Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

АЖИЛ ХЭРЭГЧ ЭРХМҮҮДИЙН ГОЁО

FORBES MONGOLIA сэтгүүл
2014 оны 9 сарын 26
Forbes Mongolia

Өндөр зэрэглэлийн, загварлаг хувцсыг захиалгаар урлаж үйлчилдэг “Premier Tailor” дэлгүүр Вива Сити хотхоноос хотын төвд буюу ЭМЯ-ны эсрэг талд Хаан банкны шилэн пирамидан салбарын урд жигүүрт нүүн иржээ. Бид тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч, захирал Т. Зоригтой ярилцан, бизнесээ эхлүүлсэн түүхийг нь сонсож, дэлгүүр, үйлчилгээтэй нь танилцсан юм.

Т. Зориг АНУ-д бизнесийн чиглэлээр дээд боловсрол эзэмшиж MCS компанид нэг жил ажиллажээ.

Өдөр бүр костюм өмсөн оффисын ажил хийхэд санаанд нийцсэн, биед таарсан цамц, костюм түүнд төдийлөн олддоггүй байж. Худалдаж авсан хувцсаа оёдолчноор засуулдаг байсан нь улмаар энэ хүндрэлтэй асуудлыг бизнес болгох сэдлийг түүнд анхлан төрүүлжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний биеэс хэмжилт авч яг өөрт нь зориулсан тэйлор хувцас хийдэг, зэрэглэл өндөртэй үйлчилгээг нэвтрүүлэхээр зориг шулуудсан байна. 

Ингээд сайтар судалсны эцэст Солонгосын баячуудын дүүрэг Гангнамд орших “Harrison Tailor” дэлгүүрийг хамтрагчаараа сонгожээ.

"Бидний гол бүтээгдэхүүн болох өндөр чанарын хослолыг оёход хамгийн чухал нь туршлага,  дэлхийн хэмжээний брэнд бүтээгдэхүүний түвшинд оёх  мэргэжлийн чадвар юм. “Harrison Tailor”-ийн  мастер тэйлор буюу гол эсгүүрчин 1976 оноос хойш энэ салбарт дагнан ажилласан асар их туршлагатай, Солонгостоо нэртэй хүн. Энэ бол “Harrison Tailor”-ийг сонгосон гол шалтгаан. Мөн тус дэлгүүр үнэхээр тансаг, өндөр зэрэглэлийн дэлгүүр байсан" хэмээн тэр ярьсан юм. 

Ийнхүү Монголд анх удаа өндөр зэрэглэлийн VIP үйлчилгээ үзүүлэх цамц, хослол, пальто, дан пиджак, өмд, гутал зэрэг эрэгтэй тэйлор хувцсыг захиалгаар урлах “Premier Tailor” нэртэй дэлгүүр Вива Сити хотхонд нээгдэж байв. Биед таарсан төдийгүй орчин үеийн загвар, хийц сайтай хувцас гэдэг тухайн хүнийг илэрхийлэхийн сацуу хувцаслалтын өндөр соёл юм. Цамцны ханцуй, пиджакны дотор талд таны нэрийг хатгаж оёсноор зөвхөн танд зориулсан цорын ганц загвар гэдгийг илтгэх нь дамжиггүй. 

Биднийг “Premier Tailor” дэлгүүрт ороход тун тохилог орчин угтаж, дэгжин хувцасласан дизайнер залуу үйлчилгээгээ танилцууллаа.

Та өөрийн хүссэн загвараар, биедээ таарсан хувцас оёулахыг хүсвэл 4000 гаруй төрлийн материалаас сонгох боломжтой аж.

Эднийд Солонгосын Samsung фирмийн, Италийн Ermenegildo Zegna, Cannonico, Loro Piana, Drago, Kerry Knoll,  Английн Dormeuil, Holland&Sherry, Бельгийн Scabal зэрэг фирмүүдийн брэнд материал бэлэн байдаг. Хувцас оёулахыг хүсвэл тус дэлгүүрт ирээд 30 - 40 минут биеийн хэмжээгээ өгч, материалаа сонгоно. Таны биеэс 30 гаруй хэмжилтийг тун нарийн авна. Ингээд солонгос урчуудаараа урлуулан 3-4 долоо хоногийн дотор ирүүлдэг байна. Үнэ дагаж чанар гэдэгчлэн брэнд материалаар хийдэг тул нэг саяас 6-7 сая хүртэл төгрөгийн өртөгтэй.

Гэхдээ зах зээлийн ханшаас даруй хоёр дахин хямд, Солонгос дахь үнээр хийлгэнэ гэсэн үг. Сүпер 100-гаас 220 хүртэл чанарын хэмжүүртэй материалуудаас таалагдах өнгө, хээ, нимгэн, зузааны сонголтоо хийхэд мэргэжлийн стилист танд тусалж, мода болж буй загвар, хийцийг санал болгоно. Ингэж таны хувцасны загвар, донж хийц, чанар болоод сэтгэл ханамжийн төлөө “Premier Tailor-ийнхон хичээн ажиллаж байна.

