Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Япон Хятадын довтолгоог зогсоож дийлэх үү?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хятад, Япон улсуудын хооронд газар нутгийн маргаан үргэлжилсээр байна. Дорнод Хятадын тэнгис дэх Сенкаку арлыг Хятадууд булаан эзлэх вий гэсэн болгоомжлол Токиод байгаа нь тодорхой. Тэгвэл Хятад улс энэ жил батлан хамгаалах зардлаа 12.3% өсгөсөн нь байдлыг улам түгшүүртэй болгож байгаа юм.

Ерөнхийдөө зөвхөн энэ хоёр улсын хооронд биш, Номхон далайн бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдлыг Японы ерөнхий сайд Шинзо Абе Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх Европтой зүйрлэсэн тал бий.

Тэгвэл Японы цэрэг зэвсгийн хүч Хятадынхтай харьцуулахад хэр вэ? Хэрвээ дайн эхэлвэл тэдэнд газар нутгаа хамгаалж үлдэх чадвар бий юу?

Энэ талаар зарим тоо баримтуудыг нэгтгэн хүргэж байна.

  • Хятадын батлан хамгаалах зардал 188 тэрбум доллар. Харин Японых 49 тэрбум.
  • АНУ-ын батлан хамгаалах зардал 640 тэрбум доллар буюу дэлхийд тэргүүлдэг. АНУ бол Японы холбоотон бөгөөд сая ерөнхийлөгч Обама айлчлахдаа хэрвээ зөрчилдөөн гарвал Японыг дэмжихээ илэрхийлсэн. Мөн Японд АНУ-ын хэд хэдэн цэргийн бааз байдаг.
  • Хятадын армийн цэргийн бие бүрэлдэхүүн 2.3 сая бол Японых 58,000.
  • Global Firepower Index, цэрэг зэвсгийн чадавхийн үзүүлэлтээр Хятад нь АНУ, Оросын дараа гуравт жагсдаг. Харин Япон 10 дугаар байрыг эзэлдэг.
  • Хэдийгээр Хятад тооны хувьд давамгайлж байгаа ч чанарын хувьд асуудалтай гэж шинжээчид үздэг. Тухайлбал
    • 7,580 танкны 450 нь л сүүлийн үеийн загварынх
    • 1,321 онгоцных нь 502 сүүлийн үеийнх бол үлдсэн нь засварт орсон 1970-аад оны Зөвлөлтийн онгоцнууд
    • Тэнгисийн хөлөг онгоцнуудын тал нь л сүүлийн 20 жилд үйлдвэрлэгдсэн
    • Хятадын анхны нисэх онгоц тээвэрлэгч Ляонинг нь 1980-аад оны засварлан сэргээсэн Зөвлөлтийн техник. Энэ нь холын зайн онгоцнуудыг хөөргөхөд багтаамж муутай.
  • Үүнтэй харьцуулахад Японы зэвсэг техник хамгийн орчин үеийнх бөгөөд АНУ-аас нийлүүлэгдсэн байна.
  • Хүчирхэг F-35 сөнөөгч онгоцыг Япон АНУ-аас 2017 онд авахаар тохирсон. Энэ онгоц дээр дурдсан Ляонинг тээвэрлэгчид 290 км-ын зайнаас пуужингийн цохилт өгөх чадвартай, жинхэнэ эрлэг нь юм байна.
  • Хятадын нисэх хүчний гол цөм болох J-15 онгоцийг мэдэрч амжаагүй байхад F-35 нь түрүүлж илрүүлээд цохилт өгөх чадвартай.
  • Японы арлууд пуужингээс хамгаалах орчин үеийн Standard Missile-3, Patriot Advanced Capability-3 техникүүдээр өвч хамгаалагдсан байдаг. Эдгээр пуужингүүд нь дэлхийн агаар мандал дотор болон гадна байгаа баллистик пуужинг устгах чадвартай.
  • Хэдийгээр Үндсэн хуулийнх нь 9 дүгээр заалтад бусдын эсрэг дайн өдүүлэхийг хориглосон байдаг ч Японы тэнгисийн болон агаарын хүчний чадавхи Азийн бүс нутагт АНУ-ын дараа ордог.

Японд чанарын ийм давуу талууд байгаа ч Хятадын нөөц боломж, армиа шинэчлэх чадварыг нь дутуу үнэлж болохгүй юм.

Япон улс нь эх газрын гурван хөрш улсуудтай бүгдэнтэй нь газар нутгийн маргаантай байгаа. Тэд ОХУ-тай Курилын арлуудын, БНСУ-тай Док До арлын, БНХАУ-тай Сенкаку арлын маргаантай байдаг улс юм.

Тоо баримтыг Business Insider-аас авч ашиглав.