Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Тимошенко В.Путинтэй дайн зарлалаа

Л.Төгс, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 24
Өдрийн шуудан
Зураг зураг
Ю.Тимошенко В.Путинтэи дайн зарлалаа

Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенко мэдэгдэл хийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг “Украйны заналт дайсан” гэж зарлалаа.

Тэрбээр Крымийг ойрын үед буцааж авна гэдгээ ч амласан байна. Юлия Тимошенко шоронгоос суллагдсаныхаа дараа анх удаа “Үндэсний нэгдүгээр суваг” телевизийн “Шустер LIVE” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “ОХУ өөрөө Украйныг барууны улстай улам ойртуулж байна” хэмээн онцолжээ.

Бид Крымийг буцааж авна. Үүнд нэг их цаг хугацаа орохгүй.

“Ах дүүгийн барилдлагатай ард түмний удирдагч хэмээн өөрийгөө өргөмжилж явсан В.Путин дайн өдүүлсэнтэй украйнчууд хэзээ ч эвлэрэхгүй. Тэр Украйныг сүүлийн хэдэн долоо хоногийн дотор бүрмөсөн алдлаа. Бид Крымийг буцааж авна. Үүнд нэг их цаг хугацаа орохгүй” гэж Ю.Тимошенко хэлсэн байна.

Түүний хэлснээр Украйны газар нутгийг зэвсгийн хүчээр булаан авсан В.Путин номер нэг дайсан нь болсон гэнэ. “Хүссэн ч, хүсээгүй ч В.Путин сарын дараа ардчилсан орнуудын хамт хэлэлцээрийн ширээний ард суухыг гуйх болно. Гэхдээ бид Крымийг буцааж авсныхаа дараа л түүнтэй “нухацтай” ярилцана” гэж хэлжээ.

“Барууны орнууд бүгд Оросын цэргийг Украйны нутгаас гарахыг шаардаж, тулгаж байгаа. Улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авснаар Украйн хил хязгаарынхаа хамгаалалтыг бэхжүүлэх боломж гарч ирнэ.

Бид В.Путинээс гарч болох ад зэтгэрийн элдэв хорон санааг таслан зогсооход бэлэн байх ёстой” гэж Ю.Тимошенко анхааруулсан байна. Оросоос хий авахаас татгалзаж байгаа Европын Холбооны улсаас Украин хэрэгцээт хийгээ авах боломж байгааг тэрбээр хэллээ.

Мөн ойрын үед Дээд Радагийн сонгууль зарлаж шинэ хүмүүсийг гаргаж ирэхийг ч уриалжээ. Үүнтэй зэрэгцэн Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын тусгай ажиглагчид Украйнд ирэх нь тодорхой боллоо. 500 хүртэлх хүнтэй баг Киев, Одесс, Львов, Донецк зэрэг 10 хотод ажиллах юм байна.

Дашрамд дурдахад ОХУ-ын эсрэг Европын Холбооны авсан хориг арга хэмжээ бодит байдалтай нийцэхгүй байгаа тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэж эсэргүүцлээ илэрхийлжээ.

Зураг