Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Орос Америкийг юугаар “боож” чадах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Оросууд Америкт дарамт учруулах ямар ч чадал байхгүй юм гэж үү?

“Үгүй” гэж судлаачид хариулж байна.

АНУ иргэний болон батлан хамгаалах зорилготой хиймэл дагуулуудыг сансарт хүргэхэд ашигладаг пуужингийн хөдөлгүүрээ Оросоос авдаг юм байна.

Үүнд нь автомашин, гар утас бүр цаашлаад банкны ATM машинд өргөн хэрэглэдэг GPS системүүд багтдаг.

Цаг уурын хиймэл дагуулууд болон батлан хамгаалахын зориулалттай пуужингаас урьдчилан сэргийлэх системүүдээ хүртэл Америкчууд Оросын хөдөлгүүргүйгээр сансарт гаргах боломжгүй аж.

Бүр цаашилбал НАСА 2011 онд сансрын хөтөлбөрөө зогсоосноос хойш сансрын нисгэгчдээ Оросын Союз хөлгөөр л станцдаа хүргэж буцаадаг болсон юм.

Крымийн асуудлаас үүдэлтэй АНУ-ОХУ хороонд харилцан хориг тавих дайн эхэлсэн. Ихэнх хүмүүс Америкчуудын гарт бүх хөзөр байгаа гэдэгт итгэлтэй байна.

Гэвч үгүй ажээ.

Оросуудын авч чадах эхний арга хэмжээ нь Оросын Энергомаш компаниас РД-180 хөдөлгүүрийг АНУ-д нийлүүлэхийг зогсоох.

Энэ хөдөлгүүр нь Америкийн Atlas V пуужинд ашиглагддаг. Atlas V-ээр Америкчууд иргэний болон батлан хамгаалахын бүх хиймэл дагуулуудаа тойрог замд хүргэдэг юм.

Мэргэжилтнүүдийн баталж байгаагаар Оросын пуужингийн хөдөлгүүрүүд дэлхийд хамгийн шилдэг нь бөгөөд Америкчуудын сансарт хүрэхэд нь хамгийн оновчтой, хамгийн зардал багатай шийдэл нь болдог ажээ.

Нэг хөдөлгүүрийг Америкчууд ойролцоогоор 11-15 сая доллараар ОХУ-аас авдаг гэнэ.

АНУ жилд дунджаар 8-9 хиймэл дагуулыг Atlas V-ээр тойрог замд хүргэдэг.

Тиймээс Оросууд Америкийн үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх боломжтой.

Ойрын хоёр жилд Америкчууд Atlas V-ээр дөрвөн тагнуулын, нэг газрын зургийн, хоёр цаг уурын, дөрвөн GPS-ын, гурван цэргийн холбооны, хоёр агаарын хүчний, нэг НАСА-гийн судалгааны хиймэл дагуулууд хөөргөхөөр бэлдээд байгаа юм байна.

Пентагон ч энэ эрсдлийг тооцож одооноос Оросын хөдөлгүүрийг орлох бүтээлд санаа тавьж эхэлжээ.

Гэхдээ ингэж дотооддоо үйлдвэрлэхэд нэлээд хугацаа, зардал мөнгө орохоор байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нэг хөдөлгүүр бүтээхэд дор хаяж 4-5 жил орно.

Өөр нэг санаа нь Space X компаний ерөнхийлөгч Элон Мускын сансрын төсөл. Гэхдээ мэргэжилтнүүд түүний хөлгийг ихэнх цэргийн зориулалттай хиймэл дагуулуудыг тээвэрлэхэд хүчин чадал хүрэхгүй, жижиг гэж үзэж байгаа. Мөн одоогийн бүх хиймэл дагуул Atlas V хөлгөөр тээвэрлэгдэн тойрог замд орох механизмаар тоноглогдсон байдаг. Мускын санаа биеллээ ч бүх хиймэл дагуулуудыг түүнд зориулан өөрчлөхөд дахиад хэдэн жил орох юм байна. 

Мөн Америкчууд уг хөдөлгүүрийг Оростой хамтарсан үйлдвэр АНУ-д байгуулах замаар бүтээх санааг ч хөндөж үзсэн байна. Гэвч тэд хөдөлгүүрийн инженерийн зурагтай танилцсаныхаа дараа үнэхээр Оросууд энэ салбарт хол тасарсныг хүлээн зөвшөөрч бууж өгчээ.

Тиймээс ойрын хэдэн жил АНУ сансрын салбарт Оросуудад найдахаас өөр зам байхгүй.

Оросуудад байгалийн хий, нефтээс өөр ийм том хөзөр байдаг ажээ.