Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярдаваа: 2018 онд Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу бууж ирнэ

Г.Номин, iKon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкнаас 2017 он болон дөрөвдүгээр сард эдийн засаг, санхүүгийн салбарт болсон онцлох үйл явдлуудын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

 ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрлээ

Хэвлэлийн бага хурлын эхэнд Монголбанкны хэвлэлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Ариунаа "Энэ сард Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох лавлагаанд зарим иргэний мэдээллийг тусгахгүй байх нөхцөлийг тодорхойлсон.

Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй болон үүрэн эсвэл суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгахгүй болгож хэвийн ангилалд шилжүүлсэн. Програмаар шүүхэд нийт 41,085 иргэний мэдээлэл дээрх нөхцлийг хангасан.

Монголбанк 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэж, хөндлөнгийн аудитын PWC Mongolia компаниар баталгаажууллаа. Тайлант хугацаанд Монголбанк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2012-2016 онд хуримтлагдсан 3 их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгож бууруулаад байна. Үйл ажиллагааны үр дүн ашигтай гарахад Монголбанк алт худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлж, нийт 20 тонн алт худалдан авсан мөн алтны үнэ оны эхнээс 10 орчим хувиар өссөн нь үнэт металлын арилжааны орлого нэмэгдэх, нөөц өсөхөд нөлөөлсөн. 

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээг хийхдээ хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэн баталсан. Үүний үр дүнд 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилт Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүллээ. Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрлээ.

Монголбанк дэргэдээ Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг шинээр үүсгэн байгуулж байна. Монгол Улсын хөгжлийн, эдийн засгийн болон санхүүгийн бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц суурь судалгааны ажлуудыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэх, төрийн албан хаагчид болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан дунд болон ахисан түвшний сургалт явуулах үндсэн зорилготой байх юм" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн Монголбанкны Статистикийн хэлтсийн захирал Б.Батсүрэн Гадаад секторын 2017 оны гүйцэтгэлийн статистик, 2018 оны эхний гурван сарын мөнгө санхүүгийн статистик мэдээллийг танилцуулсан юм. 

Статистик мэдээллийн тойм

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

"Монголбанк арилжааны банкуудын чанаргүй зээлийг худалдаж авна гэсэн шийдвэр гаргаагүй"
 
Гэрэл зургийг mpa.mn

- Монголбанк арилжааны банкуудын чанаргүй зээлийг худалдаж авах гэж байгаа гэх мэдээлэл байна. Энэ талаар хариулж өгөөч?

 Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан: 

-Монголбанк арилжааны банкуудын чанаргүй зээлийг худалдаж авна гэсэн шийдвэр гаргаагүй. 

- 2020, 2021 онд төлөгдөх их хэмжээний өрийн эргэн төлөлтийг хэрхэн хийх вэ, урьдчилсан төлөвлөгөө боловсруулж байгаа юу?

 Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: 

- 2016 оны наймдугаар сард нийт гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 90 орчим хувьтай тэнцэж байсан. Одоо бидэнд байгаа мэдээллээр 2017 онд гадаад өр ДНБ-ний 78 хувьтай тэнцэж өмнөх оноос үлэмж хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа. Үүнд төсвийн алдагдлын хэмжээ буурсан болон татварын орлого бүрдүүлэлт сайн байгаа, төсвийн зарлага хяналттай байгаа зэрэг нь нөлөөлсөн. Бидний тооцоолж буйгаар 2018 онд ЗГ-ын өрийн хэмжээ ДНБ-ний 70 орчим хувь руу бууж ирнэ. 

2020, 2021 онд төлөгдөх их хэмжээний өр төгрөгөөр биш ам.доллараар төлөгдөх учраас ЗГ санхүүгийн чадавхаа ам.доллараар бий болгосон байх ёстой. Энэ нь гадаад валютын албан ёсны нөөцөөр илэрхийлэгдэнэ. Одоо байгаа гадаад валютын албан нөөц 3 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Гэхдээ энэ 3 тэрбум ам.доллар өрөө төлөхөд хангалттай биш гэж Монголбанкны зүгээс үзэж байна. Тиймээс өрийн эргэн төлөлтөд бэлдэхийн тулд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байгаа.

- Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар төв банкнаас ямар бодлого баримталж байгаа вэ?

- Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл дээр зээлийн хүү бууруулах стратегийг боловсруулна гэж тусчихсан байгаа.  Төв банкны зүгээс зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийн эхний хувилбарыг боловсруулаад танилцуулчихсан. Одоо дараагийн шатанд энэ баримт бичиг санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр хэлэлцэгдэнэ. Ингээд бодлогын баримт бичиг УИХ руу хүргэгдэнэ. Үүнд зөвхөн Монголбанк бус ЗГ, СЗХ, Арилжааны банкуудын түвшинд хийгдэх үйл ажиллагаанууд түвшин түвшингээрээ тусгагдсан байгаа. 

- Ипотекийн зээлийн санхүүжилт хэрхэн үргэлжлэх вэ, зээл авахаар хүлээж байгаа иргэд хэр их байгаа вэ?

- Энэ жилийн хувьд Монголбанкнаас ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зориулж 220 орчим тэрбум төгрөг тусгагдсан. Мөн ЗГ-аас 110 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгэхээр нийтдээ 330 тэрбум төгрөг эхнээсээ зарцуулагдаад явж байна.