр өрнөх олон хурц үйл явдлаар дүрслэн өгүүлжээ.

Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжгээ найруулан олны хүртээл болгосны дараа төрийн соёрхол хүртсэн нь энэхүү уран бүтээлийн чанар чансааг тодорхойлох Монгол төрийн үнэлгээ болсон юм. 

Зохиолч Ц.Түмэнбаярын “Мэргэнд буусан чоно” өгүүллэгт ч түүхийн энэхэн хэсгийг харуулдаг бөгөөд зохиолч Б.Цогнэмэх энэ өгүүллэгийн санааг улам төгөлдөржүүлэн баяжуулж “Тэнгэрийн хүү”-гээ туурвижээ.

Түүнчлэн зохиолч, судлаач Я.Ганбаатарын:

  • “Модун Шаньюй”,
     
  • “Хүүхэн Шаньюй”,
     
  • “Тэнгэрийн ташуур Атилла” хэмээх Хүннүгийн үеийг тусгасан бядтай цуврал романы хэл найруулгын тансаг, яруу хэллэг үлэмжхэн мэдрэгдэж байсныг ч хэлэх ёстой. 

“Газар гишгэхгүй хөл, шороо үзэхгүй нүд гэж байгаад яах юм” хэмээн Модун Шанью өгүүлэх нь чухам энэ жүжгийн үзэгчдэд өгөх гэсэн гол чиг шугамыг тов тодорхой илэрхийлжээ.

Энэ л үг эцгээ хөнөөн байж, хайртай хатан Шивагаа эцэг нэгт дүү Арвайдаагийнхаа гарт алдаж буйг, хайртай ээж нь хүүгийнхээ үйлдлийг хүлцэж чадалгүй эцгийнх нь цайг чанаж өгөхөөр өөрийнхөө амийг егүүтгэн хамт одсоны их уй гуниг, цөхрөл, харууслаа тэсвэрлэн гарч цаашдын үйл хэргээ үргэлжлүүлэх их хүчийг өгсөн гэлтэй.

Газар гишгэхгүй хөл, шороо үзэхгүй нүд гэж байгаад яах юм.

Модун Шаньюгийн дүрийг жүжигчин Г.Эрдэнэбилэг үзэгчид төдийгүй судлаач шүүмжлэгчдийн санаанд хүртэл гайхалтай бүтээж чадсаныг энэ тэргүүнд магтууштай.

Залуугийн омгоор гаргасан шийдвэр нь эхийнх нь амийг хорлох шалтгаан болсон ч тэр төр улсынхаа төлөө хугарч, нугарсангүй хаан шиг хаан байж чадав. 

Мөн жүжигт хүчтэй илэрч байсан санаа нь Монголчуудын “тэнгэр үзэл”-ийн тухай буюу цагаан шонхор шувууны бэлгэдлээр илэрч буй үзэгдлүүд(тэмдгүүд) юм. Хан улсад барьцаалагдаж, төмөр гинжээр хүлүүлсэн Модун Шаньюд тэрхүү гэсгээлийг давж гарах их хүчийг “хүн улс”-ын их зайрангийн сүнс өгч буй мэт боловч цаад гүн санаа нь монголчуудын тэнгэр үзэлтэй нэгэн сэжмээр холбогдож байна.

Их зайрангийн (Ж.Пүрэвдорж) амнаас цагаан шонхор шувуу нисэн гарч Модуны нэрийг чангаар дуудан сэрээж түүнд их хүчийг хайрлаж байгаа нь чухамхүү түүнд тэнгэр тусалж буй хэрэг аж. Монголчуудын тэнгэр үзэл хэмээгч нь шашин бус зөвхөн монгол хүн ойлгож ухамсарлах, тэнгэрлэг мэдрэмж, ертөнцийг үзэх үзэл төдийгүй монгол хүний цогц итгэл үнэмшил юм.

Монголын нууц товчоонд Есүхэй баатар Тэмүүжин хүүдээ бэр гуйхаар явж байгаад Хонгирад аймгийн Дэй цэцэнтэй дайралдаж, бэр гуйх гэж яваагаа хэлдэг. “Би урд шөнө нэгэн зүүд зүүдэллээ. Цагаан шонхор шувуу нар сарыг атган алган дээр минь ирж буув” гэсэн бэлгэдэлт өгүүлэмж нь чухам Тэмүүжин, Бөртэ хоёрын заяа төөргийг зүүдэлж хэмээн гэртээ авч ирснээр тэд сүй тавьдаг нэгэн бүлэг байдаг.

Энд өгүүлж буй цагаан шонхор шувуу, жүжигт гарч буй цагаан шонхор шувуу ч чухамхүү эрт үеийн Монголчуудын сүлд шүтээн, төрийн бэлгэдэл байсныг харуулж байна. Жүжгийн тайз засал ч энэ санааг улам баталж өгч байв. 

Тайзны голын дэлгэцэн дээр нар, сар ээлжлэн гарч өдөр, шөнийн алин болохыг зааглан харуулна. Жүжгийн төгсгөлд тайзны гол хэсэг саран хэлбэртэй болж, арын дэлгэц нарны хэлбэртэй болсон нь

Шаньюй хаадын их шүтээн, төрийн сүлдийг бэлгэдэхийн сацуу монголчууд төрийн үйл хэрэгт арга, билгийн ухааныг хослуулан баримталдаг байсныг тодотгон харуулсан юм.

