Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл нуурт дөрвөн иргэн осолджээ

ikon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс 140 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км/ Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан  зургаан зорчигчтой автомашин нуурын усанд осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2018 оны 04 дүгээр сарын 25-ны 17:50 цагт иржээ.

Дуудлагын дагуу очиход тус автомашинд зорчиж явсан Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, дөрвөн иргэн нь осолдсон байдалтай байсан.

Мэдээллийн дагуу  ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх салбар, Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, Цагдаагийн газрын 3, орон нутгийн иргэд нийт  34 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөө өглөөний 07:50 минутад осолдсон иргэдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Алба хаагчид осолдсон иргэдийн цогцсыг нуурын эргээсээ 1,300 метрийн  зайд, нуурын 15 метрийн гүнээс гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Анхааруулга

Нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, цаг агаар дулаарч, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад баталгаагүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.