Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Нэхмэлийн шар” байрнуудын асуудал хүндэрчээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нэхмэлийн шар байрны 56 өрхийн оршин суугчдыг төлөөлж тус байрны оршин суугч Ш.Нямсүрэн, Г.Цэцэгээ, А.Тунгалаг, Ч.Сумъяа нар өнөөдөр мэдэгдэл хийлээ. 
 



Хан-Уул дүүрэгт орших “Нэхмэлийн шар” байрнуудыг буулгаж, оронд нь шинэ байр барих асуудал дөрвөн жилийн хугацаанд үргэлжилж байна. Гэсэн хэдий ч өдий болтол тус байрны дахин барилгажилтын ажил хийгдээгүй байгаа гэнэ. 

Оршин суугчдын зүгээс анх зөвшилцлийн гэрээ хийсэн “Орчлон Констракшн”-тай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. 

Анх уг ажлын хүрээнд оршин суугчдын хурлаар хэлэлцэж “Орчлон констракшн” компанитай айлууд зөвшилцлийн гэрээ байгуулж байжээ. Тус гэрээг хийсний дараа айлууд түрээсийн төлбөрөө авч нүүцгээсэн байна. Гэсэн  хэдий ч жилийн дараа тэд хуучин байрандаа буцаж иржээ. Учир нь 2013 оны гуравдугаар сард “Фүжи Холдинг” ББСБ тус төсөлд оролцсоноор айлуудын хийсэн зөвшилцлийн гэрээ хэрэгжих боломжгүй болжээ.

Үүнээс хойш өдий болтол тус төслийн үйл явц удааширсан учир иргэд гомдолтой байгаа аж. Тиймээс оршин суугчдын зүгээс анх зөвшилцлийн гэрээ хийсэн “Орчлон Констракшн”-тай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. 



Нэхмэлийн шарын 20 дугаар байрны оршин суугч Ш.Нямсүрэн “Нийслэл, Хан-Уул дүүргийн Засаг даргад хандаж хэлэхэд бидний саналыг дэмжинэ үү. Энэ төслийг яаралтай хэрэгжүүлэхэд туслах хэрэгтэй байна. Бидний зүгээс үндэсний үйлдвэрлэгч “Орчлон Констракшн”-ы бүтээн байгуулалтыг дэмжиж байна. Учир нь “Орчлон констракшн”-тай хамтарч ажилласан манай хажуу талын Гутлын 28, арьс ширний 26 дугаар байрнууд дахин төлөвлөлтөнд орж, ашиглалтад ороод жил гаруй болж байна. Тиймээс найдвартай, Монгол хүмүүсийн бүтээн байгуулалтыг дэмжиж, орон сууцаа даатгах хүсэлтэй байна” гэв. 

-Танай байрны нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?
 

Нэхмэлийн шарын 10 дугаар байрны оршин суугч А.Тунгалаг “Манай байрны нөхцөл байдал маш муу байна. Даацын хана нурсан, орцонд нь хог, бохир нь хөглөрч байдаг. Мөн маш муухай үнэртэй болсон байгаа. Айлуудын тааз нурчихсан байгаа тохиолдол маш олон бий. Зарим нь цаас, хавтангаар битүүлсэн байдалтай. Би анх 1958 онд байранд орсноосоо хойш 50 гаруй жил амьдарч байна”

-Та сая хэллээ. Анх зөвшилцлийн гэрээ байгуулж нүүчихээд саяхан хуучин байрандаа эргэж ирсэн гэсэн?

“Би 2013 онд зөвшилцлийн гэрээ хийгээд хуучин байрнаасаа нүүж айлын байр түрээсэлж орсон. Тэгэхдээ би бүх юмаа хаячихаад, маш их зардал гаргаж нүүж орсон. Гэсэн хэдий ч манай байрны дахин барилгажих ажил зогсонги байдалд орж сая аравдугаар сард хуучин байрандаа буцаж нүүж ирээд байна. Ганц би ч биш манай байрны маш олон айл ингэж нүүчихээд буцааж хуучин байрандаа ирсэн. Ингэснээрээ бид хохирч байгаа юм” гэв.