Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Содтуяа: Бүсгүй хүн өөрийнхөөрөө байхдаа үзэсгэлэнтэй

Ч.Гантулга
2014 оны 11 сарын 6
polit.mn
Зураг зураг

“Утасны анд” энэ удаад мисс, загвар өмсөгч Ч. Содтуяатай холбогдлоо. Түүнтэй эрүүл мэнд, гоо сайхны тухай ярилцсан юм 
 

-Сайн уу. “Утасны анд” байна. Өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Өдрийн мэнд.

-Өнөөдөр гадаа нарлаг сайхан өдөр байна. Маргаашнаас хүйтэрнэ гэж байсан. Мэдсэн үү?

-Өнөөдөр тогтуухан сайхан байна. Маргаашнаас дулаан хувцсандаа орох хэрэгтэй юм байна даа.

-Өвлийн улиралд гоо сайхнаа хэрхэн хадгалдаг тань сонин байна?

-Би өөрийнхөө арьсанд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Мөн арьсаа байнга цэвэрхэн байлгаж, амраахыг хичээдэг.

-Зөвхөн өөртөө зориулсан гоо сайхны нууц жор гэж байдаг болов уу?

-Нууцлах зүйл алга. Эмэгтэй хүн өөртөө жаахан зав гаргахад л сайхан харагдаж чадна. Харин бидний хувьд гоо сайхандаа анхаарч, сайхан харагдах нь үүрэг гэж боддог юм. Гэхдээ бүсгүй хүн бүр зөвхөн гадаад үзэмжиндээ биш сэтгэлийн гоо сайхандаа илүү анхаарах нь зүйтэй.

-Сэтгэлийн гоо сайхныг толинд харж болохгүй шүү дээ. Түүнийг яаж мэдэх вэ?

-Заавал толинд харах шаардлагагүй. Бүсгүй хүний сэтгэлээс гэрэл гэгээ ундарч байдаг юм. Эмэгтэй хүн бүр бурхны бүтээл шүү дээ. Дотроо муу зүйл бодохгүй, сэтгэлдээ амар амгалан байлгавал бүсгүй хүн бүхэн үзэсгэлэнтэй харагдана.

Бүсгүй хүн бүр зөвхөн гадаад үзэмжиндээ биш сэтгэлийн гоо сайхандаа илүү анхаарах нь зүйтэй.

-Та тэгвэл хэр үзэсгэлэнтэй эмэгтэй бол?

-Би өөрийнхөөрөө ажиллаж, амьдраад л явж байна. Хэн нэгэнд муу санаж, муухай зүйл хийе гэж боддоггүй. Магадгүй энэ асуултыг миний ойр дотны хүмүүсээс асуувал илүү зөв, үнэн хариултыг өгөх байх.

-Манай охид модель, мисс хоёрын ялгааг төдийлөн ойлгодоггүй юм шиг санагддаг. Та тайлбарлаж өгөөч?

-Модель тайзан дээр загвар зохион бүтээгчийн хувцасыг амилуулж, үзэгчдэд хүргэх үүрэгтэй байдаг. Биеийн харьцаа пропорци сайтай, өндөр байх ёстой. Харин мисс хүнд олон шаардлага тавьдаг. Боловсролтой, ёс зүйтэй байхыг шаарддаг. Миссээр өргөмжлөгдөж титэм авах хүн насан туршдаа миссийн титмийн нэр хүндийг өргөж явж чадахуйц байх ёстой. Мөн гоо сайхны тодорхой стандартад нийцсэн байхаас гадна, мэдрэмж сайтай, харилцааны өндөр ур чадвартай, дээд боловсролтой, хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Миссийн тэмцээнд орох хүсэлтэй охид олон байдаг. Та тэдэнд зөвлөгөө өгч болох уу?

-Мисс хүнд байх ёстой ухамсар, сэтгэглээг багаасаа өөртөө суулгах нь чухал. Тэмцээнд оролцож байгаа охид хэн нэгнийг дууриах гээд байдаг. Бүсгүй хүн өөрийнхөөрөө байхдаа илүү үзэсгэлэнтэй харагддаг шүү дээ.

Зураг