Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Крым ба Оросын хамаарал

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 2
iKon.MN

Крым яагаад ОХУ-ын хувьд чухал болох талаар шалтгаануудыг дурдаж байна.

  • Татарууд гэж хэн бэ?

Крымийн хойгт Алтан Ордны Монголчууд 13 дугаар зуунд ирж өөртөө анх нэгтгэсэн. Алтан Орд унахад 1441 онд Чингэс хааны удам гэгдэх Хажи Гирай Крымийн хаант улсыг байгуулсан байна. Энэ улс нь сүүлдээ Оттоманы эзэнт гүрний дотор багтаж, томоохон автономит эрхтэйгээр оршиж байсан. 18 дугаар зууны сүүлээр Оросын Эзэнт гүрэн Оттоманаас Крымийг булааж авчээ. 1944 онд Сталин Крымийн татаруудыг Нацистуудын талд байсан гэж үзээд Сибир болон Төв Ази руу шилжүүлсэн. Энэ үеэр хүн амын бараг тал нь үрэгдсэн гэж үздэг. Сүүлд тэд цагаадаж нутагтаа эргэн иржээ. Одоо тэд Крымийн 2 сая хүн амын 12 хувийг эзэлдэг. Украйны харъяанд үлдэх сонирхолтой, ОХУ-д нэгдэхийг эсэргүүцдэг байна.

  • Крым яагаад Украйных болсон бэ?

1954 онд Зөвлөлтийн удирдагч Никита Хрушев уг хойгийг Оросоос салгаж Украйнд нэгтгэсэн. Ингээд 1991 онд ЗХУ задрахад тусгаар тогтносон Украйны нэг хэсэг болж үлджээ. Хрушев өөрөө Украйн үндэстэн байсан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж үздэг. Уг нь Крымийн хүн амын 60 хувь нь Оросууд. Украйнчууд 25 хувь эзэлдэг.

  • Хар Тэнгисийн флот хэнийх вэ?

Крымийн өмнөд эрэгт орших Севастополь хот нь ОХУ-ын Хар тэнгисийн флотын төв бөгөөд олон мянган усан цэргийн албан хаагчид байрладаг. Украйн, ОХУ хоёр улсын харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ портыг ОХУ ашигладаг юм. Харин 2009 онд Украйны Ерөнхийлөгч байсан Оросын эсрэг үзэлтэй Виктор Юшенко ОХУ­-ыг 2017 он гэхэд уг портыг орхихыг шаардаж байсан. Дараа нь Оросын талыг баримтлагч Янукович 2010 онд ерөнхийлөгч болсноор энэ хугацааг 2042 он болгож сунгасан юм. Харин одоогийн шинэ засгийн газар энэ асуудлыг дахин сөхөх нь тодорхой.