Өндөр зэрэглэлийн материалаар дэлхийн түвшний хувцас урлана гэдэг амаргүй. Мастер эсгүүрчин, оёдолчин, өндөр технологи шаардлагатай. Түүнчлэн Ermenegildo Zegna, Loro Piano, Drago, Scabal зэрэг брэндийн шошгыг бүтээгдэхүүндээ хадах эрх авах түвшинд урлах ёстой. Одоогоор ийм мэргэжилтэн, технологи, зөвшөөрөл Монголд хараахан бүрдээгүй ч “Premier Tailor” цаашдаа өндөр зэрэглэлийн тэйлор хувцсыг Монголдоо урладаг болохын төлөө зорин ажиллах юм байна.

Түүний ярьснаар, урьд нь Монголын бизнесмэнүүд, урлагийнхан голдуу Солонгост хувцсаа захиалан хийлгэдэг байжээ. Тэгвэл одоо тэр үйлчилгээг ижил үнээр дэргэдээсээ авах боломж бүрджээ. 

Хувцасны зах зээлийн шилдэгт зүй ёсоор тооцогддог, биеэс хэмжилт авч урлах тэйлор хувцасны үйлчилгээг эх орондоо нэвтрүүлж буй “Премьер Тэйлор” ХХК энэ наймдугаар сараас эхлэн гурван шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлжээ. 

Үүнд:

Анхандаа зөвхөн Made to Measure үйлчилгээг санал болгодог байсан тус дэлгүүр одоо 100 хувь гар аргаар (Bespoke tailor) урладаг бүтээгдэхүүн болох хослолын захиалгыг Монголдоо анх удаа авч эхлээд байна.

Эмэгтэйчүүдэд зориулан биеэс хэмжилт авч хослол, пальто, дан пиджак, өмд захиалгаар урладаг болжээ. (Made to Measure) 

Италийн шилдэг загвар зохион бүтээгч, стилист Mr. Raro-гийн таван жилийн судалгааны үр дүнд бий болсон, дэлхийн загварын ертөнцөд шинэ өнгө, загвар нэмж байгаа “Mararo” брэндийн 100 хувь гар аргаар урласан тансаг зэрэглэлийн гутал, зангиа, энгэрийн алчуур зэргийг худалдаалж байна.

Т.Зоригийн Mr. Raro-той танилцсан түүх сонин. Тэр нэгэн удаа Instagram дээрээ түүний зургийг тавиад “Миний үлгэр дууриал авдаг эрхэм” гэж бичжээ. Mr. Raro баярлалаа гэсэн хариу өгч, түүнийг “Миланы загварын 7 хоног”-т урьжээ. Ингээд хувцас загварын орон Италид зочилж, дэлхийн загварын ертөнцөд нэр хүндтэй, од болсон эрхмүүдтэй танилцан, Tom Ford зэрэг эрэгтэй хувцасны алдартай брэндүүдэд загвар зохиож байсан, өдгөө өөрийн “Мarаro” брэндийг үүсгэн байгуулж ажиллаж буй Mr. Raro-той хамтрах аз тохиожээ. Энэ брэнд Итали, Японд дэлгүүртэй бөгөөд Английн алдарт “Harrods”  дэлгүүрт зарагддаг гэнэ. Т.Зориг “Maroro брэнд одоо л АНУ-д гарах гэж байна. Италийн энэ брэнд Америк, Хятад гээд дэлхийн том зах зээлүүдэд гарахаас өмнө Монголд бүтээгдэхүүнээ зарах гэж байгаа нь бидний хувьд нэр хүндийн хэрэг” хэмээн ярьж байлаа.

Түүнчлэн “Premier Tailor” АНУ-ын нэртэй компаниар өөрийн нэрийн зангиа, энгэрийн алчуур, эрвээхэй зангиа, оймс зэргийг эрэгтэйчүүдэд зориулан үйлдвэрлүүлдэг гэнэ. Энэ намар хурим найраа хийж буй олон залуус дэгжин хэв маягийг төгс бүрдүүлэхээр “Premier Tailor”-ийн урласан гоёлын токсидог (tuxedo) сонгож байгаа тул захиалга ихтэй байгаа гэж захирал Т. Зориг ярилаа. Урлагийн болон улс төрийн зарим одуудын стилийг ч тэд тодорхойлж эхлээд байгаа гэнэ.

Тэрээр мөн “Ажил хэрэгч хослол өмсдөг эр хүн бүр яг өөрт таарсан, гар аргаар урласан костюм өмсөж үзэх хэрэгтэй. Ийм үйлчилгээ гэхээр л үнэтэй гэсэн үг биш. Менежер, мэргэжилтэн залуус маань ийм костюм хийлгэж өмсөөд үзээрэй. Ямар ялгаатайг нь мэдрэх болно” гэж ярив. Үнэхээр л хувцас бурхан, бие чөтгөр гэдэгчлэн сайхан хувцас гэдэг хүнийг өөртөө итгэлтэй, эрхэмсэг болгодог билээ. 
    
Хотын төв дэх шинэ дэлгүүр, шинэхэн хамтрагчидтайгаар улам өргөжин тэлж байгаа ийм нэгэн шинэ брэндтэй танилцахад таатай байлаа. Тансаг зэрэглэлийн брэндүүд байдаг ч өөрийн хүссэнээр, өөрийн биеийн онцлогт тааруулан, дахин давтагдашгүй хувцас өмсөх нь түүнээс ч илүү тансаг хэрэглээ, мэдрэмж биз ээ.    

Зураг