Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нармандах: Шинэ жилээр гламур хэв маягийн будалтууд давамгайлж байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн үдшээр хамгийн гоёмсог харагдаж, өөртөө итгэлтэй алхахыг хүсдэггүй бүсгүй хүн бий гэж үү. Эмэгтэй хүний гоо сайхныг тодотгож, итгэл нэмдэг гайхалтай урлаг бол MАKE-UP билээ. 

Арванхоёрдугаар сар дундаа орж хэн бүхний сэтгэлийг догдлуулдаг шинэ жилийн үдшүүд эхэлж буй энэ үеэр бүсгүй танд нэгэн ярилцлагаар “бэлэг” барья. Ингээд “Гоёл 2015” наадмын шилдэг Make-up артист, Narumi make-up studio-гийн захирал Г.Нармандахтай ярилцсаныг минь хүлээн авна уу. 

ШИНЭ ЖИЛИЙН ҮДЭШЛЭГ БҮДЭГ ГЭРЭЛТЭЙ БАЙДАГ УЧРААС БУДАЛТ ТОД БАЙХ ТУСАМ ХЭЭНЦЭР, ГОЁ ХАРАГДАНА

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө “Гоёл” наадмын шилдгээр шалгарсанд баяр хүргэе. Шинэ жил дөхөж байна. Ойрд ачаалал ихтэй, завгүй байна уу?

-Ер нь ажил нэлээн ихтэй байгаа. Энэ жилийн онцлог нь манай студи бүсгүйчүүддээ үйлчлэхээс гадна Монголчууд шинэ жилийн орой ширээ тойроод сууж байхдаа үздэг “Баярын мишээл” нэвтрүүлгийн нүүр будалтан дээр ажиллахаар болсон. Маргаашнаас зураг авалт нь эхэлж байгаа учраас их завгүй болж байна. 

-Шинэ жилийн уур амьсгал орчихлоо. Бүсгүйчүүд маань баярын үдэш нүүрээ хэрхэн будах вэ гэж бодож, үйлчлүүлэх газар хайж байгаа байх. Мэргэжлийн хүний хувьд энэ жилийн гоёлын нүүр будалтын  чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байна вэ? 

-Гоёлын будалтны хувьд хүн бүр үс, даашинзтайгаа зохицуулаад будуулдаг. Бүсгүйчүүд маань зарим нэг жил хүчтэй, өөрийгөө илэрхийлсэн тод будалт хийлгэдэг бол зарим нэг жил тод будуулдаггүй.

Энэ жилийнх одоо дөнгөж эхэлж байгаа болохоор нийтлэг хандлагыг тодорхойлоход хэцүү байна. Гэхдээ 60,70-аад оны нүдийг хүнхэр харагдуулах будалт, гламур стилийн үс засалт, будалтууд давамгайлж байгаа.

Narumi make-up studio-гийн бүтээл

-Гоёлын даашинз, үс засалттайгаа нүүр будалтаа хослуулдаг гэлээ. Ер нь бүсгүйчүүд маань үүнийг өнгийг нь хослуулах гэж ойлгох нь түгээмэл байдаг. Make-up артист хүний хувьд энэ тал дээр дэлгэрэнгүй тайлбарлана уу?

-Ер нь тийм ойлголт байдаг л даа. Даашинз нь ямар өнгөтэй байна нүдээ тийм өнгөөр будна гэдэг. Энэ бол хоцрогдсон ойлголт. Тухайн даашинзнаас гадна аксессуар, үс засалтаасаа хамаардаг.

Жишээ нь даашинзны нуруу хэсэг нь задгай бол үс нь богинохон орж ирэх үү, задгай байх уу гэдгээс нь хараад яаж будах вэ гэдгээ шийддэг. Өнгөний хувьд бараан өнгөтэй даашинз өмссөн бол нүүрээ аль болох өнгөлөг байдлаар харагдуулах, арьсны өнгө нь боровтор царайтай хүн бол алтан шаргал өнгийг гоёлын будалтандаа хэрэглэвэл илүү сайхан харагддаг.

Мөн шинэ жилийн үдэшлэг бүдэг гэрэлтэй байдаг учраас будалт тод байх тусам хээнцэр, гоё харагдана. 

Цайвар царайтай хүний хувьд ямар ч өнгө зохино. Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань өнгөнөөс айхаа больчихсон. Хоёр, гурван жилийн өмнө хүмүүс өнгөнөөс их айдаг байсан. “Өө эгч нь ганцхан бор өнгөөр л буддаг, наадах чинь арай тод юм биш үү” гэдэг байсан бол одоо тод, этгээд өнгөөр будуулах хандлагатай болчихсон байгаа. 

МЭРГЭЖЛИЙН ХҮН ТУХАЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН НҮҮРНИЙ ӨӨ СЭВ, ГАЖИГИЙГ ДАРЖ ӨГДГӨӨРӨӨ ОНЦЛОГ

-Үүнээс харахад Make-up сонирхдог хүмүүс, нүүр будалтандаа анхаардаг эмэгтэйчүүд их олон болсон байна. Танай студи дээр сургалт явдаг юм шиг байна. Ямар насны хүмүүс их ирж байна?

