Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батсайхан: Театрын хөгжилд төрийн бодлого хэрэгтэй

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг

Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Д.Батсайхантай театр судлалын талаар цөөн хором ярилцлаа. Түүнийг Монголын нэрт тeaтp судлаач СДашдондог агсны охин гэдгээр нь соёл урлагийн салбарынхан андахгүй биз ээ.

-Тантай уулзсаных Монголын театр судлалын өнөөгийн хөгжлийн талаар яриагаа эхэлмээр санагдаж байна?

-Театрын судалгаа ерөнхийдөө хоцрогдоод байна. Би 1978 онд сургуулиа төгсөж ирээд энэ чиглэлээр бараг ганцаараа шахам ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө дагнасан судлаач гарын таван хуруунд багтахаар маш цөөхөн байдаг.

Дэ.Мягмарсүрэн, Н.Ганхуяг, өөд болоод удаагүй байгаа манай С.Сугар багш гээд хэдхэн хүн байна. Харин аав маань театр судлалын чиглэлээр гурван оюутан бэлдэж байгаад төгсгөж амжаагүй өөд болсон.

Мэргэжлийн судлаачдыг бэлтгэх асуудал өнөөдөр манай театр судлалын салбарт тулгамдсан асуудал болоод байгаа.

Тэр гурвыг би 1997 онд төгсгөснөөс хойш судлаач бараг төрж гарсангүй. Үндсэндээ мэргэжлийн судлаачдыг бэлтгэх шаардлагатай байгааг мэдэрсэн учраас СУИС-ийн театр урлагийн сургууль, урлаг судлал утга зохиолын тэнхимийг шинээр нээгээд удаагүй байна. Энэ тэнхимийг байгуулснаар кино, жүжиг, театр судлалаар дагнасан судлаачдыг бэлтгэх юм.

Ирэх хавар анхныхаа ангийг төгсгөх гэж байна. Оюутнуудын маань зарим нь киногоор, нэг хэсэг нь жүжгээр, жүжгийн зохиолчоор дагнасан судлаачид болохын тулд диплом, судалгааныхаа ажлыг бичээд явж байна. Зүйрлэж хэлэхэд "атраараа байгаа" салбарыг цаашид аваад явах сайхан боломж байгааг ирээдүйн судлаачид мэдрэх болно.

-Мэргэжлийн судлаачдыг бэлтгэхийн тулд ямар бодлого барьж ажиллах ёстой вэ. Гадаадын их дээд сургуулиудад залуучуудаа суралцуулж, боловсрол эзэмшүүлэх гэх зэргээр анхаарахгүй байна уу?

-Энэ бол соёлын яамны хийх ёстой ажил. Миний мэдэж байгаагаар бүр бодлогын чанартай явуулсан тохиолдол байхгүй.

Сүүлийн жилүүдэд Хүүхэлдэйн театрын жүжигчин болох арван хүнийг явуулсныг санаж байна. Мэргэжлийн судлаачдыг бэлтгэх асуудал өнөөдөр манай театр судлалын салбарт тулгамдсан асуудал болоод байгаа.

-СУИС-ийн зүгээс энэ тал дээр хэр анхаарч байна?

-ССАЖЯ болон СУИС аль аль нь л анхаарах ёстой. Хүүхдүүдийн өөрсдийнх нь хүсэл сонирхлоос шалтгаалах зүйл олон байна. Бакалаврын түвшинд энд суралцсан бол магистр, доктортоо гадагшаа явъя гэдэг ч юм уу. Явах гэхээр санхүүгийн асуудал тулгарна. Тэр бүрт өөрөөсөө мөнгө гаргаад явах чадалтай хүн хэр олон байгаа юм. Социализмын үеийнх шиг бодлогоор явуулахаа больчихсон шүү дээ.

Яах вэ, хоёр улсын хэлэлцээрээр явах тохиолдол байдаг. Тухайн хүн хаана боловсрол эзэмшихийг хүсч байгаагаас л шалтгаалдаг байх. Манай Театр урлагийн сургууль сургалтын хөтөлбөр, программаа шинэчилж бакалавр, магистр, докторын сургалтыг сүүлийн жилүүдэд эрчимтэй явуулж байгаа.

-Театр судлалын чиглэлийн орчуулгын бүтээлүүд сүүлийн үед багагүй хэвлэгдсэн. Тэдгээр бүтээлүүд судлаачдын ажилд нэмэр тус болж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ номнууд судлаач болохоор зэхэж байгаа манай залуучуудын ажилд тус нэмэр болж байна. Яг энэ асуудал дээр сургуулийн зүгээс тодорхой хөрөнгө, хүч хаяж, бүхэл бүтэн судалгааны баг гаргаж ажиллах хэрэгтэй байгаа юм. Бид энэ ажлаа эхлүүлээд "Монголын театрын түүх" гэсэн судалгааны номон дээр хамтран ажиллаж байгаа.

