Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Моника Беллучи: Хүчирхэг эмэгтэйчүүдэд олон нийт дургүй

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Моника Беллуччи

Моника Беллуччи-энэ нэрийг сонссон хүн бүрт гоо үзэсгэлэнт охин тэнгэр төсөөлөгддөг гээд хэлчихэд буруудахгүй. Сайхан төрх, эмэгтэй хүний намба, дур булаам байдал, англи хэлийг итали аялгатайгаар ярьдаг зэрэг нь олон жилийн өмнө л дэлхий нийтийг “солиоруулж” байсан, одоо ч түүнтэй эн зэрэгцэхүйц, төгс төгөлдөр эмэгтэйг олно гэдэг хэцүү. 

Түүний сүүлд өгсөн товч ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Dolce & Gabbana компанийг бусдаас илүүтэй мэднэ. Түүнчлэн энэ брэндийн нүүр царай болдог. Бусад дизайнеруудаас Дольче, Габбанагийн ялгарах онцлог нь юу вэ? 

-Би тэдэнтэй олон жил нөхөрлөж, хамтран ажиллаж байна. 1989 онд тэд анх намайг Италийн залуухан загвар өмсөгч байхад нь олж харсан. Олон жил өнгөрлөө, гэхдээ л тэд намайг сурталчилгаандаа урьсан хэвээр байж, брэндийн нүүр царай болгож байна, үнэхээр сэтгэл хөдлөмөөр. Гоо үзэсгэлэн заавал залуу байх албагүй гэдэг нь “Dolce & Gabbana”-ийн гол онцлог. 

Одоогийн нөхцөлд эмэгтэйчүүд илүү их хүч гаргах шаардлагатай болсон. 

- Тоглоход хамгийн хүнд байсан дүр таны хувьд аль нь вэ? “Irreversible” кино юу?

-Үгүй дээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр киноны зураг авалт жинхэнэ там байсан. Тэглээ ч энэ кино баасан гаригийн орой хүлээж байгаад үзчих тийм кино биш. Хэцүү гэвэл кино урлагт хөл тавих тэр үед их хүнд байсан. Хорин жилийн өмнө би загварын бизнест ажиллаж байхдаа кинонд тоглож үзэхээр шийдсэн. Нэгээс нөгөөд шилжихэд маш их тэвчээр, ухаан, хүч шаардсан л даа. Загвар өмсөгч болон жүжигчид нүүр царайгаараа дамжуулан гоо үзэсгэлэнг илэрхийлэх ёстой. Гэхдээ жүжигчний хувьд гэвэл ганцхан гадаад төрх хангалтгүй, чадварлаг жүжиглэх ёстой. 

-Эрчүүд, эмэгтэйчүүдийн алинд нь илүү хүнд байдаг бол? 

-Ямар хэцүү асуулт вэ? Яг нарийн хэлж мэдэхгүй юм. Зоосны нэг талыг л би мэднэ шүү дээ. Одоогийн нөхцөлд эмэгтэйчүүд илүү их хүч гаргах шаардлагатай болсон. Гэхдээ эмэгтэйчүүдийг хүчирхэг байдлаар харахыг олон нийт хүсэхгүй байна, бид байгалаасаа л сул дорой хүмүүс гэдэг утгаар нь тэр. Гэлээ ч гэсэн би эмэгтэй байгаадаа баярлаж явдаг. 

-Та эрчүүдийн ямар занг хүндэлж, ямар араншинд нь дургүйлхдэг вэ? 

-Хэлэхэд хэцүү юм. Тухайн үеэсээ л болно доо. Заримдаа галзууруулах дөхсөн хөгийн зантай хүнтэй ч таарна. Зарим үед хэт сайхан сэтгэлтэй хүнээс илүүтэйгээр “чөтгөр” шиг байх нь таалагдах үе ч бий.