Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Тэмүүжин: Би хэн нэгний зохиолын дүрд тоглохгүй

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn

Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр "25 дугаар суваг" телевизийн "Ам нээвэл..." нэвтрүүлэгт оролцож сүүлийн үеийн асуудлуудаар байр сууриа илэрхийллээ. Түүний ярилцлагын ОНЦЛОХ хэсгүүдээс эшэллээ.

100 чухал сэдэв

 

  • Энэ нэвтрүүлэг улс төрийн бодлогын өрсөлдөөн гэхээсээ илүү хуулийн асуудал болох магадлалтай байна.
  • Үндсэн хуулиар иргэнийг хэн нэгэн харъяалалаас нь хасах, хөөх, гадаад улс руу шилжүүлэхийг хориглосон байдаг.
  • Гадаад бодлогоор улс төр хийж болохгүй. Ерөнхийлөгч ч гэсэн үгэндээ хэлсэн байгаа.
  • Хүн эцэг эхээ сонгохгүйтэй адил Монгол улс хоёр хөршөө сонгохгүй.
  • А.Гансүх сайд томилолттой байгаад хуулийн төсөлд гарын үсэг зурж амжаагүй. Өчигдрийн хуралдаан дээр нөхөж зурна гэж амласан.
  • Х.Баттулга сайдтай нэг зүйл дээр санаа нийлдэг. Монгол улс тодорхой хэмжээний үйлдвэрлэгч болох ёстой.
  • Гэхдээ үйлдвэрлэл хөгжүүлэхэд мөнгөтэй байх хэрэгтэй. Тиймээс эхний ээлжинд худалдааг дэмжсэн төмөр замыг тавьж нүүрсээ борлуулаад эхний хуримтлал үүсгэх ёстой.
  • Ингэж хуримтлал үүсгээд үйлдвэрлэл рүү оруулах уу эсвэл зээл авах уу?

 

Хуулийн шинэчлэл

 

  • Хуулийн шинэчлэл бол Тэмүүжингийн санаа биш. 1992 оны үндсэн хуулинд нийцүүлэн өөрчлөх ажил 2002 оноос эхэлсэн.
  • Бид зохиол бичээгүй. Энэ бол судалгааны үр дүнгүүд.
  • Ц.Нямдорж гэдэг хүн нэг юм хийгээд Х.Тэмүүжин гэдэг хүн өөр юм хийж байгаа юм биш шүү.
  • Ц.Нямдорж 2002 оноос эхэлсэн эхний шатны өөрчлөлтүүдийг хийчээд дараагийн шатанд шилжихдээ жаахан удааширсан тал бий.
  • Одоогийн эрүүгийн хуулиар, зорилготойгоор бус, иргэдээ шоронжуулах систем руу яваад эхэлсэн.
  • Бид хоригдлуудын тоо ойролцоогоор 40 хувь буурна гэж харж байгаа.
  • Тухайлбал танхайрах гэдэг зүйл анги хасагдаж байгаа. Энэ нь олон хэргийг ялгаж салгалгүй танхайрах гэдэг том уут руу хийдэг болгосон.
  • Хуучин хөнгөн гэмт хэргүүдийг шорон руу явуулдаг байсныг болиулж зөрчилд тооцдог болж байгаа.

 

Огцруулах асуудлаар

 

  • Цагдаагийнхан О.Баасанхүүд бүх мэдээллийг цуглуулж байгаад аваачиж өгсөн нь мэдээж. Би О.Баасанхүүг буруутгахгүй.
  • Надтай хамтарч ажиллахгүй гэдгээ ганцхан цагдаагийнхан илэрхийлсэн.
  • Хувьчлалтай холбоотой дөрвөн процесс манайд явагдсан.
  • Нэгд. Өмч хувьчлал. Шилжилтийн үед анхны хуримтлал хэзээ ч хууль ёсны дагуу бүрэлддэггүй.
  •  Хоёрт. Үүний дараа өмчөө хамгаалахын тулд төрийн албан хаагчдыг хувьчилж авдаг.
  • Гуравт. Төрийн албан хаагчид сонгуулиар солигдох болсон тул улс төрчид, намуудыг худалдаж авдаг.
  • Дөрөвт. Энэ нь хангалтгүй болоод ирэхээрээ хуулийн байгууллагуудад орон зайгаа бий болгодог.
  • О.Баасанхүү гэдэг хүн өөрөө мэдээд юм хийгээд байгаа биш. Харин ийм бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн нэг хэсэг болж яваа.
  • Миний хувьд Х.Баттулга гишүүнтэй зөрчилдөх зүйл олж харахгүй байгаа. Харин тэр хүн яаж харж байгааг хэлж мэдэхгүй байна.
  • Надад хэн нэгэнтэй жижиг хэрүүл хийж өөрийнхөө зорилгыг нураах хүсэл алга.
  • Монгол Улсын ардчилалын баталгаа бол хуулийн засаглал. Хэн нэгний ааш аягаар бусад хүн амьдрахыг хуулийн засаглал гэдэггүй.