Модуны төрт улсаа сэргээн босгох шийдэмгий эргэлтийг түүний цэрэг эрсийн шунгинан исгэрэх бороот сум, биеийн хэлийг (body language) гайхалтай үзүүлсэн олны хэсгүүдээс бахдалтайяа мэдрэгдэх нь найруулагчийн хэрхэн жүжигтэйгээ айлсан ойртсоныг гэрчлэх хамгийн бодитой үзүүлэлт юм. 

Дүрийн уран чадвар

Омголон эрэмгий Модун Шаньюгийн дүрд жүжигчин Г.Эрдэнэбилэг шаналсан, дурласан, өширхөсөн, хайлсан олон нугачаат хувирлыг үг хэл, гадаад төрх байдлаараа чадварлаг хөглөн, гайхалтай амьд бүтээсэн. Драмын театрын нэгэн шинэ үе төрөн гарч байгаа нь сүүлийн үед тавигдсан олон жүжгээс анзаарагдсаар байгаа.

Нэгэн цагт драмын театрын дөрвөл нэрээр гарч ирсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Н.Наранбаатар, Г.Амгаланбаатар нар өдгөө чадварлаг жүжигчин, найруулагчид болцгоожээ.

Тайз, дэлгэцийн урлагт гол дүрээс гадна бүтээлийн амин сүнсийг өөртөө тээсэн жижиг дүрүүд ч онцгой үүрэгтэй.

Театрт тавигдаж байгаа сонгодог жүжгүүдийн аль ч дүрд тэд гологдохгүй болсны баталгаа нь С.Болд-Эрдэнийн бүтээсэн Гамлетийн дүр, Г.Амгаланбаатарын “Дон Кихот” жүжгийн Санчогийн дүр, Г.Эрдэнэбилэгийн Модун Шаньюгийн дүрүүдээс харж болно. 

Н.Наранбаатар найруулагч болсноосоо хойш өөрийн талын хүмүүст гол дүрээ өгдөг гэсэн шүүмжлэлийг удаа дараа дагуулж байсан ч тэд өөрсдийн дүрүүдээ бүтээсээр л байна.

Тайз, дэлгэцийн урлагт гол дүрээс гадна бүтээлийн амин сүнсийг өөртөө тээсэн жижиг дүрүүд ч онцгой үүрэгтэй байдаг. Жижиг дүрийг хэрхэн том бүтээж болдгийн жишээ манай алтан үеийнхэнд байсны нэгэн томоохон төлөөлөгч нь Ардын жүжигчин Д.Чимэд-Осор агсан билээ.

Жүжигчин С.Болд-Эрдэнэ ч урлагийн гэр бүлд өссөн гэдгийг мэдэх хүн цөөнгүй. Түүний аав С.Сугар авьяаслаг найруулагч төдийгүй урлагийн ертөнцөд олон сайхан шавь төрүүлсэн эрхэм хүн билээ. СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ жижиг, том аль ч дүрийг бүтээж чадаж байгаагаараа энэ цагийн жүжигчдээс ялгарсаар байна.

2012 онд бүтээсэн Гамлетийн дүр нь түүний ур чадварыг бүрэн нээсэн дүр бөгөөд байж ядсан сэтгэлийн их цөхрөл, шаналал, үзэн ядалт, гээд сэтгэлзүйн олон төлөв байдлыг нэгэн дор цогцлоож чадсан юм. “Тэнгэрийн хүү” жүжигт Хан улсын элчийн дүрийг ч чадмаг бүтээсний сацуу өөөрийгөө ихэд эвдэж байж энэ дүрийг бүтээсэн нь ч анзаарагдсан. Мөн нэг онцлох дүр нь их зайран буюу СТА жүжигчин Ж.Пүрэвдоржийн дүр байв.

Түүний “Эдип”хаан жүжигт бүтээсэн хоньчин өвгөний дүр ч мөн анхаарал татахуйц содон дор байсныг судлаачид анзаарч тэмдэглэсэн байдаг . Энэ удаад түүний бүтээсэн их зайрангийн дүр мөн л онцлууштай дүрийн нэг байсан юм. 

Эцгийнхээ золиос болж дайсны гарт орсон Модун Шаньюд туслах үүргийг мөнх тэнгэр түүнд тушаана. Тайзны голд байрлуулсан дэлгэцэн дээр цагаан шонхор шувуу амнаасаа гарган нисгэх дүр зураг дээрх жүжигчний нүүрний хувирал, дуу хоолойны өнгө гээд мэргэжлийн судлаачдын анзаарах ёстой олон элементүүд харагдаж байлаа.

Мөн өөрийн амийг нь хорлох гэж байгааг зөн совингоороо мэдэрсэн ч “явах цаг минь болжээ” гэж тийм хатингар хүний хоолойноос гарамгүй хүчирхэг өнгөөр хэлсэн нь дүрээ хэрхэн амилуулсны тод жишээ юм.

Түүнчлэн Түмэн Шаньюгийн дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Могол хатны дүрийг Ардын жүжигчин Н.Сувд, Лүүсүү вангийн дүрийг Ардын жүжигчин П.Цэрэндагва нар бүтээж Монголын театрын урлагийн нэгэн сод бүтээлд өөрсдийн авьяасыг мөнхлөн үлдээцгээв.“Тэнгэрийн хүү” яах аргагүй тэнгэрлэг нэгэн бүтээл болжээ.

Зураг