Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шотландын санал асуулгатай холбоотой бүх мэдээлэл

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Шотландчууд 300 гаруй жил нэг тугийн дор оршиж ирсэн Нэгдсэн Вант Улсаас тусгаарлах эсэхээ шийдэж байна.

Үүнтэй холбоотой мэдэх ёстой зүйлсийг жагсаавал:

  • Англи, Шотланд хоёр хэзээ нэгдсэн бэ?
    • Нэгдлийн Гэрээ хэмээх бичиг баримтад 1707 оны нэгдүгээр сарын 16-нд талууд гарын үсэг зурснаар тэр оныхоо тавдугаар сарын нэгнээс нэгдсэн.
    • Шотландын парламент тарж, Лондоны Уестминстерт нэгдсэн парламент байгуулжээ.
  • Яагаад нэгдсэн бэ?
    • Шотланд, Английн түүх ээдрээтэй байсаар ирсэн. Гэхдээ товчхон хэлэхэд Шотланд нь эдийн засгийн асуудлаас болж нэгдэхэд хүрсэн гэдэг.
    • Шотландчууд Панам дахь колонио ашиглан худалдааны бүс байгуулах гэж оролдоод бүтэлгүйтсэний дараа эдийн засаг нь нэн доройтсон. Ингээд Англитай нэгдэх хэрэгтэй болжээ.
  • Өрсөлдөгч талууд нь хэн хэн бэ?
    • Тусгаарлахыг дэмжигч бүлгийг “Yes Scotland” гэдэг ба тэргүүн нь Алекс Салмонд, Шотландын Үндэсний Намын тэргүүн.
    • Харин нэгдлийг дэмжигч бүлгийг “Better Together” гэдэг ба 2007-2010 онуудад Британий Канцлер байсан Элистайр Дарлинг удирддаг гэнэ.
  • Санал асуулгын хуудсан дээрх асуулт?
    • Ганцхан “Шотланд тусгаар улс болох нь зөв үү?” гэсэн асуулттай ба сонгогч “Yes/No” хариултаас сонгоно.
  • Хэзээ Шотландчууд санал асуулга явуулах эрхтэй болсон бэ?
    • 2012 оны Х сард ерөнхий сайд Дэвид Камерон Шотландын парламент санал асуулга явуулах эрхтэйг баталсан “Эдинбургийн Гэрээ”-нд гарын үсэг зурсан. Ингэх болсон шалтгаан нь 2011 оны парламентын сонгуулиар Шотландын Үндэсний Нам олонх болсон явдал юм.
  • Хэн санал өгөх эрхтэй вэ?
    • Шотландад амьдарч байгаа 16-аас дээш насны хүн бүр оролцох эрхтэй.
    • Шотландад төрөөгүй боловч Европын Холбоо болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудад төрсөн Шотландад амьдардаг иргэд бас оролцох боломжтой.
    • Гадаадад цэргийн алба хааж байгаа Шотландын иргэд бас оролцох гэнэ.
    • Харин гадаадад амьдардаг Шотланд хүмүүс санал өгч оролцох боломжгүй юм.
  • Нэгдмэл байх гол давуу тал
    • Таван сая хүнтэй Шотланд нь Их Британий хүчирхэг эдийн засгийн нөмөрт байснаар илүү хангамж, давуу тал эдэлнэ гэж үздэг.
    • Гэхдээ дотоод асуудлаа бие даан шийдэх эрхтэй байх юм.
  • Тусгаар байхын гол давуу тал
    • Тусгаар тогтносноор Хойд тэнгис дэх газрын тосны нөөцөө дангаар эзэмшин илүү баян тансаг нийгэм байгуулна гэж үздэг.
    • Одоо Англичууд ихэнх баялгийг нь эзэмшдэгт дургүйцдэг ажээ.
  • Урьдчилсан судалгааны дүн ямар байгаа вэ?
    • Сүүлийн судалгаагаар талуудын хувь тун ойролцоо байгаа ба нэгдмэл байхыг дэмжигчид бага зэрэг давамгайлсан үзүүлэлттэй байна.
  • Нэгдмэл хэвээр үлдвэл юу болох вэ?
    • 300 гаруй жил үргэлжилсэн Нэгдсэн Вант улс хэвээр оршиж Шотландчуудад дахин ийм сонголт хийх боломж урт хугацаанд алга болно.
  • Тусгаарлавал юу болох вэ?
    • Шотландчууд гадаад болон дотоод асуудлаа бүрэн бие дааж шийддэг болох ба Парламент нь Уестминстерээс салж өөрийн нутагт шилжинэ.
  • Санал асуулгын хуваарь
    • Санал асуулга өглөөний 7 цагт эхэлж оройн 10 цагт дуусна.
    • Үр дүнг Баасан гарагийн өглөө зарлана. (Шотландын цагаар)