 

Г.Сарангэрэлийн тухай

 

  • Би тэр охиныг буруутгахгүй байна. Харин ч өмөөрөх ёстой гэж бодож байгаа.
  • Тэр охины хувь заяа хүний гарт байна. Уг нь хуулийн гарт байх ёстой байсан.
  • Гэмт хэрэг илрүүлэх нэрийн дор өөрсдөө гэмт хэрэг хийж байна.
  • Хар тамхитай холбоотой эсэхийг нь би мэдэхгүй. Шүүхээр эцэслэн тогтоогдох ёстой.
  • Энэ хэргийн талаар зохиолыг нь бичсэн хүнээс асуувал илүү сонирхолтой хариулт өгч магадгүй.
  • Уучлаарай. Би хэн нэгний бичсэн зохиолын дүрд тоглохгүй.
  • Би тэр эмэгтэйг танина. Өнгөрсөн хавар хүний төрсөн өдөр дээр танилцсан.
  • Хулгайн хэрэгт сэрдэгдэж байхад нь өмгөөлөгч олж өгсөн.
  • Олон хүн надаас тусламж гуйхад би өмгөөлөгчтэй холбож өгдөг. Гэхдээ араас нь процесст оролцдоггүй.
  • Мөнгө огт өгч байгаагүй. Үүнийг шалгадаг газраар нь шалгуулж болно.
  • Би цагдаагийнхан зохиолыг нь бэлдээд, нэг улс төрч санхүүжүүлээд хийж байгаа тоглоомын гол дүрд тоглохгүй.
  • Шоронгоос гарсныхаа дараа ирж баярласнаа илэрхийлсэн. Соёл Урлагийн Их сургуульд оруулж өгөх хүсэлт тавьсан. Би хүсэлтийг нь хүлээж аваагүй.
  • Энэ бол зохион байгуулалттай хэрэг байж магадгүй. Гэхдээ би хувь заяа нь хүний гарт байгаа хүнийг үүнд буруутгахгүй.
  • Ийм ажиллагаа зохион байгуулсан хүмүүстэй би тооцоо бодно. Манайд өнөөдөр зохион байгуулалттай нэвтрүүлэг хийж тархи угаадаг нэг л хүн байгаа. Өөр хэн байх юм бэ?
  • Нэг хурандаа материалыг нь бэлдэж өгөөд байгаа. Түүнийг нь нэг хүн ашиглаад байна. Бүгд амьдрал дээр ил тод байна шүү дээ.
  • Аливаа өөрчлөлт эсэргүүцэлтэй тулгарна. Гэхдээ энэ нь арай л эрт, олон талтай гарч ирж байгаа нь сонин байна.
  • Энэ дашрамд гэр бүлдээ баярлалаа гэж хэлмээр байна. Миний гэр бүл намайг үнэхээр сайн ойлгож байгаа.
  • Би эрэгтэй хүн, залуу хүн. Амьдралд элдэв зүйл тохиолдоно. Гэхдээ би эхнэртээ үнэнийг л хэлнэ.
  • Амьдрал алдаагаар төгсдөггүй. Харин алдаагаар эхэлдэг юм.
  • Х.Тэмүүжинтэй холбоотой асуудлыг шийдэхийн тулд хэн нэг хүний амьдралыг золиослоод хэрэггүй. Оронд нь над руу шууд дайр л даа.
  • Бүгдийг худалдаж аваад, хэн нэгнийг айлгаад өөрийн эрх ашгийн төлөө явуулна гэж бодож байгаа бол үгүй гэж хэлъе.
  • Айдсаас илүү хүчтэй итгэл үнэмшил гэж байдаг. Худалдаж авч болдоггүй зарчим гэж байдаг юм.
  • Бодлогыг минь алдаатай гэж батлавал би албан тушаалаасаа явж болно. Харин ийм шалтгаанаар биш.
  • Гэмт хэргийг илрүүлэхийн тулд гэмт хэрэг хийж болохгүй.