Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад байгалийн хий нийлүүлэх 30 жилийн түүхэн гэрээг ирэх долоо хоногт үзэглэнэ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ОХУ-аас Хятадад урт хугацааны турш байгалийн хий нийлүүлэх 10 жилийн турш яригдсан гэрээний бэлтгэл 98 хувийн явцтай байгаа тухай ОХУ-ын Эрчим Хүчний дэд сайд Анатолий Яновский мэдэгдлээ.

Одоо зөвхөн хоёр талаас үзэглэх үлдсэн гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дараагийн долоо хоногт Бээжинд хийх айлчлалын үеэр гэрээ батлагдах байх гэсэн хүлээлт хоёр улсад байгаа юм.

10 жилийн туршид хийгдсэн хэлэлцээрийн үр дүнд 2013 оны гурван сард Оросын Газпром, Хятадын CNPC компаниуд санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Гэрээ ёсоор 2018 оноос эхлэн 30 жилийн туршид, жил бүр 38 тэрбум шоо метр байгалийн хий Оросоос Хятадад нийлүүлэгдэх юм.

Яновскийн хэлснээр хоолойгоор дамжуулан газрын тос, байгалийн хий нийлүүлэх төслүүд нь хоёр улсын хувьд шинэ хамтын ажиллагааны хэлбэр тул нягт няхуур судлах шаардлагатай байсан гэнэ.

“Алс Дорнод болон Сибирээс түүхий эдийг Зүүн зүгт борлуулах асуудал өмнө нь огт яригдаж байгаагүй. Тэгвэл одоо бид нүүрстөрөгчийг олборлон тээвэрлэх асуудлыг хүртэл багтаан хэлэлцэж байна” гэж Яновский хэлжээ.

2013 оны эхээр Оросын эрчим хүчний аварга Газпромын тэргүүн Алексей Миллер жилд нийлүүлэгдэх 38 тэрбум шоо метр хийн хэмжээ гэрээний хугацаанд 60 тэрбум шоо метр болж өсөх боломжтойг дурдаж байсан юм.

Оросоос нийлүүлэгдэх байгалийн хийн үнэ нийтэд ил болоогүй байгаа.

Гэсэн ч Оросын Ведомост сониний дөрөвдүгээр сарын 10-ны дугаарт үнэ 1000 шоо метр тутамд 360-400 ам доллар байхаар тохиролцож байгаа тухай нийтлэгдсэн юм.

Хятад бол Европын Холбоог эс тооцвол Оросын хамгийн том худалдааны түнш. Хоёр тал худалдааны хэмжээг 2015 он гэхэд 100 тэрбум доллар, 2020 он гэхэд 200 тэрбум доллар хүргэх талаар санал нэгтэй байгаа. CNPC Эдийн засаг, Технологийн Судалгааны институтын тайланд дурдсанаар Хятад улс нүүрсний хэрэглээг бууруулж, байгалийн хийн хэрэглээг энэ жилдээ 11 хувьд хүргэх зорилготой байгаа энэ үед эрчим хүчний энэ гэрээ гарцаагүй хамгийн их анхаарал татаж байгааг дурджээ.

Эх сурвалж: Russia Today