-Манайхаас нүүр будалтын чиглэлийн бүх шатны сургалт явуулдаг. Энгийн хүмүүсийн хувьд ганцхан өдрийн сургалтаас авхуулаад 14 хоногийн, нэг сарын хугацаатай, мэргэжлийн артистуудын хувьд анхан, дунд, гүнзгий гээд шат шатны сургалт байдаг.

Гэхдээ ихэнх бүсгүйчүүд мэргэжлийн артист болохгүй учраас мэргэжлийн бус хүмүүст зориулсан сургалтаа илүү түлхүү явуулдаг. 

Narumi make-up studio-гийн бүтээл

Эмэгтэй хүний хэр их арчаатай, өөртөө анхаарал тавьдаг вэ гэдгийг үнэлдэг арга нь хувцаслалт, үс засалт, нүүр будалт болсон. Маш олон бүсгүйчүүд ханддаг ч гэсэн насны хязгаар байхгүй. Жишээ нь манай сургалтанд 16-45 нас хүртэлх бүсгүйчүүд үйлчлүүлж байна. 

-Бүсгүйчүүд их ирдэг гэлээ. Залуучууд ер нь зорьж ирж байна уу?

Энгийн үед залуучууд ирдэггүй. Ямар үед ирдэг вэ гэхээр зураг авалт, клип, эфирийн будалт, эсвэл сэтгүүлийн нүүрэнд гарах гэж байгаа үед зэрэг уран бүтээлтэй холбоотой будуулах гэж ирдэг. Мөн хуримын зураг авалтандаа, эсвэл хуримын өдрөө будуулах гэж залуучууд ирдэг.

Хуриман дээр эмэгтэйчүүд нь их гоё үлгэрийн дагина шиг болчихсон байхад залуучууд нь аймар өө сэвтэй, нүүрэндаа батгатай байгаад байж бас болохгүй л дээ. Тэгэхээр эрчүүдэд нүүрний өө дарах, гэрэл сүүдэр тавих зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Ингэснээр тухайн хүн зурган дээр маш гоё гардаг. Дараа нь хуримнаас зураг л үлддэг учраас сайхан харагдах хэрэгтэй л дээ.  

-Манай бүсгүйчүүдийн хувьд шинэ жилийн нүүр будалтандаа гаргадаг түгээмэл алдаа нь юу вэ. Бүсгүйчүүдэд гоёлын будалт хийхдээ анхаарах зүйлсийг хэлж өгнө үү?

Анзаараад байхад бүсгүйчүүд маань гоёлын будалтандаа маш их алдаа гаргасан байгаа харагддаг. Мэргэжлийн салоноор будуулах, жирийн газраар будуулах, өөрөө будах зэрэг нь эрс ялгаатай.

Нэгдүгээрт, мэргэжлийн хүн тухайн үйлчлүүлэгчийн нүүрний өө сэв, гажигийг маш сайн олж харж, түүнийг нь дарж өгдгөөрөө онцлог.

Хоёрдугаарт, энгийн хүмүүс өөрсдийгөө будахаар нэг бол хэтрүүлж буддаг, нэг бол маш бага буддаг. Хэтрүүлж будахаараа маш их асуудал гаргадаг. Сүүлийн үед гэрэл сүүдэр гэдэг зүйл моодонд орчихлоо. Нүүрээ жижигхэн болгодог арга гээд хүмүүс бүгдээрээ мэддэг мөртлөө төдийлөн зөв хийж чаддаггүй. Үүнээсээ болоод "халтар" болчихсон хүн ч байж л байдаг.

Narumi make-up studio-гийн бүтээл

Хамар өндөрлөнө гээд хиймэл хамартай ч юм шиг эсвэл нэг зураас тавьчихсан явж байдаг. Мөн хацар өнгөлөхдөө хэт тод улаан, ягаан болгодог гэх мэтчилэн будагныхаа донжийг тааруулж чадаагүй байгаа харагддаг. Бас нүднийхээ өнгийг хэт тод тавьснаар тухайн хүний харц илт өөрчлөгдөж хэт ширүүн харцтай болдог.

Энэ мэтээр будгийг хэт их эсвэл буруу тавьснаас болж хүний төрх их өөчлөгдөж харагдана. Мэдэхгүйгээсээ болоод буруу будсан байгаа хүмүүсийг харахаар хэлээд өгчихмөөр санагддаг юм. 

-Будаг сонголтын хувьд?

-Хүмүүс ойлголт муутайгаасаа болоод буруу будаг сонгодог. Дээрээс нь манай гоо сайхны дэлгүүрийн худалдагчид нүүр будалтын талаар ойлголт байхгүй, будгаа мэддэггүй, тухайн үйлчлүүлэгч өнгө сонгох гэж байхад зөвлөгөө өгч чаддаггүй гэдгээс хамаараад Монголчуудын ерөнхийдөө хэрэглэдэг өнгө нь бор болчихоод байгаа юм.

