Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоныг байгуулагдахад хөрөнгө оруулахаас татгалзсан хүмүүс тэрбумтан болох боломжоо алджээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

1994 онд Жэф Безос номын онлайн худалдааны Амазон компаниа байгуулахаар гэр бүлийнхэн, найз нөхөд, хөрөнгө оруулагчидтай нийт 60 уулзалт хийж, хүн тус бүрийг нэгж хувьцаандаа $50,000-ын хөрөнгө оруулахыг урьжээ.

Гэвч тэдний 38 нь татгалзаж байсан гэнэ. Хэрвээ тэд дээр дурдсан хөрөнгийг оруулсан бол 24 жилийн дараа буюу өнөөдөр 14 сая хувиар өсгөж, тус бүр $7тэрбумын хөрөнгөтэй болох байжээ.

Өнгөрсөн онд Жэф Безос энэ тухай ярихдаа “Бид тэдний заримтай нь одоо болтол холбоотой байдаг. Хөрөнгө оруулсан нэг нь аз жаргалтай амьдарч байгаа. Харин боломжийг ашиглаагүй хэсэг нь энэ тухай ярихаас ч татгалздаг. Учир нь энэ бол тэдний хувьд маш эмзэг сэдэв юм” гэсэн байна. 

Хөрөнгө оруулсан 22 хүний дотор Безосын эцэг эх, дүү Марк, эгч Кристина нар нь байдаг ажээ.

Тэдний ихэнх нь үнэндээ Безосын тавьсан саналаас доогуур хэмжээтэй буюу 1 хувь хүрэхгүй хувьд хөрөнгө оруулж байсан гэнэ.

Хөрөнгө оруулагчдын дотроос хамгийн их ашиг хүртсэн нь Безосын эцэг эх хоёр юм. Тухайн үед компанийн 6 хувийг $300,000-аар худалдан авч байсан нь өнөөдөр тэднийг тэрбумтан болгожээ.

Тэд өнөөдөр Bezos Family Foundation сангаараа дамжуулан олон саяыг боловсролын салбарт хандивладаг.

Жэф Безос өөрөө одоо Амазоны 16 хувийг эзэмшдэг ба өнөөдрийн үнэлгээгээр $130 тэрбум хүрээд байгаа. Тэр энэ хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн тэргүүн баян болж, 100 тэрбумын босгыг давсан анхны хөрөнгөтөн болсон юм.

Энэ оны эхнээс Безосын хөрөнгө бараг 30 хувь өсөөд байгааг Блүүмберг мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian