Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

А.Түмэн-Өлзий: Ямар ч гоёл зохисон үедээ л гангараа болдог

М.Уянга, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 4
Өдрийн шуудан
Зураг зураг
Уртын дуучин А.Түмэн-Өлзий

Нийтийн дуучид дундаас ганган дэгжнээрээ А.Түмэн-Өлзий яах аргагүй ялгардаг гэдэг. Тэрбээр эмэгтэй хүн хаана ч гоё байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг нэгэн. Бие даасан тоглолтоо хийх гээд завгүй яваа дуучин бүсгүйг “Дэгжин”-гийн зочноор урилаа.

-Таныг хүмүүс ганган хээнцэр, сайхан бүсгүй гэх юм. Таны бодлоор өөрийг тань юу чимдэг бол?

-Эмэгтэй хүн бүрийг би цэцэгтэй зүйрлэдэг. Өөр хоорондоо өнгө, үнэрээрээ л ялгардаг болохоос бүгд ганган цэцэгс. Намайг тэр олон цэцгээс ялгаруулдаг чимэг нь инээмсэглэл болов уу гэж боддог. Яагаад гэвэл би ямар ч үед чин сэтгэлээсээ инээмсэглэхийг хүсдэг. Тиймээс ч сайхан харагддаг байх. Харин ганган гэдэг өөр ойлголт байх.

-Ганган гэдэг нь гадаад үзэмжийг дүгнэх үг. Та гадаад байдалдаа чамгүй анхаардгийг тань үнэлсэн тодорхойлолт биш үү?

-Эмэгтэй, тэр тусмаа залуу бас урлагийн хүн хаана ч, ямар ч үед гоё байх ёстой. Энэ нь бичигдээгүй л болохоос хууль гэж болно. Тиймээс би үүнийг зарчмаа болгон мөрддөг. Нэг удаа тайзан дээр гарахад бид хэчнээн хүний өмнө зогсч өөрийгөө илэрхийлдэг билээ. Тиймээс гоё, сайхан байх нь бидний үүрэг.

-Гоо сайхандаа хэр их цаг зарцуулдаг вэ?

-Би өөртөө зохисон гоо сайхны бүтээгдэхүүндээ мөнгө хайрладаггүй. Ихэвчлэн Япон брэнд сонгодог. Арьсанд минь илүү зохидог юм. Түүнээс биш гадуур гоо сайхны газраар үйлчлүүлж, хэчнээн цагаар хэвтэж иллэг энэ тэр хийлгээд байдаггүй. Гэрийн нөхдөлд арьс, үсээ өөрөө л арчилчихдаг.

-Та гутал, цүнхээ хослуулах тал дээр нилээн мэдрэмжтэй санагддаг?

Гуталд их анхаардаг. Яагаад ч юм чанартай гутлаа цэмцгэр өмсчихөөр өөртөө илүү итгэлтэй алхдаг. Гутал сайт гурвын өмнө гэдэг байх аа. Чанартай гутал сонгохдоо заавал цүнх хослуулж авдаг. Чанар, хийц, загвар, өнгийг нь чухалчилдаг нь үнэн шүү.

-Өнгөний сонголт чухал байх?

-Залуу болохоороо ч тэр үү тод өнгөнд дуртай. Хурц, тод л бол ямар ч өнгө хамаагүй. Миний гутал, цүнх бүгд тиймэрхүү.

- Гутал , цүнхний хослол хэр олонтой вэ?

-Яг нэг брэндийн өнгө хийцээрээ ижил арав гаруй хослол бий.

-Та нийтийн дуучдаас имижээрээ ялгардаг. Энэ нь зөвхөн таны гутал, цүнхтэй холбоотой биш байх. Ер нь хэр арвин гоёл чимэглэлтэй вэ?

-Би бусдаас ялгарах гэж гоёдоггүй. Зүгээр л хүний хамгийн том гоёл залуу нас. Залуу насаараа гоёж буй энэ үеэ илүү тод үлдээхийг хүсдэг. Тиймдээ ч гял цал юманд дурладаг. Гоёл чимэглэл, элдэв зүүсгэл ч арвинтай. Сонголт хийхдээ брэнд гэж хэт туйлширдаггүй. Сүүлийн үед брэнд хэрэглэж байгаа хүн өөрөө брэнд болчих гэж байгаа юм шиг ойлголттой болсон нь ажиглагддаг. Ямар ч гоёл зохисон үедээ л ганган байж чаддаг. Миний хувьд өөрт таалагдаж, зохиж л байвал үнэтэйг ч, хямдыг ч авдаг. Гэхдээ “Swarowski”-r илүүд үздэг. Яагаад гэвэл тайзны гэрэлд шигтгээ нь гоё гялалздаг. Тав зургаан ээлжийн “Swarowski” хослолтой.

Зураг