Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Кувейт улс Филиппиний элчин сайдыг долоо хоногийн дотор нутаг буцахыг шаардлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Кувейтын эрх баригчид тус улсад суух Филиппиний элчин сайдыг долоо хоногийн дотор нутаг буцахыг шаардсан байна.

Мөн Манилад суух өөрийн элчин сайдыг Кувейт руу эгүүлэн татахаар болжээ. Персийн булангийн энэ оронд ажилладаг филиппин ажилчидтай холбоотой маргаанаас үүдэн ийм алхам хийсэн байна.

Филиппиний элчин сайд Ренато Вилла саяхан Кувейтэд ажилладаг иргэдээ ажил олгогчийн гэрээс оргоход нь туслах тухай хэвлэлд ярьсан юм. Тэр хэлэхдээ ажил олгогч нь зүй бусаар харьцаж байгаа бол Кувейтын хуулийнханд хандах хэрэгтэй, хэрвээ 24 цагийн дотор хариу өгөхгүй бол элчин сайдын яамнаас туслах арга хэмжээ авна гэжээ. Түүний мэдэгдэл Кувейтын эрх баригчдыг ихээхэн бухимдуулсан. 

Сүүлд Вилла хийсэн мэдэгдэлдээ уучлал гуйсан ч Кувейтын тал нутаг буцаах шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн долоо хоногт Кувейтын цагдаа гэрийн ажилчдыг оргуулахад тусалж байсан хоёр филиппин хүнийг баривчилсан юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард филиппин гэрийн үйлчлэгч эмэгтэйн амийг ажил олгогч нь хөнөөж, цогцсыг нь хөргөгчинд хадгалж байсан хэрэг илэрснээр Кувейт-Филиппин улсуудын хооронд маргаан эхэлж байв.

Үүний дараа Филиппин улс Кувейт руу ажилчид гаргахаа зогсоосон юм.

Одоогоор Кувейтэд 260,000 гаруй филиппин хүн гэрийн үйлчлэгчээр ажилладаг гэсэн тоо бий.

 

Эх сурвалж: Associated Press