Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Обама нар утсаар ярилцлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нар утсаар холбогдож Украйны хямралын эргэн тойрон дахь асуудлаар санал солилцсон байна.

Цагаан ордон болон Кремлийн эх сурвалжуудаас авсан мэдээллээр хоёр талын дэвшүүлсэн санаанууд нэлээд зөрүүтэй байгаа нь ажиглагдаж байгаа юм.

Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын талыг Украйны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж Украйны хил дээр бөөгнөрөөд байгаа Оросын цэргийн хүчийг татахыг хүссэн байна.

Мөн тэр одоогийн хурцадмал байдлыг намжааж Украйны үндсэн хуулийн шинэчлэл, ирэх ардчилсан сонгуулийн ажиллагааг дэмжиж ажиллахыг ОХУ-д уриалжээ.

АНУ нь Украйны шинэ засгийн газрыг дэмжих дэмжлэгээ үргэлжлүүлнэ. Харин ОХУ-ын Украйны газар нутагт хийсэн түрэмгийллийг эрс эсэргүүцэж байгаа гэдгээ давтан хэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ыг Украйн дахь экстремистүүд, үндсэрхэг үзэлтнүүдийн энгийн номхон иргэд, Киевын засаг захиргаа, хуулийн байгуулагууд рүү чиглэсэн хууль бус үйлдлүүдэд анхаарлаа хандуулахыг хүссэн байна.

Тэдэнтэй тэмцэж, байдлыг намжаах арга хэмжээ авахад хамтарч ажиллахыг АНУ-д уриалав.

Мөн Путин Трансднестрын бүс нутаг дахь хаалттай нөхцөл нь тэндхийн хүн амын амьдрах нөхцөл, эдийн засагт муугаар нөлөөлж байгааг дурдлаа. Тиймээс ОХУ нь Трансднестрын хямралтай байдлыг зохицуулахын тулд яриа хэлэлцээрийн үр дүнтэй арга хэлбэрүүдийг ашиглах сонирхолтой байгааг илэрхийлжээ.

Хоёр талын санал нэгдсэн ганцхан цэг нь ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын уулзалтыг ойрын үед зохион байгуулах байлаа. Энэ уулзалтаар хоёр улсын байр суурийн зөрчилтэй асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Нэмэлт тайлбар:

Трансднестрын Бүгд Найрамдах улс нь Украйны баруун хил, Молдовын зүүн хил дагуу орших Днестр мөрний сав дагуух бүс нутаг юм. Хүн амын 30 хувь Орос гаралтай ба бусад үндэстнүүдээс хамгийн олон тоотой нь.

Трансднестр

1990 онд ЗХУ задрахад зэвсэгт тэмцэл өрнүүлж Молдовын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогнолоо зарласан ч НҮБ-ын гишүүн орнууд хүлээн зөвшөөрөөгүй. Одоогоор Молдов улсын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр оршдог юм. Ажиглагчид Крымийн дараа энэ бүс нутагт ОХУ анхаарлаа хандуулна гэж үзэж байгаа.