Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж чагнасан асуудал байх юм бол тэмцэнэ"

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж, чагнасан гэдэг асуудал өчигдөр олон нийтийн сүлжээгээр явж эхэлсэн. Энэ талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Сэтгүүлчийн эрх ашиг яригдаж байгаа учраас МСНЭ-ээс албан ёсны тайлбар хийхийг хүсч байна. Олон нийтийн сүлжээ болон зарим нэг мэдээллийн хэрэгслээр сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл өчигдрөөс явж байна. Бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байлаа. Үүнтэй холбоотой прокурорын байгууллага, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. 

ТВ9 телевизийн сэтгүүлч н.Хүслэнбаатар болон түүний найз нөхөд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, гэр бүлийнхэн гээд 30 гаруй хүнийг тагнаж чагнасан гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар ТВ9 телевизийн ТУЗ-ийн дарга Т.Баасансүрэн гуайтай холбогдоход “Манайд Хүслэнбаатар нэртэй сэтгүүлч байхгүй” гэсэн. Мөн нэр дурдагдсан ТВ9 телевизийн сэтгүүлчидтэй холбогдоход энэ талаар мэдээлэл бидэнд алга гэсэн юм. 

МСНЭ-ээс нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Хэрвээ сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэг дарамт шахалт үзүүлсэн, тагнаж чагнасан асуудал байх юм бол үүний эсрэг хатуу тэмцэнэ. Сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана. Мөн энэ асуудлыг маш сайн тодруулж, судлахгүйгээр дэлгэрэнгүй ярих боломжгүй.

Маргааш ТВ9 телевизийн хамт олонтой МСНЭ-ийн тодорхой төлөөлөл албан ёсны уулзалт хийнэ.

Мөн МСНЭ-ээс Хууль зүйн яам, прокурорын байгууллага, Цагдаагийн ерөнхий газарт албан ёсны лавлагаа хүссэн албан бичиг явуулсан. Ул суурьтай судалсны үндсэн дээр эргэж та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэлээ. 

Зөрчлийн хуулиар нийт 49 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад 98 сая төгрөгийн хохирол ноогдуулсан байгаа аж. МСНЭ орон тооны хуульч, өмгөөлөгчтэй болсон тул сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг МСНЭ-д бичгээр биш юмаа гэхэд ирж, биеэр санал гомдлоо гаргавал тэд үүргийнхээ дагуу эрх ашгийг хамгаалж ажиллахаа мэдэгдсэн юм.