Анхны сайн дурын уран сайханчдаас эхлээд Монголын театр яаж хөгжиж ирснийг харуулахаар хэд хэдэн баг судалгааны ажлаа эхлүүлчихсэн яваа. Энэ ажил урлаг судлал, утга зохиолын тэнхим байгуулагдсаны үр дүн юм болов уу л гэж бодож байна. Гэхдээ үүнээс өмнө судалгаа огт хийгдээгүй гэж хэлж болохгүй.

Н.Ганхуяг багш "Бүх үеийн сонгодог жүжиг" гэсэн гурван боть, "Театрын нэвтэрхий толь" гаргасан. Энэ хүний гавьяа их бий. П.Батхуяг өөрийн шүүмжийн номнуудаа гаргаж байна. Манай багш нар огт хийгээгүй биш, байгуулагдсанаар чиглэлээ барьж, бүхэл бүтэн баг байгаа нь Монголын түүх гэсэн том төслиин ажлыг эхлүүлж байна.

-УДЭТ-аас долоон найруулагчийн долоон өөр жүжгийг олны хүртээл болголоо. Судлаачийн зүгээс харахад жүжгүүдийн тавилт, Монгол жүжгийн зохиолчийн ур чавдар зэрэгт дүн тавьж байна уу?

-Долоон найруулагчийн долоон жүжгийг тавьсан нь их шинэлэг ажил. Урьд нь огт тавигдаж байгаагүй, бэсрэг жүжгүүдийг тайзнаа амилуулж, үзэгчдэд хүргэсэн нь үнэхээр шинэлэг зүйл. Нөгөө талаар нэг театрт долоон найруулагч бөөгнөрөөд байж байна. Тэд долоон өөр театр удирдаад явах чадвартай учраас тус бүрээр нь нэг театрыг удирдуулах хэрэгтэй.

Нөгөө талд зохиолчийн болон жүжигчний уран чадвар гээд чанарын хувьд ярих шаардлагатай зүйл бий. Цаашдаа бид жүжгийн зохиолч бэлтгэх ажилд тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулахаар болсон. Яг жүжгийн зохиолч байхгүй юм уу гэвэл бас үгүй. Театр энэ тал дээр сайн ажиллахгүй байна.

Театр зохиолчтой ажиллаж байж сайн зохиол гарч ирнэ.​ 

СУИС жүжгийн зохиолчийн ангийн оюутнуудыг дөрөв дэх жилдээ бэлдэж, тодорхой хэмжээгээр бичиж байгаа залуучуудтай ч болсон. Харин хамтарч ажиллах тал дээр л дутмаг байна уу даа гэж ажиглагдаад байгаа юм. Жишээ нь манайх Б.Цогнэмэхтэй хамтраад ажиллаж болж байна. "Тэнгэрийн хүү" шиг хэмжээний зохиол бичих зохиолч гарч ирж л таараа.

Театр зохиолчтой ажиллаж байж сайн зохиол гарч ирнэ. Театрт ийм туршлага байсан. Д.Намдаг, С.Буян-нэмэх, Ши.Аюуш, Л.Ванган, Ч.Чимид, Д.Мягмар,Д.Батбаяр зэрэг зохиолчид театртай ажилаж байж л тайзны сайн бүтээлүүд гаргасан байдаг. Харин өнөөдөр ингэж ажиллахын тулд дахиад л хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна.

Хэрвээ бид орчуулгын жүжиг тавибал хэнд ч мөнгө төлөхгүй. Харин өөрсдөө зохиол бичээд тавъя гэхээр тухайн зохиолчид өгөх мөнгө байхгүй. Нэг жүжгийн зохиолыг 10 саяар худалдаж авах чадал манай театрт байхгүй. Ингэхээр театрын буруу бас биш л дээ. Энэ тал дээр төрийн бодлого байхгүй байгаа нь илэрхий.

-СУИС, УДЭТ хамтраад "Бид мартахгүй" хүндэтгэлийн үйл ажчллагааг уламжлал болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд театрын шүүмжийн уралдаан зарласан гэж сонслоо.

-"Бид мартахгүй" хүндэтгэлийн үйл ажиллагаа тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үйл ажиллагааны зорилго Монголын театрын урлагт мөнхөрсөн уран бүтээлчдийн бүтээл, тэдний үйл хэргийг хойч үед өвлүүлэх явдал юм. Манай тэнхим байгуулагдаад шүүмжийн   уралдаан зарладаг болсон. Үр дүн нь удахгүй харагдах байх.

-Та цаашид судалгааны ямар ажлууд хийхээр төлөвлөж байна даа?

-Театрын судалгааны ажлаа үргэлжлүүлнэ. Өмнө нь бичсэн номуудаа шинэчлэх, шүүмжүүдээ эмхлүүлж ном болгох, хэд хэдэн жүжиг орчуулах гээд олон ажил төлөвлөчихөөд байна.

Зураг