Уг нь худалдагчид өөрсдөө маш гоё өнгө зөвлөж чадвал магадгүй тэр хүнд тус болж чадна. Түүнээс гадна гоо сайхны дэлгүүрүүдийн худалдагчид мэдлэггүйгээсээ болоод бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаа. Нөгөө талаас үүнээс болоод хэрэглэгчдийн өнгө сонгож байгаа хандлага ийм баригдмал болчихсон. 

УРУУЛЫН БУДАГНЫ ХУВЬД ЭМЭГТЭЙ ХҮН БҮРТ ЗАЙЛШГҮЙ БАЙХ ЁСТОЙ ДӨРВӨН ӨНГӨ БИЙ

-Одоо бүсгүйчүүд шинээр гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах эрэлт нь ихэсчихсэн байгаа байх. Гайхалтай нүүр будалтыг өөрийн гараар хийхэд юу юу хэрэгтэй вэ?

-Ихэнх эмэгтэйчүүдийн косметикны цүнхэнд юу юу байх ёстой вэ гэдгээс эхлээд ярья.

  • Тэгэхээр хамгийн эхлээд хөмсөгний асуудал. Бүсгүйчүүдийн хувьд ихэнх нь шивүүлчихсэн, эсвэл тал хөмсөгтэй яваад байдаг. Хөмсгөө хэрвээ зурдаг бол хөмсөгний зориулалтын тень сонгох нь зүйтэй. Өнгөний хувьд аль болох нүд юм уу үсний өнгөтэйгээ зохицуулж сонгоорой гэж би зөвлөдөг. 
  • Суурь кремээ сонгохдоо аль болох өөрийн арьсны өнгөтэй ойролцоог авах хэрэгтэй. Хэт цагаан өнгө тохиромжгүй. Монголчууд өөрсдөө бор арьстай байж цагаан өнгөнд дуртай. Бор царайн дээр цагаан өнгө тавьчихаар зэвхий саарал болдог. Тэгэхээр цагаан өнгөнөөс татгалзаад өөрийнхөө байгалиас заяасан арьсны өнгийг тодотгож өгөх хэрэгтэй. 
  • Дараа нь make up base, primar. Үүнийг Монголчууд огт хэрэглэдэггүйгээсээ болоод пудрийн хор тайлах массажны үйлчилгээ дэлгэрлээ. Суурь тосныхоо араас шууд крем, нунтаг пудр түрхсэнээс болоод хор нь арьс руу нэвчиж ордог. Base, primar хэрэглэдэг хүний ялгаа нь тэр пудр, кремний хорыг арьс руу орохоос хамгаалдаг давхарга үүсгэдэг. Эдгээрийг хэрэглэхэд олон жил будсаны улмаас арьсны өнгө гундах асуудал байхгүй болдог. 
  • Мөн гэрэл сүүдэр байх ёстой. Хүн бүр нүүрэндээ ямар нэгэн өө сэвтэй байгаа. Ялангуяа манайхны хувьд өргөн хацартай. Гэрэл сүүдэр дээрээ сайн ажилласнаар тухайн хүний нүүрний хэлбэр засагдана. 
  • Тенний сонголтон дээр аль болох олон өнгө сонгох хэрэгтэй. Тэгэж байж өдөр тутмын хувцаслалт, гоёлын будалтандаа тохируулж болно.
  • Сормуусны будагны хувьд манай бүсгүйчүүд сайн мэдэж байгаа байх. Maybelline, Loreal, Max factor зэрэг брэндүүдийн сормуусны будаг маш сайн усны хамгаалалттай, мөн сормуусыг уртасгаж өгдөг. 
  • Хацар өнгөлөгчийг би маш их зөвлөдөг. Эмэгтэй хүний хувьд улбар шар болон ягаан өнгийн хацар өнгөлөгч байхад бүх төрлийн тенний өнгөнд зохицуулж будаж болдог. Тенний өнгөө олон сонголттой болгоод ирэхээр хацар өнгөлөгч өөрчлөгддөг. Давхар уруулын өнгө өөрчлөгдөөд явчихдаг. 
  • Уруулын будагны хувьд эмэгтэй хүн бүрт зайлшгүй байх ёстой дөрвөн өнгө бий. Ямар ч байдлаар хувирсан эмэгтэй хүний уруулын өнгө тэр болгон дээр өөрчлөгдөж таардаг. Тэгэхээр эмэгтэй хүнд байх ёстой дөрвөн өнгө бол УЛААН, ЯГААН, УЛБАР ШАР, БEЙЖ буюу арьсны өнгөтэй уруулын будаг юм. 

-Завгүй үедээ цаг гаргаж бүсгүйчүүдэд хэрэгтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.